Гадаад яамнаас Орос улс, олон гадаад улсын хүн иргэнд өвс хадах, мал адгуулах бэлчээр газар түрээслэн олгох дүрэм хэмжээ тогтоон айлтгасанд зарлиг хэлэлцсэн ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлэхээр зохих олон газруудад явуулан тушаагаад мэдэгдэн ирсэн хэрэг.
Илгээх бичиг.
Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг.
Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа илгээв. Явуулах учир энэ он өвлийн тэргүүн сарын хорин нэгэнд манай яамнаас айлтгасан нь. Орос улс, Дундад иргэн улс ба жич бусад олон гадаад улсын хүн иргэнд манай Монголын харъяат олон чуулган, аймаг, хошуудын нутагт өвс хадах ба мал адгуулах бэлчээр газар түрээслэн өгөх дүрэм хэмжээ хянан тогтоосон явдлыг хичээнгүйлэн нугалбар бичээд Богд эзэн гэгээнээр айлдахыг гуйхын учир мэхийж байцааваас ойрноос Орос улсын харъяат хүн нар манай Монгол улсын харъяат аймаг, хошууд ба мөн язгуурын хошуудад эргүүлэн захируулсан олон харуулын нутагт өвс хадах ба мал адгуулах бэлчээр газар түрээслэн олгохыг гуйн мэдүүлэх нь тасралтгүй болжээ. Үүнд зүй нь тусгайлан дүрэм хэмжээ тогтоож журамлан дагаж явуулбаас зохихын тул, шавь боолчууд бүгдээр хянан зөвлөлдөөд Орос улс, Дундад иргэн улс ба жич бусад олон гадаад улсын хүн иргэнд өвс хадах ба, мал адгуулах бэлчээр газар түрээслэн олгох дүрэм хэмжээ хянан тогтоогоод тусгай хуудсанд жагсаан бичиж нугалбарт хамт хичээнгүйлэн дэвшүүлж дээр толилуулав. Нийлэлцэх үл нийлэлцэх явдлыг гуйх нь. Богд эзэн гэгээнээр айлдаж сурган, заалхийлэн дагаж явуулах ажаамуй. Жич энэ хэргийг Гадаадын яамнаас эрхлэн эх зохиож, Бүгд ерөнхийлөн захирах яам ба Дотоодын, Сангийн яам лугаа хамт нийлэн хянан хэлэлцсэн ба Дэд сайд хичээнгүй гүн Цэрэндорж албанаа зарагдсан учир нэр жагсаасангүй явдлыг хамтад гаргаж, үүний тул хичээнгүйлэн айлтгав хэмээн айлтгасанд мөнхүү өдөр хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон. Зарлиг хэлэлцсэн ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, уг хянан тогтоож айлтгасан дүрэм хэмжээг сүүлд ёсоор сийрүүлж, үүнийг Халхын дөрвөн аймгийн чуулганы дарга жанжин нар, Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзудба нар, Улиастай, Ховд, Хөлөн буйр, Алтайн Торгууд, Цахар зэрэг газрын сайдууд, Дарьгангын бүгдийн тэргүүн түшээ гүн Содномдовдон, Шилийн гол, Их зуу, Улаан цавын чуулганы дарга, Дөрвөдийн зүүн баруун гарын чуулганы дарга жанжин нар, Хөвсгөл нуурын урианхайн гүн Найданжав, Нийслэл хүрээ, Маймаа хот, Хиагтын худалдааны иргэд, Монгол иргэдийн хэргийг захиран шийтгэх түшмэл Лувсанцэрэн, Балданцэрэн нарт нэгэн адил явуулан тушаагаад хүрмэгц уг айлтгасан хэрэг буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж, өөр өөрийн харъяат ба, зохих газруудад нийтээр зарлан тушааж журамлан шийтгүүлэе. Үүнийг Бүгд ерөнхийлөн захирах зэрэг зургаан яам, шашин төрд туслах сайдуудад явуулаад байцаан үзүүлье үүний тул илгээв.

Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн дундад сарын хорин таван

Манай Монгол улсын харъяат олон чуулган, аймаг, хошууд ба мөн язгуурын хошуудад эргүүлэн захируулсан харуулын нутагт Орос улс, Дундад иргэн улс ба жич бусад олон гадаад улсын хүн иргэнд өвс хадах ба мал адгуулах бэлчээр газар түрээслэн олгох дүрэм хэмжээ хянан тогтоож тусгай хуудсанд жагсаан бичээд хичээнгүйлэн дэвшүүлж дээр толилуулах нь.
Нэгдүгээр зүйл. Орос улс Дундад иргэн улс ба жич бусад олон гадаад улсын харъяат хүн иргэн манай Монгол улсын харъяат олон чуулган, аймаг, хошууд ба мөн язгуурын хошуудад эргүүлэн захируулсан харуулын нутагт өвс хадах ба мал адгуулах бэлчээр газар түрээслэн авсугай хэмээвээс аль чуулган, аймаг, хошуу хилийн доторхи ямар нэртэй газар хичнээн хэмжээтэй газар түрээслэн авах явдлыг манай Гадаадын яам ба хязгаарын сайдуудад тодорхойлон мэдүүлэн магадлан байцаалгаад сүлд тахилга ба, малын бэлцээрт харшлалгүй болвоос хэмжээлэн зааж дөрвөн зүгт тэмдэг босгоод түрээслэх тэмдэгт бичиг шийтгэн олгосугай.
Хоёрдугаар зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээр газрыг түрээслэн авах хүн иргэнд манай Гадаадын яам ба хязгаарын сайдуудаас цөм гурван жилийн хугацааны түрээслэх тэмдэгт бичиг олгож, тэмдэгт бичиг бүрийн оросын цөлхөв цаас гурван хуудсыг хураан авах харъяат яам ба харъяат сайдуудын газраа албаны хэрэглэлд зарцуулсугай.
Гуравдугаар зүйл. Өвс хадах газрыг дээд доод хэмээн үл ялгаварлахаас гадна, мал адгуулах бэлчээр газрыг дээд доод хоёр зэрэг болгон ялган салгаж түрээс хурааваас зохихын тул хангай газрын бэлчээрийг дээд зэргийн газар, говь газрын бэлчээрийг доод зэргийн газар болгон тогтоосугай.
Дөрөвдүгээр зүйл. Өвс хадах ба мал адгуулах бэлчээр газрыг хэмжээлэхэд мөн хуучин дүрмийн ёсоор өргөн тийш нэг нум бөгөөд, урт тийш гурван зуун жаран нумын хэмжээтэй газрыг нэгэн үр хэмээх ба, нэг зуун үрийг нэг хувиар хэмээн тогтоосугай.
Тавдугаар зүйл. Өвс хадах газар нэгэн үр тутмаас жил бүр түрээс мөнгө хоёр цэн татаж хураасугай.
Зургадугаар зүйл. Мал адгуулах бэлчээрийн дээд зэргийн газар нэгэн үр тутмаас жил бүр түрээс мөнгө нэг цэн таван пүн, доод зэргийн газраас нэг үр тутмаас жил бүр түрээс мөнгө нэг цэн татаж хураасугай.
Долдугаар зүйл. Өвс хадах ба мал адгуулах бэлчээр газрын түрээс мөнгийг жил бүр хоёр хувь болгон хувааж хаврын сүүл сар ба намрын сүүл сард Сангийн яамнаас түшмэл, албаны хүн нар томилон гаргаж нутгийн харъяат хошууны түшмэл, албаны хүн нарын хамт нийлэн нижгээд удаа хураан аваад жил бүрийн хураасан буй бүхий түрээс мөнгийг арван хувь болгон бодож зургаан хувийг Сангийн яамнаа хурааж, дөрвөн хувийг хутгийн харъяат хошуунд олгож, жинхэнэ албаны зүйлд хэрэглүүлэн зарцуулсугай.
Наймдугаар зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээрийн газрыг түрээслэн авсан хүн иргэн, Орос улс, Дундад иргэн улс ба жич бусад аль ч улсын харъяат боловч тэрхүү түрээслэн авсан газрыг бусад хүнд дамжуулан түрээслэж үл болохын дээр, уул хэмжээлэн олгосон газраас гадагш өөрийн дураар газар нэмэн эзлэх ба газрын хөрсийг эвдэж үл болмой.
