Сар шинийн баяр дөхөж монголдоо алдартай нэгэн хөөрөг урлаачийн урласан 230 сая төгрөгийн үнэтэй тархи манан хөөрөг бэлэн мөнгөөр худалдагдсан тухай бор шувуу нисэж явна. Энэхүү хөөргийг манай төрийн түшээ нэгэн эрхэм худалдан авсан сурагтай.

Харин эсрэгээр нь хөлтэй бэлтэй нэгнээ дуурайж хүний нүдэнд сайн сайхан харагдахыг хичээх зарим нь баяр баярын хооронд туйлдаа хүрч, байдгаа барж эхэлжээ. Тодруулбал, үнэт эдлэл хөөрөг түрээсийн үйлчилгээ газар авч хэдэн арван саяын хөөргийг нэг өдрийн 300 мянган төгрөгөөр түрээслэх болжээ. Үнэт чулуун хөөрөг түрээслэх энэхүү үйлчилгээ нь сар шинийн дараачаас аймаг бүрт болдог морин уралдааны үеэр ч мөн эрэлттэй байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байв.

Сонирхуулахад, манай олны танил эрхмүүдээс хамгийн үнэтэй хөөргийг “Мон-Уран”-ы Б.Наранхүү барьдаг ажээ. Түүний хөөрөг нь 16-р зууны үеийн эртний эдлэл бөгөөд 380 сая төгрөгөөс үнэ хаялцуулан авсан гэдэг.