Төрийн өмнө тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй цагдаагийн албан хаагчидтай холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн үед их гарч байна. Тодруулбал, хар тамхи мансууруулах бодистой тэмцэж, чимээгүй ирэх энэ “Цагаан тахал”-аас хэрхэн сэрэмжлүүлэх, яавал хүүхэд залуучуудыг энэ төрлийн хэрэгт холбогдуулахгүй байхад анхаарах, яаж хар тамхины хэрэглээ, борлуулалтыг багасгах гээд энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад гар бие шамдан оролцох, хууль тогтоомжийг сурталчлах үүрэгтэй төрийн цагдаа өөрөө хар тамхины хэрэгт холбогдов. Замын цагдаагийн газарт ажилд ороод удаагүй байсан Б нь  хар тамхи хэрэглэж байхдаа Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчдад баригдсан юм. Тиймээс уг албан хаагчийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Ийм ноцтой хэрэг гарчихаад байхад цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл энэ асуудалд ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Хөгжил сайтай улс оронд бол тухайн албан хаагчийг удирдаж байгаа төв байгууллагаас хэдийнээ ёсзүй гаргаж, уучлал гуйвал гуйж, тайлбар хийвэл хийчихсэн байгаа байх. Гэтэл өнөөдөр уг асуудлаар ЦЕГ-аас ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Таг чиг.

Энэ хэргийн дуулиан намжаагүй байтал цагдаагийн албан хаагчид марш тактикийн тэмцээнд оролцож байгаад нас барсан гэх мэдээлэл цацагдав. Тодруулбал, марш тактикийн тэмцээнд оролцож байсан ЦЕГ-ын эмэгтэй албан хаагч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээгээ даалгүй амиа алдсан гэх. Талийгаач 29 настай О өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын болон жижүүрийн цагдаа хийж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сараас мэдээлэл шуурхай удирлагын төвд ажиллаж байжээ.

Гэтэл албаны зарим эх сурвалжууд энэхүү мэдээллийг ташаа гэсэн бол сэтгүүлчийн авсан мэдээллээр тэмцээний ачааллаа даагаагүй нас барсан гэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй түүнийг удирдаж явсан хурандаа ч ачааллаа даахгүй ухаан алдаж унаснаар өнөөдөр өглөө нас барсан гэж зарим сайтаар мэдээлжээ. Харин баттай эх сурвалжууд хурандааг нас бараагүй, тэмцээнтэй холбоогүй. Даралт нь унаж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн. Одоо амьд байгаа гэсэн юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн болон даргаас нь тодруулах гэсэн боловч бас л ямар нэг тайлбар хийсэнгүй. Угтаа бол ЦЕГ-ын хэвлэлийн мэдээллийн төв ямар нэгэн мэдээлэл гарсан даруйд албан ёсны тайлбар өгдөг байсан бол одоо таг чиг. А ч гэж дуугарсангүй. Албан ёсны мэдээлэл өгч байж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр талын тэнцвэртэй мэдээлэл цацагдах учиртай. Гэтэл цагдаагийн хэвлэлийн албанаас ямар ч тайлбар, мэдээлэл өгөхгүй байгаа нь нийгэмд нэг талыг барьсан мэдээлэл гаргах боломж, бололцоог үүсгэж байна. Мэдээж цагдаагийн байгууллагыг тайлбар, мэдээлэл өгөхийг хэдэн хоногоор хүлээж, мэдээ мэдээллээ хугацаа алдаж гаргахгүй шүү дээ.

Хамгийн сүүлд гэхэд “Долоон хүний эрдэнэт амь аварсан алба хаагчаа яагаад тоодоггүй юм бэ” гэх мэдээлэл цацагдсан юм. Уг мэдээлэлд “2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Олон нийт аюулгүй байдал хангах гуравдугаар газрын ахмад Б.Гансүх тэргүүтэй цагдаагийн дөрвөн алба хаагч Цонжин болдогийн орчим, Туул голд машинтайгаа живж байсан зургаан хүний алтан амь аварчээ. Амь тавихдаа тулсан зургаагийн зургаан хүний амь аварна гэдэг хэн хүний хийх ажил биш. Ийнхүү Монгол Улсын иргэн зургаан хүний амь аварсан ахмад Б.Гансүх тэргүүтэй зургаан алба хаагчаа Цагдаагийн ерөнхий газар болон бусад холбогдох газар огт тоосонгүй” гэжээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад бас л тайлбар өгсөнгүй. Харин Хууль зүй яамны эх сурвалжаас тодруулахад “Уг алба хаагчийг шагнуулах тодорхойлолтоо хүргүүлчихсэн байгаа” гэсэн юм.

Мэдээлэл өгч болох зүйлдээ ч тэд мэдээллээ гаргахаа больж. Угтаа бол хэвлэлийн албад гэдэг бол ямар нэгэн асуудал гарсан даруйд шуурхай ажиллах ёстой. Ялангуяа, гэмт хэрэг гарсан даруйд, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэлд цагдаагийн байгууллага, цагдаагийн хэвлэлийн алба шуурхай ажиллаж байж, нийгэмд буруу ташаа, худал, нэг талыг барьсан мэдээлэл цацагдахгүй байх боломжтой. Гэтэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв дэндүү дээ дэндүү ХААЛТТАЙ, УДААН, БОЛХИ ажиллаж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар томилогдсон Н.Ганбадрах даргаа, “Ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрлөө. Ажилтайгаа танилцсан дууссан байх. Одоо ажилдаа ороо, Шуурхай бай. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг мэдээллээр хангах үүргээ гүйцэтгээч ээ” гэж захимаар байна.