Бодож санаж байгаагаа хэнээс ч айхгүйгээр хэлж чаддаг хүн бол Ганбууш буюу Э.Ган-Од. Тэрбээр шүлэг яруу найраг сонирхдог бөгөөд өөрөө ч гэсэн бичдэг. Түүний цөөн шүлгийг хүргэж байна.

Урдны амьдралд уулзаж явсан
Учралд цэнгэсэн та нар минь
Өвөрт чинь эрхэлж өнжсөн ч
Өөрийн чинь болж үлдээгүйд уучлаарай
Өчигдрийн жаргал амттай байсан ч гэлээ
Өнөөдрийн амьдрал илүү санагдах
Халуухан шөнийг
Хайр байсан гэж эндүүрэх хэрэггүй
Харамслын хөг нэмэх гээд бүр ч дэмий
Түрхэн зуурын учрал
Тэндээ л үлдэг бүгд л явна
Зуурдхан цэнгэлийн тэр л амт
Зугаа төдий зүүд юм шүү
Бал бурам шиг үгсээр
Булж өнгөрснийг дурсаад яахав
Бууж мордох амьдралын нугачаанд
Бардам алхах бүсгүй заяаг сонгосон би …

Үзэхийн хязгаарт үхэл оршдог
Үнэндээ тэнд үнэн л тосдог
Эрхсийн хязгаарт диваажин оршдог
Эргэж төрөх бидний сүнс оршдог

Хоёр хязгаарын дунд хорвоо эргэдэг
Хөдлөх эргэлтийг нь цаг хугацаа гэж нэрлэдэг
Холбирч унахгүй тэнхлэг нь байдаг
Хөөж гүйцэхгүй амьдрал оршдогоо

Эргэх дөрвөн цаг энэ дунд багтдаг
Элдэв чамин бүхэн ээлж дараалан ирдэг бас буцдаг
Энд тэндээс нэгнийг хүргэж ирдэг бас аваад оддог
Энд тэгээд үдлээд буцсан гэж дардас л үлддэг

Эрхсийн хязгаарт диваажин бий үнэндээ тэнд юу ч үгүй
Эргэх амьдралын тусгал л бий гэхдээ тэр бүр худал
Зогсолтгүй эргэх голдирол л бий тэндээс эхлэлтэй
Зүгээр л тосдог бас үддэг тэнд үнэндээ бидний хүлээлтээр дүүрэн горьдлого л бий…

Миний талд үнэн зогсдог гэж худалтай суухдаа хөөрдөг
Хундага дарс тогтоож байхдаа хуучилдаг хуруун дахь тамхиндаа үлээдэг
Үнэн гэж үгүйсгэж одсон юм бүхнийг боддог үгүйлж нэхдэггүй
Худлын хайранд хулдаж хучдаг хуурамчийг үгүйсгэдэггүй
Өчигдрийн нулимсанд үнэн байсныг чи сөхөөгүй би нэхээгүй
Өнөөдрийн хөлчүүрхэлд үнэн живснийг чи мэдээгүй би мэдрүүлээгүй
Баг өмссөн бусдын төлөө бал бурам шиг үгийг гамгүй шидсэн
Би холдоогүй чи үдээгүй бидэн хоёрын дунд худал жаргасан
Миний талд үнэн зогсдог гэж худалд бардамнасан худлыг баясгасан
Худлаагаас худлаа эргэцэж байхад үнэнг орхисон үлдээж хаясан
Үгэн дээрээ л нэхсэн үйлдэл дундаа мартсан
Төрхөд л дэргэд байсан тосож авсан том болгоно гэж итгэсэн
Гэхдээ худал ялсан үнэнг хаясан хэн ч тоогоогүй
Ганцаардсан үнэн гашуудал зарлаагүй ч эргэж ирээгүй
Миний талд үнэн зогсдог гэж худалтай суухдаа хөөрдөг
Мэдэхгүйн тухай мэддэг юм шиг ярьдаг тэр надаас явчихсан нь л үнэн
Нэхэж хайгаагүй нэмж санаагүй ч нэгнээ үгүйсгээгүй нэр нь л худал
Нэгэн биеэнд зэрэгцээ орших нийлж чадахгүй ч салж одоогүй
Хар цагааны дэнс харах нүдний тусгалууд минь ээ…

Харцанд чинь торох хүсэл үгүй болчих юм
Хайлж амжилгүй эргээд хөлдчихлөө
Зүрхэнд чинь л уг нь орж үзье гэж бодсон ч
Зүс гоо нэгэн тэнд нуугдсаныг нь мэдсэнгүй ээ
Эрээн алчуур инээд хоёроо тайлж нисгэлээ
Энд байсан бүх зүйлийг холд шидлээ
Энгэрт чинь л нэг тэврүүлж үзье гэж бодсон ч
Энхрий нэгэн зүс тэнд байдгийг мэдсэнгүй ээ

Намрын навч хаврын салхи шиг өдрүүд хөвөрсөөр
Нууцхан ч болтугай чамайг үгүйлэхээ больё
Нандин гэж уруулыг чинь амтлахыг хүссэн ч
Нүдэнд чинь нуугдсан эзэн тэнд оршдогийг мэдсэнгүй
Зүрх минь чи уучлаарай буцаад амирла
Зүггүйтэж бүү сэр тэндээ л бай
Эзэнтэй зүрх эндүү орчлонг сөрөх гээд яах юм
Эндээ л үлд хэзээ ч бүү цухуй чамд дурлал зохихгүй…