Сүүлийн үед олон гоо сайханч хөмсөг, уруулын шивээс хийж байгаа. Охид бүсгүйчүүд сургаар хийлгэж гоо сайхнаараа хохирсоор байгаа. Тэгвэл Монгол болон гадаадад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай гоо сайханч, URE салоны захирал Б.Үүрцайхтай цөөн хором ярилцлаа.

– Та өөрийгөө танилцуулаач?

– Намайг Үүрцайх гэдэг. Гоо сайханч мэргэжилтэй. Яг гоо сайхны чиглэлээр 11 жилийн өмнө мэргэжлийн карьераа эхлүүлж байлаа. Энэ хугацаанд Монгол болон гадаадын олон сургалтад суралцаж байсан. Мөн Бээжин хотод хурим, дуучдын нүүр будалт хийж хажуугаар нь хөмсөгний салонд шивээс хийдэг байлаа.

– Та олон сургалт гэлээ хамгийн сайн чанартай сургалтынхаа талаар танилцуулахгүй юу

– Велла салоны үсчин, гоо сайханч бэлтгэх гурван сарын сургалтад сууж төгсөөд шууд Бээжин хот дахь Хятадын үсчин гоо сайханчдын холбооны дэргэдэх Жиэнмо сургалтын төвд суралцаж байлаа. Энэ сургалт бол чанартай, хүнд мөртлөө сэтгэлд минь хоногшиж өнөөдрийн намайг өдий зэрэгтэй шивээсчин болгосон дагалдан хийж байсан нэг жил минь юм. Учир нь би бараг цалингүйгээр гараа чилтэл өглөөнөөс орой болтол хүний хөмсгийг засдаг байлаа. Энэ сургалт л хамгийн сайн сургалт байсан гэж боддог.

– Монголд явагдаж байгаа зарим сургалтын талаарх таны бодол? Хэдхэн хоног сураад л шууд хүний хөмсөг шивнэ гээд сууж байгаа нь учир дутагдалтай санагддаг?

– Манайд сайн сургалтууд олон бий. Онол практикийг хослуулж сайн заадаг. Ер нь энэ мэргэжлээр ажилладаг хүмүүс өөрсдөө хичээж, цаг үеэсээ хоцрохгүйн тулд хаана л сүүлийн үеийн сургалт мэдээлэл байна тэр бүхнээс хоцрохгүй сурч мэдэж байх ёстой гэж боддог. Товчхондоо бол хувь хүн өөрөө биеэ дайчилж, хурдан мэргэших ёстой.

– Та ажлын туршлагаасаа хуваалцаач, хэчнээн хүний хөмсөг шивсэн бэ? Багцаа тоо гаргасан уу?

– Өнгөрсөн жил Монгол орныхоо 21 аймгаар тойрч, гэр бүлийнхээ хамт аялангаа ажилласан. Ингэхдээ өдөрт арваас доошгүй хүн шивдэг байлаа. Хотод бол ачаалал ихтэй байдаг. Яг нарийн тоолж байгаагүй юм байна. Багцаагаар 2000 хол давсан байх аа. Би Монголын нэр хүнд бүхий салонуудад ажиллаж байхдаа олон хүнд шивээс хийсэн дээ.

– Тухайлбал,

– Салоны нэрийг би хэлмээргүй байна. Үйлчлүүлэгчид маань сайн мэдэж байгаа. Гоо сайхны үйлчилгээг зөвхөн гоё орчин, хэт үнэтэй төхөөрөмж, сайхан инээмсэглэсэн царай гурав хийдэггүй юм. Үйлчлүүлэгч гарахдаа энэ гурвыг биш өөрт үйлчилсэн гоо сайханчийн сэтгэл , туршлага, авьяас гурвыг нүүрэндээ наагаад гардаг юм. Бүсгүйчүүдэд зөвлөхөд салон биш гоо сайханчийг нь сонгон үйлчлүүлж байгаарай. Салон бол байж л байна гоо сайханчид сайн, муугаараа солигдож л байдаг. Ялангуяа гоо сайхны шивээсэн дээр бол бүр ч анхаарах хэрэгтэй.

– Та Монголын гоо сайханчдын талаар юу гэж боддог вэ?

– Сайн сайн хүмүүс мх байгаа мөн салбартаа монголчууд дэлхийд ч гологдохгүй гэдгийг олон улсад байгаа Make Up Artist болон мэргэжилтнүүд маань харуулж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр мэдээллийн хэрэгсэл хэт хөгжсөнтэй холбоотойгоор сурсан мэдсэн зүйлгүй байж Монголоор дүүрэн гоо сайхны шивээсчид боллоо. Нэг сарын дамжаанд сураад хүний гоо сайханд шивээс хийж байгаа хүмүүс олон байна. Ядаж мянган хүний хөмсгийг зурж, засаж үзчихээд хөмсөг шивэх тухай бодох хэрэгтэй. Хөмсөг нь хүний гоо сайханд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ.

– Хөмсөгний хэлбэрийн мода ер нь хаашаа эргэх бол? Нэг хэсэг нарийхан хөмсөг мода болж байсан одоо харин эсрэгээрээ байна?

