Оршил
Түүхэн үеийн туршид Монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсгийн тогтолцоог нэгэн цогц болгон авч үзвээс 2000 гаруй жилийн түүхтэй юм. Монголчууд түүхэндээ улс төр, шашин суртлын хүрээнд хэдийгээр арав гаруй бичиг үсэг хэрэглэсэн боловч тэдгээр нь үүслийн хувьд хүн төрөлхтний буй болгосон өрнийн уламжлалт гурваас дөрвөн бичиг буюу Тухайлбал, Арамей гаралтай Согд бичиг, Брахми гаралтай Нагар-Түвэдийн бичиг,Финики гаралтай Кирилл, Латин бичиг болон Хятадын дүрс үсэгт тус тус холбогдоно.
Үсэг бичиг судлаач, Америк эрдэмтэн И.Е.Гельб өөрийн номонд тэмдэглэхдээ “Хэл гэдэг зүйл хүнийг бусад амьтнаас ялгаж өгдөг бол бичиг гэдэг зүйл соёл иргэншилт хүнийг зэрлэгүүдээс ялгаж өгдөг болой. … Өөрөөр хэлбэл зөвхөн соёл иргэншлийн орчинд л бичиг үсэг баймуй. Бичиг үсэггүйгээр соёл иргэншил гэдэг зүйл байж үл чадмуй ” хэмээн энгийн үгээр тун ойлгомжтой тодорхойлсон нь буй.
Бидний буй болгосон бичиг гэдэг зүйл бол тухайн хэлнийхээ бүтэц, онцлогт бүрэн тохирсон байж гэмээн ард түмнээ нэгтгэж чаддаг. Аливаа үндэстэн оршин байх гадаад бэлгэ тэмдэг нь тэдний хэл бичиг хоёр нь юм. Тэгээд ч байлдан дагуулагчдын хувьд аль нэг ард түмнийг устгах зорилгодоо бичгийн үнэт өв санг нь үгүй хийх явдлыг эн тэргүүний зорилгоо болгодог нь үүнтэй холбоотой. Энэхүү шалтгаанаар нацистууд өөрийнхөө сурталд харшилсан үзэл бодлыг нухчин дарах гэсэндээ эсрэг талынхаа ном бичгийг шатааж байв. Энэ мэтчилэн түүх олонтаа. Ийм учраас монголчууд оршин тогтнохын тулд үсэг бичгээ судлах, үсгийн цаашдын хөгжилтийг анхааран үзэх хэрэгтэй юм. Үүний үүднээс монгол бичгээ солих болсон шалтгааныг архивын баримт, судалгааны зохиол болон тухайн үеийн сонин, сэтгүүл зэрэг холбогдох баримт материалуудаас тодруулахыг хичээсэн болно.

Тэргүүн бүлэг: Монгол бичгийг солих болсон шалтгаан
§1. Латин үсэгт шилжих бодлого
“Нэг үсгээр хоёр авиалбар тэмдэглэх буюу нэг үсэг эхэн, дунд, адагт гэх мэтчилэн хэд хэд хувирдаг нь эхлэн сурахад бэрхшээлтэй, бичгийн дүрэм нь орчин цагийн монгол хэлний ярианы хэлнээс ихэд зөрөөтэй ” хэмээн хуучин бичгийг үзэж байв. Иймээс 1925 онд хуралдсан МАХН-ын IV Их Хурлаар: “Монгол үсэг бичгийг засамжлан шинэтгэж амар дөхөм болгох ” хэмээн заасан байдаг. 1929 онд Нам, төрийн удирдлагад зүүнтнүүд гарч ирснээр большевикжуулах бодлогыг монгол оронд хэрэгжүүлж эхэлжээ. 1930 онд МАХН-ын VIII, Улсын VI Их Хурал хуралдаж “Хуучны хүнд суртлын үлдэгдлийн нэгэн салбар бөгөөд шинэ соёл боловсролын хөгжилтөд дөхөмгүй болох монгол үсгийг халж, боловсон соёлыг дэлгэрүүлэхэд дөхөмтэйг нийт дээр дэлгэрэх туршилтыг олсон латин үсгийг өөрийн монгол хэлэн дээр зохилдуулан үндсэн хэлний үсэг болгон хэрэглэх явдлыг богино хугацааны дотор гүйцэлдүүлэх… ” хэмээн зааснаараа латин үсэгт шилжих эхлэлийг тавьсан байдаг. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд 1930 оны XI сард Ардын Гэгээрүүлэх Яамны дэргэд “Латин-Монгол үсгийн зөвлөл” байгуулжээ. Уг зөвлөл латин монгол үсгийн төлөвлөгөөг 26 үсэгтэйгээр боловсруулж Засгийн газраар батлуулсан байна. Латин үсэгтэй холбогдсон Засгийн газрын тогтоолд, “Бага сургуулийн нэгдүгээр ангид латин, монгол үсэг заах, хоёр гуравдугаар ангид латин, монгол, уйгур монголыг зэрэгцүүлэн заах, дунд сургууль, багшийн болон бусад техникумд 1931 оноос латин, монгол үсэг эхлэн заах, түр сургууль, бичиг үсгийн дугуйланд уйгур монгол үсгийг танилцуулах төдийгөөр хязгаарлаж, латин монгол үсэгт сургах, сонин сэтгүүлд латин үсгээр хэвлэн нийтлэх, машин, үсэг өрөгч, хянагч нарыг бэлтгэх, албан газар, дэлгүүрийн хаяг, ном зохиолын нэр, тамга, тэмдгийг 1931 он хүртэл латин монгол үсгээр шинэчлэх, засаг захиргаа, албан үйлдвэрийн ажилчид, нам олон нийтийн байгууллагын гишүүдийг 1932 оны V сарын 1-ийг хүртэл латин монгол үсэгт албан журмаар сургах, түүнээс хойш албан бичиг хэргийг латин монгол үсгээр хөтлөх ” хэмээн заажээ.

1930-1931 онд зүүнтнүүд латин монгол үсгийг хэрэглэх явдлыг хэтэрхий яарч учрыг сайтар тайлбарлан таниулах урьдчилсан бэлтгэлгүйгээр захирах тушаахыг урьтал болгон ахар богино хугацаанд ард түмнийг сургахаар довтолгосон нь латин монгол үсэгт сургах арга зүй, монгол хэлний зүй тогтлыг нарийн тусгасан зөв бичгийн дүрмийг нягтлан боловсруулаагүй атлаа монгол бичгээ сайн сурч амжаагүй хүмүүст зэрэгцүүлэн заажээ. Мөн хэвлэх үйлдвэрт латин үсгээр хэвлэх машин техник, үсэг өрөгч, хянагч нар дутагдаж, багшлах хүч, ном зохиол, сурах бичиг хүрэлцэхгүй байлаа. Энэ байдлыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөл анхааран үзэж 1932 онд “бичиг үсэгт сургах явдлыг уйгаржин монгол үсгээр гүйцэтгэх, харин латин монгол үсэгт ард олныг сайн дураар сургаж, түүнд аажмаар шилжин орохыг бэлтгэх, бичиг үсэгт сургах үндэс болгон хэрэглэх цагаан толгой ба анхны сурах бичгийг шинээр зохиох… ” гэсэн тогтоол гаргаснаар латин үсэгт шилжих бодлого түр суларсан юм.

§2. Кирилл үсгийг хэрэглэх болсон шалтгаан, нөхцөл
МАХН-ын X Их Хурал “1934-1940 онд тус улсад бичиг үсэг мэдэгчид 32000-73000 хүртэл өссөн их амжилтыг бахдан дүгнээд нийт хөдөлмөрчдийн соёл боловсролын хэмжээг улам дээшлүүлж бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрмөсөн арилгаж, манай ард түмний эрх жаргалант амьдралд гэгээн зам нээхийн чухал ”-ыг заажээ. Их Хурал “Насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах хэрэгт бүх нам, улс, аж ахуй, олон нийтийн байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах, хөдөлмөрчдийг бичигт сургах нь бичиг мэдэгчид хүн нэг бүрийн хүндтэй хэрэг байх ёстой ” хэмээн заав. Тус Их Хурал соёл боловсролыг хөгжүүлэх ба ард түмнийг бичиг үсэгт сургах явдлыг түргэтгэхийн тулд бичиг үсгийг шинэчлэн өөрчлөх шийдвэр гаргасан байна.