Есдүгээр зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээрийн газрыг түрээслэн авсан хүн иргэн, Орос улс, Дундад иргэн улс ба жич бусад аль ч улсын харъяат боловч өөр өөрийн түрээслэн авсан газрыг цөм өөрсдөө цаг үгүй цагдан магадлаваас зохимой. Бусдын малыг хадлан ба бэлчээрийн өвсийг идэж сүйтгэв хэмээн дэмий шалтгаацан барин авах буюу төлбөр нэхэмжлэн зарга зальхай өдүүлбээс хэрхэвч үл болмой. Хэрвээ нийнхүү тогтоосныг хэрэгсэхгүй бусдыг зовоон чирэгдүүлэхүйд хүргүүлбээс хоёр улсын найртай ёсонд харштай болох учир, орос иргэн аль улсын хүн болтугай даруй зохих газраа тушаан өгч улмаар уг улсад шууд буцааваас зохимой.
Аравдугаар зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээрийн газрыг түрээслэн авсан хүн иргэн, Орос улс ба Дундад иргэн улс, жич бусад аль ч улсын харъяат боловч хэрвээ хүн суух ба юм хадгалах орон байшин байгуулах нь буй аваас жил бүр дүрмийн ёсоор түрээс тушааваас зохимой. Бас ч орон байшин байгуулахад хэрэглэх ба түлш модыг цавчин авахад цөм эрхгүй нутгийн харъяат хошууны тамгын газарт мэдүүлж сүлд тахилгад харшлалгүй газраас цавчин аваад мөн цөм модны дүрмийн ёсоор үнэ тушааваас зохимой.
Арван нэгдүгээр зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээрийн газрыг түрээслэн авсан хүн иргэн, Орос улс ба Дундад иргэн улс, жич бусад аль ч улсын харъяат боловч хэрвээ түүний түрээслэн авсан газрын дотор газар хагалж тариа тарисугай хэмээх буюу эсхүл тусгай газар түрээслэн авч тариа тарисугай хэмээвээс цөм манай Гадаадын яамнаа тодорхойлон мэдүүлж магадлан байцаагаад ёсоор явуулан тэмдэгт бичиг олгосны хойно сая газрыг хагалж тариа тариад мөн жил бүр тариалангийн дүрмийн ёсоор түрээс тушааваас зохимой.
Арван хоёрдугаар зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээрийн газрыг түрээслэн авсан хүн иргэн, Орос улс ба Дундад иргэн улс, жич бусад аль ч улсын харъяат боловч уул түрээслэн авсан жилийн хугацаа дууссан буюу, бас ч түрээс мөнгийг үл тушаах ба эсхүл энэхүү дүрэм хэмжээг зөрчин явах нь буй аваас түрээслэх тэмдэгт бичгийг татаж эвдээд орон байшинг эвдүүлэн зайлуулмой.
Арван гуравдугаар зүйл. Аливаа өвс хадах ба мал адгуулах бэлчээрийн газрыг түрээслэн авсан хүн иргэн жилийн хугацаа дууссан цагт тэрхүү газрыг дахин хугацаа сунгаж хэвээр түрээслэн авсугай хэмээвээс хугацаа дуусахаас зургаан сарын урьд манай Гадаадын яамнаа тодорхойлон мэдүүлж магадлан байцаалгаад түрээс мөнгийг дутагдуулсан ба энэхүү дүрэм хэмжээг зөрчин явсан гэм учир үгүй болвоос хоёрдугаар жилийн ёсоор дахин гурван жилийн хугацааны түрээслэх тэмдэгт бичиг халан олгож хэвээр түрээслэн өгсүгэй.
Арван дөрөвдүгээр зүйл. Энэхүү дүрэм хэмжээнд хааяа давтайяа нийлэлцээгүй гүйцэлдээгүй зүйл буй аваас цагийг дагаж газар орны байдал дүрсийг байцааж залруулан засаж нэмж тогтоосугай.