Зээл бүтээж өгвөл тодорхой хувийг банкны ажилтан авдаг бичигдээгүй хууль үйлчлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.  Мөн зээл бүтээж өгнө гэж бусдаас мөнгө авдаг жишиг тогтоод байгаа. Тэгвэл энэ нь хууль бус хэрэг бөгөөд авилгал өгсөн, авсан гэмт хэрэг юм. Тиймээс энэ буруу жишгийг халах зорилгоор энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан  Т.Дорждэрэмийн хэргээр жишээ татан хүргэж байна.

Авилгал авсан Т.Дорждэрэм гэж хэн бэ?

Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэм, 1963 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан. Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан.

Авилгал өгсөн Ц.Алтансүх гэж хэн бэ?

Ойдов овогт Цэен-Ойдовын Алтансүх, 1965 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй. Гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан.  Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан.

Авилгалын хэргийн тухай

Т.Дорждэрэм нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т 800.000.000 төгрөгийн зээл олгож өгнө гэж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж тус газрын захирал Ц.Алтансүхээс 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд бусдаар дамжуулж 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн их хэмжээний хээл хахууль авсан байгаа юм.

Тиймээс  авилгал авсанд нь, өгсөнд нь эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор Нийслэлийн прокурорын газраас: Т.Дорждэрэмийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Алтансүхийн үйлдлийг 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд авилгал авсан, өгсөн этгээдүүдийг гэм буруутай гэж үзэж ял оноосон. Тодруулбал  авилгал авсан Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан  Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, авилгал өгсөн Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байдаг.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэрхэн ял авалгүй үлдэв?

Хэдийгээр анхан шатны шүүхээс авилгал авсан, өгсөн гэм буруутайд тооцсон ч гэсэн шүүх хуралдаанд оролцогч талуудын  хэн нь ч гэсэн давж заалдах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.  Ялтан /тухайн үед/ Т.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Төмөрбаатарын Дорждэрэм миний бие нь хөнгөмсөгөөр найдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өмнөх гаргасан давж заалдах гомдлынхоо гэм буруутай холбоотой хэсгээс татгалзаж байна. Би шүүхийн тогтоолын дагуу хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба одоогийн биеийн байдал, эрүүл мэнд маш муу байгааг минь харгалзан үзэж шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн дагуу хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Ингээд давж заалдах шатны шүүх хуралдаан болсон. Хуралдаанаас өмнө Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэм авилгад авсан 25 000 000 төгрөгийг буцаан өгсөн байдаг.   Тиймээс давж заалдах шатны шүүхээс

Т.Дорждэрэмийн бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэх гэмт хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268,2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний “их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан” гэх шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тусгагдаагүй тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ,” гэж заасныг үндэслэн түүнд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс … гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж эрүүгийн хариуцлагыг хэд хэдэн сонгох санкцтайгаар тогтоосон байх тул ялтан Т. Дорждэрэмийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний эрүүл мэндийн байдал, хөдөлмөрт хандах хандлага, бусад хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т,Дорждэрэмийг арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу түүний цагдан хоригдсон 112 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт харьцуулж /112*15000=1.680.000/ төгрөгөөр тооцож, түүний 12.000.000 төгрөгийн торгох ялаас 1.680.000 төгрөгийг хасаж /12.000.000-1.680.000=10.320.000/ торгох ялын үлдсэн хэмжээг 10.320.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Ингээд 25 сая төгрөгийн авилгал авсан Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэм энэ мөнгөө эргүүлж өгөөд, ял хөнгөрүүлэх хүсэлт гаргаад 10 320 000 төгрөг өгөөд “уснаас хуурай” гарчихаж байгаа юм.

Харин Ц.Алтансүхийг бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинэ чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, хэргийн зүйлчлэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд ялтны эрх зүйн байдлыг хүндрүүлж тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж зааснаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ц.Алтансүхэд холбогдох заалтуудыг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Ингэхээр авилгал авсан нь уснаас хуурай гараад, өгсөн нь торгуулаад өнгөрч байгаа юм. Энэ бүхнээс уншигч та бүхэн дүгнэлт хийнэ биз ээ.