Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд минималист хэв маяг дэлгэрч, дэлхийг хог хаягдлын гамшгаас сэргийлэх зорилгоор бүхэл бүтэн бүлэг ажиллах болсон билээ. Энэхүү хэв маяг нь манай улсад мөн дэлгэрч эхлээд байгаа бөгөөд олны танил бүсгүйчүүд “Зеро вайст” хэрэглээг сурталчлах болжээ. Тэдгээрийн нэг бол хөтлөгч Н.Хулан. Тэрбээр хог хаягдал гаргахгүй хэрэглээг олон нийтэд таниулах туршилтуудыг өөрийн биеэр хийж эхэлсэн байна. Тэдгээр туршилтуудаас хамгийн сонирхол татам нь 10 жилийн дотор ариун цэврийн хэрэглэл худалдан авах мөнгөө хэмнэх туршилт байв. Н.Хулан энэнхүү туршилтын талаар мэдээллийг эрэгтэйчүүдэд уншуулахыг хүсээгүй бөгөөд зөвхөн бүсгүйчүүдийг уриалжээ. Тэрбээр “Одоо миний цүнхэнд, гэрт, шүүгээнд дахиж хэзээ ч ариун цэврийн хэрэглэл, далавчтай далавчгүй урт богино пад-нууд, тампон байхгүй шүү. Дэлгүүрт ороод эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн тасгаар шулуухан явж өнгөрнө. Дахиж хэзээ ч Always, Kotex, OBI худалдаж авахгүй. Учир нь миний туршилт амжилттай болсон! Хүүхдийн угж, хиймэл хөх, секс тоглоом хийхэд ашигладаг силикон материалаар хийгдсэн шүдэнзний хэмжээтэй, өргөн амсартай, хатуудуу силикон аяга. Биений юм ирсэн үед хумиж хийгээд, зөв байрлуулбал эмэгтэйчүүдийн хүндхэн өдрүүдэд ариун цэврийн өрөөгөөр 2 удаа шагайхад хангалттай” хэмээжээ.

Түүний энэхүү туршилтын үр дүнд, бүсгүйчүүд санхүүгийн зардлаа тодорхой хэмжээнд хэмнэхээс гадна, уул овоо шиг их хог хаягдлаас дэлхийг аврах боломжтой гэжээ.