Архивын ерөнхий газрын  сан хөмрөгт Монголын уран зохиолын нэрт төлөөлөгчдийн баримт хадгалагдаж байдаг бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын сарын 25-ны өдөр “Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хувийн хөмрөгийн баримтыг төрийн архивт хүлээн авах ёслолын ажиллагаа” болсон билээ. Энэхүү “Ардын уран зохиолч” хэмээх хүндэт цол хэрхэн бий болсон тухай архивын баримтыг түшиглэн сонирхуулъя.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид 1979 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “БНМАУ-ын Ардын уран зохиолч цол бий болсон тухай” 01 дүгээр зарлигийг гаргасан байна.

Дээрх зарлигт “Тус улсын утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн гарамгай амжилт гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч, яруу найрагч, утга зохиол судлагч, шүүмжлэгчдийг шагнаж байх БНМАУ-ын Ардын уран зохиолч цол бий болгосугай” гэжээ.
Энэхүү хүндэт цолыг олгох тухай дүрэмд “БНМАУ-ын Ардын уран зохиолч цолыг социализм байгуулах үйлсэд хөдөлмөрчдийг коммунист ёсоор хүмүүжүүлэх, тэдний оюун санааны баялгийг арвижуулах, шинэ хүнийг төлөвшүүлэхэд үлэмж үр нөлөө үзүүлсэн, үзэл суртал уран сайхны хувьд төгс боловсорсон зохиол бүтээл туурвиж, уран бүтээлийн ажлыг 15-аас доошгүй жил эрхлэн хийсэн тэргүүний зохиолч, яруу найрагч, утга зохиолын судлагч, шүүмжлэгч, уран бүтээлийн ажлыг удирдан зохион байгуулах, сурталчлах ажилд гарамгай амжилт гаргасан уран бүтээлчдэд олгоно” гэж заагаад, уг цолыг хүртэгсдэд “БНМАУ-ын Ардын алдар цолтны үнэмлэх, медаль” олгож байх болжээ.
“Ардын уран зохиолч” цолыг хамгийн анх 1986 онд эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн хүртсэн байна.