Ардын багш, доктор, профессор Сэндэнжавын Дулам ийн өгүүлж байна.

ХҮНИЙ АЯ ЗАН, ЯВДАЛ ХИЙДЭЛ

Цагаан сарын шинийн нэгэн болон бусад өдрүүдийн зан ааль, явдал хийдлийн тухай цухас өгүүлсү.

Энэ их ёсны өдөр бэлгэдэн хэлдэг цагаан сарын ерөөл буюу сар шинийн ерөөлд “Дэлхийн  амьтан бид бүхний нэгэн нас нэмсний баярт” гэхчлэн өгүүлдгээс үзвэл хэн хүний хэдэн сарын хэдний өдөр төрснийг үл харгалзан бүх хүнд нэгэн нас нэмсэний баяр буюу төрсөн өдрийнх нь баяр болдог. Уламжлал ёсоор монгол хүн нэг жилд нэг л удаа нас нэмдэг, тэр нэмсэн насаа хамгаас хүндэтгэлтэйгээр нь цагаан сарын баяртайгаа давхцуулан тэмдэглэж ирсэн учиртай юм байна. Дээр нь нэгэн бүтэн жилийн хугацлыг дүүргэн үдэж буй, жилийн эхэн урин хаврын улиралтай золгож буй ийм гурван давхар баярыг ёслон тэмдэглэдэг бэлгэтэй сайн өдөр тул монгол түмэн эрт дээр цагаас бүхнийг цагаалах цайруулах, шинэлэх шинэтгэхийн утгаар бэлгэдэн ирсэн заншил зуршилтай. Нэгэн жилийн өлзий бэлгэ төгссөн эл өдрийн ааш араншин, ая зангаас тэр бүтэн жилийн үйлс хэрэг тогтнон бүрдэнэ гэсэн бэлгэч үзэл байх учир ярих хэлэх үг өгүүлэл, явах суух явдал хийдэл, бүтээх үйл, наадах наадмаа хүртэл учир дүрсийг нь тааруулж аашлах номтой. Уур унтуу, уцаар цуцаараас эхлээд өө сэв, өлөн хир, үглээ яншаа, өр зээл, өвчин янгуу, өс хонзонг хүртэл үлдээж нүүрлүүлэхгүйн төлөөнөө өчүүхэн балчраасаа авахуулаад өвгөд настангаараа хичээнгүйлдэг болой.

Идэх уухаар элбэг дэлбэг, инээж баясахаар хавлаг цэнгүүн, энэрч хайрлахаар дүүрэн төвшин байх нь энэ өдрийн ааль зан мөн. Эл өдөр юм бүхнийг элбэг дэлбэг байлгахын утгаар араг, дөрвөлжөө хүртэл аргал хомоолоор шивээлэн, сав суулгаа идээ цагаагаар бялхуулан, ээрүүлээ [утас ээрдэг С.Д.] ч гэсэн утас шөрмөсөөр дүүрэн байлгадаг. Хонгиносон хангинасан, хоосон хонгио зүйл аль болох байлгахгүйгээр хичээнгүйлнэ. Шинийн нэгэнд хонины хишиг таарч, хонь хариулсан хүнийг туйлаас бэлгэшээн хүндэлж айл бүхэн дайлж цайлж хүзүү чанаж өгцгөөдөг хийгээд хуучин Сайн ноён хан аймгийн Жонон бэйлийн хошууны албат, Наран гэгээний шавь /Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал сумдад/ нарт шинийн нэгний өдөр хонио заавал үдлүүлж саагаад малынхаа сүү шимийн хишгийг авдаг заншил байсан нь цагаан сарын өнгө зүсний бэлгэдэл утга мөн хийгээд цагаалах зан үйл, цагаан идээнийхээ дээжээр цэнгэх учир түүхтэй нь холбоотой юм