МАХН-ын Х Их Хурал болон 1940 оны VI сард хуралдсан БНМАУ-ын VIII Их Хурлаас “соёл боловсролыг хөгжүүлэх хэрэгт жинхэнэ хувьсгалыг хийх хэрэгтэй ” гэсэн заалтыг удирдлага болгож, “бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган бүх нийтийг анхан шатны боловсролтой болгож, соёл боловсролыг түргэн хөгжүүлэх ” хэмээн үзэж бичиг үсгийн боловсрол нь хуучин үеийн харанхуй хоцрогдсон байдлыг халж, хөдөлмөрчин олны оюун сэтгэхүйг нээгдүүлэн, улс орноо батлан хамгаалах, аж ахуй, үйлдвэр соёлыг хөгжүүлэх хамгийн чухал нөхцлийн нэг мөн учраас хөдөлмөрчин ард түмнийг бичиг үсэгт сургах явдлыг хүчтэй зохион бүх байгууллага ба бичиг мэдэгч хүн бүхнийг эл хэрэгт дайчлан оролцуулах ” хэмээн онцлон заажээ.
Монгол бичгийг халах болсон үндсэн шалтгаан нь, 1929 онд гарч ирсэн зүүнтний хэт дэвэргэн бодлого, хар шар феодал нарын бичиг үсэг хэмээх үзэл, Коминтерний бодлого, үйл ажиллагаа, шинэ цагийн бичиг үсэгт хоцрогдсон хэмээх үзэл,1937 оны хэлмэгдүүлэлт байсан хэмээн үзэж болох юм.

Дэд бүлэг: Латин ба Кирилл үсэгт шилжсэн нь, түүний үр дүн
§1. Латин үсэгт шилжихийг оролдсон нь
Хэлмэгдүүлэлтийн дараа үндэсний сэхээтнүүд бараг үгүй болж, КУТВ мэтийн сургуулийг Зөвлөлтөд төгсөж ирсэн залуучууд Нам, Засгийн удирдлагад гарч, ЗХУ буюу БХК(б)Н-ын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байлаа. 1940 оноос эхэлсэн социалист нийгмийг бүтээн байгуулах үе нь нийт хөдөлмөрчдийн соёлын хэм хэмжээ, түүний дотор бичиг үсгийн мэдлэгийг өндөржүүлэхийг хурцаар шаардах болсон байна. МАХН-ын X Их Хурал бүх ард түмнийг түргэн хугацаанд бичиг үсэгтэн болгох зорилтыг биелүүлэхийн тулд латин үсэгт аажмаар шилжин орох бэлтгэлийг эрчимжүүлэн “таван жилийн дотор латин үсгийг сургахаас гадна араб тоог хэрэглэх журмыг дэлгэрүүлэн явуулсугай ” хэмээн заажээ. Энэ шийдвэрийг үндэс болгон хуучин үсгийг халж, оронд нь хэрэглэх латин үсгийн төлөвлөгөөг дахин зохиох болсон байна. ШУХ 1930-1931 онд явагдсан бичиг үсгийг латинчлах ажлын туршлагыг үндэслэж, бүгд 26 үсэг бүхий латин монгол үсгийн цагаан толгойг шинээр зохиожээ.

