Монголд бүхэл бүтэн 17 жил харласан БНХАУ-ын иргэн Сэргэлэнг ЦЕГ болон ГИХГ илрүүлж өнгөрөгч хоёрдугаар сард сүр дуулиантай албадан гаргагдсаныг санаж байгаа байх.  Монгол улсад  энэ олон жил ямар хуулийн “цоорхойгоор” амар тайван ажиллаж, амьдарч байсан нь сонин.

Сэргэлэн гэх энэ эр  1998 онд хил орчмын виз буюу цагаан хуудсаар орж ирснээсээ хойш харлаад зогсохгүй Монгол Улсын иргэний паспорт гаргуулсаад амжсан сүйхээтэй эр байж. Иргэний үнэмлэх авахад нь  нөлөө бүхий нэгэн эрхэм байсан гэдэг бор шувуу  нисэлдэх боллоо. Учир  нь тэрээр УИХ-ын гишүүн асан Д. Шаравдоржийн залуухан гэргийнх гэгддэг Гандирс ХХК-д олон жил орчуулагчаар ажиллаж байсан аж. Мөн эрхэм гишүүн барилгын ажлаа ч хийлгэн “нөмөрлөж” байсан гэх юм билээ.

Түүнийг 2012 онд визийн хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр холбогдох байгууллагад шилжүүлсэн боловч насанд хүрээгүй хүүхэдтэй гэсэн шалтгаанаар Хүний эрхийн үндэсний комиссоос хүсэлт гаргасны дагуу барьцааны гэрээ байгуулж, албадан гаргах ажиллагааг хэрэгжүүлээгүй гэдэг юм билээ. Үүнд экс  гишүүний чармайлт багагүй орсон бөгөөд албадан гаргах үест нь ч сэтгэлээ чилээн ихээхэн анхаарал хандуулсан боловч хүчин мөхөстсөн аж.

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна хэмээн зарлан тунхагладаг зарим нэг эрхмүүд энэ мэтчилэн хуулиа гууль болгох нь энгийн үзэгдэл мэт болж. Үүгээр ч үл барам хуулиа биелүүлж ажлаа хийсэн нэгнээ хорхойтон араандаа зуун “занаж” суугаа сурагтай. Зөв нь буруудаж, зөөлөн нь хатууддаг хорвоо юмдаг уу даа.