Жагсаал цуглаан зохион байгуулж дундаас нь мөнгө цохихгүй л бол амьдрал нь нурж уначих гээд байдаг хүмүүс бий. Тэднийг жагсаалын наймаачин гэж тодорхойлдог. Энхбаярын бөөрөнд наалдаж, Элбэгээгийн гар хөл болж, Баттулгын баруун талд далдаганаж яваа, энэ чиглэлийн наймаагаар дагнасан хувь хүн, гэр бүл ч нэг бус. Тэдэнд шалтгаан мундахгүй. Жагсаалаа л зарж, цуглаанаа л борлуулж байвал хэний хүүхэд хохирч, хэний аав даарч бээрэх нь ерөөс хамаагүй. Хэрэв сайн анзаарвал эрхэлдэг бизнес, хийдэг ажил, цалинжуулдаг ажилтан, нийгмийн даатгалыг нь төлдөг ажилчингүй хэрнээ хауст амьдраад, хачин тансаг машин хөлөглөөд давхиад байдаг хэсэг нөхөд бий дээ, үйлдвэрлэгч биш байтлаа үйлдвэрлэгчээс жавхаатай амьдардаг, орлого нь тодорхойгүй, зарлага нь захиргаагүй нөхдүүд голдуу жагсаалын наймаачид. Сүүлийн үед жагсаалын наймаачид моод хөөж, загвар тодорхойлох болсон. Нүцгэн, хэвтээ гээд хэв маягаа өөрчилж, бараагаа сайжруулж, багагүй мөнгө халааслаж байгаа. Хамгийн гол нь жагслаа гээд жаргалаа юу, цуглалаа гээд цугаар Монголын бүх асуудал шийдэгдлээ юү. Цуваа явж өнгөрөнгүүт утаа сарниад л, нүдээ ирмээд өндийх зуур нүүдэлчин Монгол диваажин болон хувираад л…ёстой үлгэр гэдэг л тэр байх. Ядарсан ард түмнээ золиосолж, чадарсан хэсэг хүмүүс мөнгө саадаг ийм нэгэн бизнес цэцэглэх болоод удлаа. Жагсаалын наймаачин эзнээсээ 30-80 саяыг авна.
-Чи хэдэн хүн цуглуулж чадах вэ?
-10 мянга, за 20 мянга
-Нэг хүнийг хэдээр бодох уу?
-20 мянга л даа. Хүйтний нэмэгдэлтэйгээ 30 мянга. Бас барих лоозон, балиашиглах хүмүүс, микрофон, чанга яригчийн түрээс, бодлогоо сурталчлах зардал…нийлээд 50 сая…
-Хүндрүүлэх үү, яах уу? Мод чулуу нүүлгээд, ганц хоёр цонх хагалаад, болохгүй бол нэг шатахуун түгээх станц дэлбэлж сүрдүүлсэн яадгийн…муусайн юмнуудыг айлгах хэрэгтэй. Гэхдээ тэгвэл, та мэдэж байгаа шдээ, бүр их зардал гарна. Портероор чулуугаа зөөнө гээд л.
-За энэ удаадаа харзная…
Иймэрхүү яриа өрнөнө. Нөгөө Ардчилсан хувьсгалын аргагүй сэтгэл, итгэлээрээ жагсдаг үе эдүгээ үлгэр болж, хэн нэгний эрх ашигийг хөндөн, хэн нэгний эрх ашигт үйлчлэх энэ мэтийн бизнес эрчтэй хөгжиж байна. Жагсаалын наймаачин цавчаа хийж тал мөнгөө халааслаад, үлдсэнийг нь хамтрагчиддаа өгнө. Өнөө хэд нь бас цавчаад, шавхрууг нь тав, арван цаасны хэрэглээ тулсан жинхэнэ золиосны нөхдүүдэд хагас хугас түгээсэн болно…за энэ дүйвээнд үнэхээр төр улсынхаа төлөө түмэнтээ сэтгэлээ чилээж явдаг эгэл иргэн, энгийн залуус сэтгэлийн хөөрлөөр сэвээд орчихно доо. Сүүлийн үед хүүхдээр нүүр хийж, хүний балчир үрсээр бизнесээ өргөжүүлдэг моод дэлгэрч байх шиг. Жагсаал дууслаа, жаргасан нь жагсаалын наймаачин, хожсон нь хор хутгагч…Сүрт жагсаалд урьд байгаагүй олон хүн оролцлоо, талбай дээр 100 мянган хүн цуглалаа, эрх баригчдыг чичрүүлж чадлаа гэх маягийн реклам дараа нь энд тэнд үзэгдээд нэг удаагийн бизнесийн ажиллагаа өндөрлөнө…за тэгээд жагсах уу, яах уу? Тэтгэврийн нас 50-65 руу шилжин, хэвийн байдалдаа орсон. Татварууд хуучин байрандаа эрэмбэлэгдсэн. Нямка ах Ерөнхий сайдад хүүхэд шиг л зэмлүүлээд, машинаа зарж төсөвт мөнгийг нь нэмэрлэх болсон. Аа тийм, Нямка ах ширээн дээр гутлаа тавьж үдсэн хэрэг байгаа. Хохирсон ширээний төлөө, эсвэл ширээн дээр заларсан тэр муу гутлыг огцруулахаар жагсдаг ч юм уу? Гэхдээ зүгээр жагсахгүй шүү, цавчаанаас үлдсэн мөнгөнөөс нэг хүнд оногдох 20 мянгаа авч байж талбай явна аа, яадгийн…ханш өсөөд 30 мянга болсон гэсэн, тэгж ч хямдрахгүй шүү! Дашрамд, 2008 оны 7 сарын 1-ний өдөр галын шугаманд ажиллаж, урд өдөр нь зөөж авчирсан хэдэн портер чулуу хэрхэн хүн гэмтээхийг харж, толгойноос нь цус садарсан фото зурагчнаа зөөж явсан сэтгүүлч бивээр үүнийг тэрлэв.

Р.Эмүүжин