1940 оны V сарын 3-нд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар ШУХ-ээс “Соёл боловсрол, дэлхийн олон улс орны бичиг үсгээс машид хоцорсон … соёлын хурц зэвсэг болж чадахгүй … шинжлэх ухааны нэр томьёог бичиж болохгүй ” гэж илтгэснээр “монголын шинэ үсгийг хэрэглэх асуудлыг боловсруулан бэлтгэх Засгийн газрын комисс байгуулахыг Ардын Сайд нарын Зөвлөлд даалгаж, шинэ үсгийн төлөвлөгөөг олон нийтийн хурал зөвлөлгөөн, хэвлэлүүдээр дамжуулан өргөн шүүмжлэн хэлэлцүүлэх, шинэ үсгийг хэрэглэх тухай төлөвлөгөөг боловсруулж, батлуулах хугацааг энэ оны IX сарын 1-нээр тогтоосугай ” хэмээжээ. 1941 оны II сарын 21-ны өдрийн МАХН-ын Төв Хороо ба СнЗ-ийн хамтарсан хурлаар Латин үсгийг боловсруулах комиссоос олон нийтийн саналыг үндэслэн боловсруулсан 29 үсэгтэй латин үсгийн төлөвлөгөөг батлаж, 1941 оны III сарын 30-ны наана ардын ярианы хэлэнд ойр, сурахад хялбар шинэ үсгийн түр дүрэм боловсруулан гаргахыг ШУХ-д даалгасан байна. ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яам хамтран “1941-1944 оны I сар хүртэл бүх хүмүүсийг үе шаттайгаар латин үсэгт сургах, хэвлэлийн ажлыг мөн үсгээр гүйцэтгэсний үндсэн дээр 1944 оны I сараас эхлэн хуучин монгол бичгийг хэрэглэхийг зогсоох ” төлөвлөгөөг гаргасан байна. Гэвч уйгуржин монгол үсгийг латин үсгээр сольж хэрэглэхэд ном зохиол, сурах бичиг латин үсгээр өргөн хэвлэх бололцоо хангалтгүй, хэвлэх машин техник дутагдалтай зэрэг урьдын бэрхшээл их гарчээ. Нөгөө талаар ЗХУ бүрэлдэхүүн дэх БНУлсууддаа орос үсгийг үндэс болгосон кирилл үсгийн шинэчлэлт хийсэн нь латинчлах бодлогыг зогсооход хүрсэн бололтой. 1941 оны III сарын 25-ны өдөр МАХН-ын Төв Хороо болон Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хуралд Ю.Цэдэнбал “Кирилл үсэг авч хэрэглэх” гэсэн илтгэл уншсанаар латин үсэгт шилжих тогтоол нэг сарын хугацаанд л хүчинтэй байсан юм.

§2. Кирилл үсэгт шилжсэн нь
1941 оны III сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас “соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн холбоог бэхжүүлэх, түүний баялаг соёлыг эзэмших замаар явах болно. Манай ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхийлэн хувьсгалын зохиол бичиг орос хэл дээр ба аж ахуйн салбаруудад хэрэглэгдэх мэргэжил бүхий үндэсний боловсон хүчнийг гол төлөв ЗХУ-д явуулан боловсруулж бүхийг харгалзан үзэж, монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал ” хэмээн үзээд орос үсэг дээр үндэслэсэн монголын шинэ үсгийн төлөвлөгөөг нийтэд зарлаж, хэлэлцүүлэн саналыг харгалзан нэг сарын дотор МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн газарт оруулан батлуулахыг МАХН-н Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай улсын комисст даалгажээ. Үсгийн дүрэм, шинэ үсэгт шилжин орох хугацаа журмын тухай арга хэмжээг боловсруулахыг улсын комисс болон ШУХ-д үүрэг болгосон байна. Улсын комиссын бүрэлдэхүүнд Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Т.Машлай, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, багш Доржсүрэн, С.Тамжид, Д.Цэвэгмид, ШУХ-ийн гишүүн Д.