Зохиолын дуучдын хэв маягыг нэгэн хэвийн уйтгартай хэмээн шүүмжлэх хүмүүс олон бий. Арга ч үгүй юм тэд анх гарч ирсэн цагаасаа хойш үндэсний хувцас өмсөж, ихэвчлэн хөдөөний монгол ахуйг дүрсэлсэн клип хийлгэдэг. Нийтийн гэсэн хэв шинжтэй нь энэхүү дүрслэл яг таг таардаг байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл сүүлийн үед нийтийн дуучид дунд киноны нээлт гэдэг шиг клипний нээлт гэх арга хэмжээ дэлгэрээд байгаа бололтой. Тодруулбал, “Ану хатан” киноны гол дүрд тоглож олноо танигдсан дуучин Д.Отгонжаргал шинэ дууныхаа клипийг бүтээж, өчигдөрхөн нээлтээ хийжээ. Түүний ийнхүү сүр дуулиантайгаар хийсэн шинэхэн дууны нэрийг “Миний ээж тэмээчин” гэх ба хөгжмийг, Хөгжмийн зохиолч УГЗ Ч.Сангидорж бичжээ. Түүнчлэн түүний энэхүү дууны клипэнд манай МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр тэргүүтэй авьяаслаг жүжигчид дүр бүтээсэн байна.