Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгожээ.
Энэ тогтоолд:

Манай хувьсгалт нам засаг ба түүний удирдагч маршал Чойбалсангаас, үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх ба өсвөрийн шинэ хүчин болох багачууд хүүхдийг боловсруулахын тулд ихээхэн хайр анхаарлыг тавьж буй болой. Маршал Чойбалсангаас манай жаргалант орны багачууд хүүхдүүдийн сурч боловсрох гайхамшигт шинэ ордонг эцэг ёсны анхаарал гаргаж байгуулж өгүүлэн, ардыг гэгээрүүлэх ба улсын хэмжээний олон сургуулиудыг болон олон нийтийн байгууллагуудаас хүсч ирсэн хүсэлтийг хангаж тогтоох нь:

1. Тус улсын арван жилийн дунд сургуулийг Ардыг гэгээрүүлэх яам ба улсын хэмжээний олон сургуулиуд болон олон нийтийн байгууллагаас хүсч ирсэн хүсэлтийн ёсоор маршал Чойбалсангийн нэрийг хадгалуулан баталсугай.

Улсын бага хурлын дарга Бумцэнд
Орлогч дарга Ёндон
Тэргүүлэгчид Цэдэнбал
Дашзэвэг
Жамили
Баяр

гэсэн байна. Үүнээс 50 жилийн дараа буюу 1990 оны 02 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотын 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийн хамт олон тус сургуулийг Х.Чойбалсангийн нэрэмжит болгосон шийдвэрийг хүчингүй болгохыг хүсэж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд санал ирүүлснийг судалж үзээд АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаар зарлигаар тус сургуулийг Х.Чойбалсангийн нэрэмжит болгосон БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны 60 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Энэхүү зарлигийг бүрэн эхээр нь толилуулбал:

Тогтоол хүчингүй болгох тухай

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь:
Улаанбаатар хот дахь Х.Чойбалсангийн нэрэмжит лаборатори нэгдүгээр дунд сургуулийн хамт олны саналыг харгалзан БНМАУ-ын Бага хурлын 1940 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

БНМАУ-ын Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн дарга П.ОЧИРБАТ
БНМАУ-ын Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.ДАШДЭМБЭРЭЛ
Ү.АВАРЗЭД
Тэргүүлэгч гишүүн Ц.АМГАЛАН
С.БОЛД
Н.ГЭНДЭНЖАМЦ
Б.ЛИГДЭН
Б.ЧИМЭД

гэсэн баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.