Сурмаажав, Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б.Гонгоржав, Цэргийн Лувсандорж нар оролцжээ. Комиссоос “кирилл үсгийг үндэс болгон монгол шинэ үсгийг 35 үсэгтэйгээр тогтоож ирүүлсэн ”-ийг 1941 оны V сарын 9-нд МАХН-н Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлөөс батлаж кирилл монгол үсгийн бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулан гаргах цагаан толгой, сурах бичгийг бэлтгэхийг ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яаманд даалгажээ. Кирилл монгол үсгийг “1941-1942 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн бүх хичээлийг шинэ үсгээр явуулах, бүх сонинг шинэ үсгийн булантай болгож кирилл монгол үсгээр өгүүлэл, материал хэвлэх улсын хэмжээгээр шинэ үсэгт шилжин орох хугацааг нэг сарын дотор боловсруулах ”-ыг ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яаманд тус тус даалгажээ. 1945 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурал болж “шинэ үсэг сурах ажил маш хангалтгүй явж ирсэн ба энэ хэр шинэ үсэгт суралцсан хүмүүс тус улсын хүн амын дөнгөж 20 хувь хүрчээ ” хэмээн үзээд “бүх хэвлэлийн ба улсын албан хэргийг 1946 оны I сарын 1-ээс шинэ үсгээр явуулсугай ” хэмээн тогтоол гаргав. Энэ нь монголчуудыг кирилл үсэгт эргэлт буцалтгүйгээр хүчээр оруулсан тогтоол байлаа.

Дүгнэлтийн оронд ёгт үр дагавар
Коминтерний бодлогод соёлыг дотор нь хоёр ангилж дарлагч, дарлагдагч соёл болгоод хуучны монгол бичгийг хар шар феодалын үлдэгдэл, дарлагч ангийн соёл гэж шалтаг гарган шинэ латин үсэг хэрэглэх шийдвэрийг гаргасан бололтой. Дарлагч соёлыг устгаж жинхэнэ дарлагдагчийн соёлыг бий болгох буюу пролетарын соёлоор большевикжуулах зорилготой байжээ. Монгол бичгийг халах шалтгаан юу байв? гэдгийг тухайн цаг үед нь авч үзэхэд коминтерний бодлогыг үг дуугүй биелүүлдэг зүүнтний үед болсон нь ЗХУ тэрний цаана БХК(б)Н-ын үүрэг даалгавар байсан нь гарцаагүй юм. Гэхдээ 1932 онд шинэ эргэлтийн бодлогоор Зүүнтний алдаа завхралыг арилгах явцад Латин үсэгт шилжих үйл ажиллагаа суларсан байна. Гэвч БХК(б)Н монгол бичгийг солих үйл ажиллагаагаа орхилгүйгээр 1940 оны Улсын VIII Их Хурлын тогтоолд оруулж, дараа жил нь кирилл үсэгт шилжүүлэх шийдвэрийг гаргуулж чаджээ. БХК(б)Н-ын даалгавраар Монгол бичгийг солих үйл ажиллагаа 10 гаруй жил үргэлжилж эцэст нь кирилл үсэгт шилжүүлжээ.
Түүхээс бид сургамж авч цаашдын зорилтыг тодорхойлдог. 1990 онд Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөснөөр үндэсний бичиг үсгээ сэргээхийг оролдсон бөгөөд 20 жил болоход хэлбэр төдий байхаас агуулга, мөн чанар дулимаг хэвээр байсаар байна. Гэтэл 1941 онд кирилл үсэгт шилжиж 4 жилийн дараа улс нийтийн бүх албан хэргийг шинэ үсгээр явуулах тогтоол гарч кирилл үсэгт шилжих замд эргэлт буцалтгүй орсон байдаг. 1962 онд буюу кирилл үсэгт шилжих тогтоол гарснаас 21 жилийн дараа бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон Азийн анхны орон болж ЮНЕСКО-гоос шагнал хүртэл авч байлаа. Тэгвэл одоо бид 20 жил өнгөрөөд байхад хүссэн үр дүндээ хүрч чадсангүй бэдэрсээр л явна.

МУҮТА, Лавлагаа, Мэдээлэл, Судалгааны төв. С.Нямдорж