2016 оны 07-р сарын 29-ны өдөр   Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Т.Пүрэвхатан, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авилгын хэрэгт холбогдон саатуулагдсан билээ. Тэдэнтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Н.Батсүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Амаржаргал Баянгол дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга С.Бямбадорж нарыг мөн саатуулсан байдаг.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Улмаар Б.Цэен Т.Мөнхчулуун Д.Наранчимэг, И.Наранцэцэг М.Энхтүвшин Н.Батжаргал Б.Оюунчимэг Б.Өнөржаргал С.Оюунсүрэн, Э.Наранбат Л.Ариунжаргал Б.Наранбат Б.Мөнхболд Р.Мөнхзаяа, Г.Багахүү, Я.Даваадорж Б.Эрдэнэбат Н.Нарантуул Ч.Эрдэнэбилэг Б.Оюун-Эрдэнэ Д.Сүхбаатар, Д.Сүхбаатар Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн Г.Бат-Амгалан Я.Хишигдорж Д.Жавзандулам Ц.Болдбаатар А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар Н.Алдарсайхан Ц.Алтанцол Д.Мөнхбаяр, Э.Батсүмбэр нарыг гэм буруутай гэж үзэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллагаас тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн

263.2 -Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

 268.1- Хээл хахууль авах

268.2- Хээл хахууль авах

269.1- Хээл хахууль өгөх

269.2- Хээл хахууль авах

254.1- Худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тэгвэл энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг прокурор эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаад байна. Уг хянан хэлэлцэх  шүүх хурал өнөөдөр 09:00 цагт болох юм.

Цагаан захтнуудын үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар хүн нэг бүрчлэн дэлгэрүүлэн хүргэе.

  1. Сүх-Очирын Бямбадорж- Баянгол дүүргийн Өмч, газрын албаны дарга асан

С.Бямбадорж нь Эрүүгийн цагдаагийн газар ажиллаж байгаад арга хэмжээ авч халагдсан нэгэн. Баянгол дүүргийн Өмч, газрын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2016  онд тус дүүргийн 10-р хороололд баригдах 6 давхар автомашины газрыг чөлөөлж С.Баасанхүүгээс 25 000 000 үнэтэй автомашины зогсоолыг хээл  хахуульд авсан.

Мөн С.Бямбадорж, Н.Батсүх нар нь бүлэглэн “Цоба” ХХК-ийн захирал Ц.Баасандоржид Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн Их Цуурайтын аманд 90 айлын газар авч өгнө гэж түүнээс тус компанийн барьсан “Хадат Вилла” хотхоноос 178 000 000 төгрөгийн үнэтэй хаусыг залилан мэхэлж авсан.

  1. Нямаагийн Батсүх Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга асан

Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Т.Пүрэвхатан, С.Чулуунцэцэг нараар зуучлуулж БНХАУ-ын иргэн Ли Шин Линээс  2016.07.09-ны өдөр 50 000 000 төгрөгийн хээл хахууль авч БЗД-ийн 20-р хороо  Улиастайн Их Цуурайтын аманд 60 айлын газрын гэрчилгээ гаргаж өгч, кадастрын зургийг ажлын бус цагаар компьютерт шивж оруулсан. Тэдний энэ үйлдэл АТГ-ын албан хаагчдад үйлдэл дээрээ баригдсан юм.

  1. Батчулууны Амаржаргал- Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын захиргаа удирдлагын  газрын дарга асан

Б.Амаржаргал нь Н.Батсүхтэй бүлэглэн Г.Мөнхбаатар, А.Булган нараар зуучлуулан БНХАУ-ын иргэн Ли Шин Линээс 2015 оны 10-р сард 100 000 000 төгрөгийн хээл хахууль авч Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн Их цуурайтын аманд 50 айлын  газрын гэрчилгээ гаргаж өгсөн.

Б.Амаржаргал нь Нийслэлийн Өмч, газрын харилцааны гарын захиргаа удирдлагын  газрын даргаар ажиллаж байхдаа БЗД-ийн 26-р хороо Нийслэлийн соёл, амралтын  хүрээлэнгийн автомашины зогсоолыг  өөрийн нөхрийн компанид хууль бус сонгон шалгаруулалтаар олгосон. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зурагтад  хүүхдийн цэцэрлэгийн зориулалт бүхий байрыг  нөхрийн компанид шилжүүлсэн байна.

Үүнээс гадна Эко констракшн ХХК-ийн барьсан Кинг таувер хотхонд 5 өрөө хаус, 2 давхар зуслангийн хаус, лексус 570 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл худалдан авсан. Гол нь дээрх хөрөнгийг хаанас ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан нь тодорхойгүй байгаа юм.

Та бидэнд олдоггүй 0.07 га газар ийнхүү хэдэн саяар дарга нараар дамжин хөрөнгөтэй нэгэнд очдог бололтой. Ямартай ч үнэн худлыг нь шүүхээс тогтоох болно. Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.