– Мода гэхээсээ илүү тухайн хүний нүүрний хэлбэрт тохируулан зөв төрхийг илэрхийлж, дур булаам харагдуулах нь чухал юм. Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Үүнийг тодотгож өгдөг зүйл бол хөмсөг юм. Нүүрнийхээ хэлбэрт тохирсон хөмсөгтэй бүсгүйчүүд маань сайхан харагддаг шүү дээ.

– Гоо сайханч хүнтэй уулзсаных асуухгүй өнгөрч чадахгүй нь. Манайхан гэрийн нөхцөлд хөмсгөө засдаг. Хөмсгөө зулгаасан нь дээр байдаг юм уу? Хуссан нь дээр байдаг юм уу?

– Хөмсгийг зулгааж авах нь буруу. Зовхины арьс бол маш нимгэн арьс. Байнга хөмсгийг зулгааж авснаас болж дээд зовхины арьс суларч унжих муу үр дагавартай. Мөн бүсгүйчүүд маань өөрсдөө хөмсгөө засах гэж байгаад хэтрүүлэн авч, хэлбэрийг нь алдагдуулсан байдаг. Иймд мэргэжлийн гоо сайханчаар хөмсгөө засуулах хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.

– Хийлгэсэн шивээс арилаад байдаг. Тийм болохоор давтан шивээс хийлгэ гээд байдаг шүү дээ. Давтан шивээсийг байнга хийлгэх ёстой юу?

– Шивээс хийх будагны үүсэл гарал, дуусах хугацаа нь стандартад нийцсэн байх шаардлагатай. Шивээс хийж байгаа хүн маань тухайн үйлчлүүлэгчийн арьсны онцлогоос шалтгаалан хөнгөн болон даралттай шивээсийг сонгон арьсны аль давхаргад будаг шингээхээ тодорхойлно. Давтан шивээс гэдэг маань эхний шивээсний өөг засч, өнгийг тодруулах зорилгоор хийгддэг. Эхний шивээс сайн болсон бол заавал давтан шивээс хийлгэх шаардлагагүй. Шивээс арилна гэдэг маань чанаргүй будаг хэрэглэснээс гадна буруу шивэлтээс болж арьсны гадаргуу гэмтэж, тавтайгаа цуг будаг ховхорч унадаг. Мөн арьсны буруу давхаргад шивснээс болж будаг амархан арилах магадлалтай.

– Хөмсгөө шивүүлчхээд ямар гам барих ёстой байдаг юм бэ? Зарим нь ус хүргэж болохгүй гэх. Зарим нь нүүр цэвэрлэгчээр арч гэх юм.

– Аль нь ч болохгүй. Хамгийн сайн гам бол хүчиллэг шинж чанартай бүтээгдэхүүн хэрэглэхгүй, гоо сайханчаас өгсөн зааврыг сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Шивээсний ормыг түргэн эдгээх хамгийн сайн арга бол вазелин нимгэн түрхэх.

– Муухай болсон хөмсөгний шивээсийг засахдаа арилгаад дээрээс нь хийж байгаа харагддаг. Зарим нь шууд дээрээс нь давхарлаад шивдэг? Аль нь зөв юм бэ?

– Бүүр болохгүй бол лазердуулах хэрэгтэй. Болж өгвөл чадварлаг гоо сайханчаар дээрээс нь засч шивүүлэх хэрэгтэй. Над дээр ихэвчлэн эвдүүлсэн хөмсөгтэй хүмүүс ирж засвар хийлгэдэг. Ер нь сүүлийн үед дэлхий нийт хөмсөгний шивээсийг лазердаж арилгахаас татгалзаж байгаа. Хөмсөг гэдэг бол харах эрхтний дээр байрладаг учир лазертай маш болгоомжтой харьцах ёстой. Нүдийг сайн хамгаалаагүйгээс болж нүд гэмтэх тохиолдлууд ч гарсан байдаг.

3D, 4D, 5D, 6D гээд төрөл бүрийн шивээс гарч ирээд байгаа. Эд нарын ялгааг нь хэлж өгөөч?

– Нэршил чухал биш юм. Та бүхэн кино театрт 3D кино үздэг биз дээ. Киноны дүрс нүдний өмнө биетэйгээр гарч ирдэг. Тэгэхээр энэ нэршлүүдээр бол хүний хөмсөг ил гарч ирээд бүжиглэх юм шиг байгаа юм. /Инээв/ Саяхан би нэг салоны гадаа 8D шивэлт гэж бичсэн байхыг харсан. Энэ бол арай л дэндэж байна. Монгол хүн чинь тэнэг биш шүү дээ. Будгандаа ч бас биш юм шүү. Тэгж 3D, 6D харагдуулдаг будаг гэж байхгүй. Монголд бол үстэй мэт болон уусалттай гэсэн хоёр төрлийн шивээс л хийгдэж байгаа. Энэ нэршлээрээ байвал үйлчлүүлэгчид төөрөгдөлд орохгүй амар байгаа юм.

– Цаг зав муутай ч зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

– Энэ салбарыг сонгон ажиллаж амьдарч байгаа дүү нартаа олон бүсгүйд гоо сайхан бэлэглэж ажил мэргэжилдээ хариуцлагатай хандаарай. Та нар маань бүсгүй хүний өөртөө итгэх итгэл, олонд хайрлаглах дүр төрхтэйн ажиллаж байгаа гэдгээ мартаж болохгүй.