Өнөөдөр Ама, Таканоивагийн хооронд болсон явдлын шуугиан намжаагүй хэвээр. Манай сүмочдын архи дарс ууж, янз бүр болсон тохиол цөөнгүй байдаг юм байна. Японы хэвлэл монголчууд архи их уудаг гэж нэлээн шуугилаа. Сэтгүүлчид нь ч ирээд явлаа.
Хакухогийн ярьсныг үзвэл, Ама шил бариад сууж байтал гараас нь тэр шил алдагдаад Таканоивагийн толгой дээр унасан юм байх. Кёкүшюзан болохоор аваргууд Таканоива Хакухог давсанд дургүйцэж явдгаас энэ нь үүдсэн гэсэн юм уу даа, хүнээс сонслоо. Таканоива: “Ёкозүна Харумафүжи аварга “залуу сумоч дүүдээ анхааруулга хийж ярьж байхад нь утсаар ярьж байсан” гэж байгаа нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад нь л утсаа жаахан оролдож байсан. Тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд зодсон. Намайг үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон. Би 2 гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байхаа. Эмчийн үзлэгээр толгой цуурсан гэсэн хариу гарсан. Оякатагаасаа айж байсан учраас нууж байсан. Дээр нь энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүй эрхэнд ояката мэдэж цагдаад өргөдөл өгсөн”. Харумафүжи согтуудаа зодсоноо зөвшөөрчээ.
Юу болсныг хуулийн байгууллага тогтоох биз. Миний бие тогтоохгүй. Нэг л зүйлээс би Таканоиваг өмөөрч байна. Үй олноороо тэр залууг санаан зоргоор гутааж гүжирдэн боорлож, барьж идэж байгаагаас өмөөрч байна.Олон нийт бол “аварга залуу сүмочийг зодсон” гэсэн ойлголттой байгаа юм байна. Тэгээд аварга зодох нь зөв, алчихгүй яасан юм, Таканоива зодуулах ёстой, тэр яасан матаач п… вэ, ямар гоншгоносон баас вэ, Монголд ирэхээр нь алнаа новшийг гэсэн коммент зонхилуулж байгаа нь миний ойг гутаав. Бүр үзэн ядаж байна. Үхэж далд ороосой гэж энэ зэрлэгүүдийг хараамаар санагдав.
Яагаад Монголын нийгэм ийм ёсзүйгүй, зэрлэг бүдүүлэг, хулгайч шорон сэтгэлгээтэй болов. Харумафүжи зодсоноо зөвшөөрсөн байна. Аваргыг давж аварга болохыг ч үгүйсгэхгүй Таканоива хүнд бэртэл авсан бололтой. Монгол хүн ахиж ёкозүна болж болохгүй болох нь уу? Энэ залуу эрүүл мэндээр хохирчихоод дээрээс нь Монголын ард түмнээр үзэн ядуулах ёстой юу? Монголчууд ийм зэргийн араатан адгуус төдий болж хувирсан уу? Тийм биш байгаасай гэж би бодож байна. Тийм болоогүй байх гэж найдаж байна. Сайн юмыг өөчлөх гэж ядчихдаг, муу юмыг өмөөрөх гэж ядчихдаг шулмын араншин сөнөтүгэй.
А.Баасандорж бол шалдан банди нарын амны зугаа болох нэгэн биш, нэртэй төртэй сүмо дайчин. Сүмо бөх бол өндөр ёс суртахуунтай самуурай байх ёстой учиртай. Тэр үүрэг хариуцлагыг дааж өргөж яваа нэгэн. Жүрёд түрүүлж, 2016 онд 12 давж тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан, башёгийн тусгай шагналуудыг авч байсан, Хакухог давж Алтан од хүртсэн. Тогтвортой сайн барилддаг. Яагаад энэ бахдам монгол залуу ардын дайсан болох ёстой юм?
Таканоива шиг залууг ивээлдээ авч, Молиго Очир шиг ирээдүйн аваргыг бэлдэх нь монгол бөхийн ёс жудаг юм. Унасан гэмгүй хүнийг бүгд сармагчин шиг орилж чарлаж балбах биш, түшиж босгон өмөөрөх нь монгол эрийн хат юм даа. Амжилтын оргил өөд тэмүүлж, Монголын ард түмнээ баясгая гэж амь биеэ хайрлалгүй тэмцэж тулалдаж явсан тэр залуу монгол гэх нэрийг зүй бусаар зүүсэн этгээдүүд хорон бузар үгс, хараал зүхлээр өөрийг нь түм бум цаазлахыг мэдрэх ямар байх вэ.
Их зодуулдаг, түүнийг хүлцээд явж байдаг хүнийг л эр хүн гэдэг юм байх. Тийм биш ээ, хэнд ч дээрэлхүүлдэггүй, хэнийг ч дээрэлхдэггүй, зөв шударга, сайн сайхны төлөө амиа өгөхөөс буцахгүй тэмцдэг хүнийг эр хүн гэдэг юм. Зодуулахыг эр хүн гэдэг гэж хийрхэж байгаа боолуудаас болж л Монгол улс ингэж доройтож байгаа байх нь. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруу гэж харийн өмнө сөгдөж, үүнийгээ эр хүн гэж омогшиж яваа арчаагүйчүүдээс болж, улс орны хийморь доройтож байгаа байх нь ээ. Энэ бол ердөө амьтны л инстинкт юм. Ингэж амьтан болох аваас харийнхан хүйс тэмтрэхэд ямар ч ёсзүйн саадгүй болно шүү. Мутантууд болохоос, ямар Улаан номонд орсон сайхан амьтас байгаа биш.
Ичгүүргүй худалч, хоёр нүүртнүүд ээ хэн нэгэнд зодуулсан бол өөрийгөө буруутгаад, хараагаад, доромжлоод, зодсон үйлдлийг зөвтгөөд, ерөөгөөд, шүтээд явж чадах уу. Яасан ч үгүй гэдгийг нь би баттай мэдэж байна. Иймэрхүү этгээдүүд бодот байдал дээр ямар янгууч, тэвчээргүй байх бол оо, гадарлаж л байна. Тэр нүгэл чивэлт комментын эзэд нь харийн явуулгатнууд, бялдуучлахын донтнууд, галзуу солиотой улс буй заа гэж бодож байна. Хэрхэхийг гаж коммент шийдэхгүй, хууль дүрэм шийднэ. Хууль гэж юу байдгийг эс мэдэх хэн ч шоронд орж, хэвийн бус, эрүүл бус нэгэн болж гарч ирэх буюу тэндээ үхлийн муугаар үхдэг нь манай бодот байдал. Өөр хувилбар байхгүй. Хууль дүрэм, ёс уламжлалаа дээдэлж явах нь л өлзийтэй дээ.
Монгол хүн бол зөв зүйтэй шударга шийдэгдээсэй билээ, эв зүйгээ олоосой билээ, Таканоива эдгэж илааршаасай билээ, сайхан барилдаж бөх сонирхогчдоо баясгаж яваасай гэж хэлэх байсан юм. Давж явахад нь алга ташиж сууснаа, унахаар нь урван дэвслэх биш. Таканоивад сэтгэлийн дэм өгцгөө, уучлал гуйцгаа, хандив цуглуулцгаа, өрөвдөж хайрлацгаа.
Хүн шиг л байцгаамаар байна, тэр тусмаа монгол хүн байцгаамаар байна шүү.