Шавь боол Цэ, Го хичээнгүйлэн сөгдөж айлтгах нь Богд эзэн хааныг анх сууринд залж тулгар төр нээсэн өдрийг жил бүр тохиолдох тухайд даншог хурал хурж, чухал буян үйлдэх явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир шавь боолчууд мэхийж санаваас манай халх Монгол эртнээс нааш Очирдара Богд гэгээнтнийг оройн чимэг болгон сүслэн залбирч, шашныг мандуулах, амьтныг жаргуулах, туйлын гүн буян ерөөлийг үе улиран хүртсээр хэдэн зуун он болтол амар цэнгэлийг эдэлжээ.
Хараахан Чин улсын засаг хэлхээ буурч, сайд түшмэд хуулийг гажуудуулан самууруулахад хүрээнд суулгасан сайд түшмэдийг үлдэн буцааж, газар орны суртаалыг залруулан гэгээн төрийн чухал үндсийг тусгайлан бадруулахыг гуйж, бүгдээр санаа нийлж өвлийн дунд сарын шинийн есөнд Очирдара Богд гэгээнийг улсын хаанд өргөмжлөн сууринд залж, тулгар төрийг нээсэн нь бум түмэн жил болтол үүрд амар түвшнээр батжиж шашин эрдэнэ улмаар өрнөн дэлгэрэхийг чин үнэнхүүгээр залбиран хүсэх санаа мөн болой. Хичээнгүйлэн хянаваас ер хэдийнээс нааш энэ мэт шашин төрийг хамтаар хослон дэлгэрүүлсэн гайхамшиг билэг ерөөлтэй өдөр маш чухаг.
Зүй нь манай Монгол улс язгуураас буян суртаалыг эрхэмлэхийн тул эрхгүй дэлгэрэнгүй буяныг нийтээр явуулваас зохимуй. Одоо үүнээс хойш жил бүр өвлийн дундад сарын шинийн есөнд нийтээр даншог хурал хурах ба бурхан шүтээнд зул, хүж, тахил тавиглал өргөж, өөр өөрийн хир чинээгээр ном буяныг үйлдэж, ерөөл хутгийг гуйн, нигүүлсэхүй сэтгэлээр аливаа амьтны амийг аварсугай үүгээр Богд эзэн гэгээн хааны түмэн өлзий батжиж, төр шашин түвшин мандаж, бүх амьтны зовлонгийн үндэс тасарч, сайнд хандаж буяны гүн мөрийг олсугай хэмээмүй. Иймийн тул хичээнгүйлэн нугалбар бичиж, айлтгаад гуйх нь Богд гэгээнээр толилж, сургах Зарлиг буулгаж, нийтээр дагаж явуулах ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү сарын хорин дөрвөнд хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг үнэхээрийн зүйтэй нийтээр зарлагтун хэмээв. 1912.01.12