“Universe best songs 2010” тэмцээний тэргүүн байр, гран при шагналт Б.Жавхлантөгс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртээ гар хүрч байжээ. Тодруулбал, цагдаагийн “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад одоо Хан-Уул чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаа түүнийг төр үнэлж Соёлын тэргүүний ажилтан болгосон ч хувийн хүмүүжил тааруу бололтой эхнэртээ гар хүрч шүүхээс “Монгол улсын нэрийн өмнөөс” уншуулан “ял” авч байв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул адуут овогт Буяндалайн Жавхлантөгс нь эхнэртээ гар хүрч эрүүгийн хуулийн 99.1-ээр зүйлчлэгдсэн байдаг.

Тодруулбал Б.Жавхлантөгс нь 2017 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд эхнэр Ц.С-г “тусдаа унт, архи үнэртээд байна” гэж хэллээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулжээ. Энэ талаар Б.Жавхлантөгс: “…2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ Б ахын гэрт очиж золголт хийсэн. Манай эхнэр С нь Б ахын гэрт 3-4 хундага коньяк уусан. Тэгээд манай эхнэр С гэртээ харих уу гэхээр нь би эхнэр хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгсөн. Би А ахын гэрт очиж золголт хийхээр эхнэр хүүхдүүдээ гэртээ үлдээгээд явсан. Тэгээд шөнийн 02 цагт гэртээ ирээд архи их хэмжээгээ хэрэглэсэн тул хоёр хүүхдээ үнсчихээд хажуугийн өрөөний буйдан дээр хэвтэж байгаад өөрийн төрсөн эгч Уянгатай мессенжерээр харилцаж байхад манай эхнэр С нөгөө өрөөнөөс босож ирээд намайг хаагуур хэнтэйгээ банзалдаж ирчихээд хэнтэйгээ мессеж бичээд байгаа юм гэж хэлсэн. С бид хоёрын маргаан түүнээс болж эхэлсэн. С миний гар утсыг булааж авах гээд намайг өшиглөж самардсан. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор тэсэхгүй эхнэрийгээ алгадаад үснээс зулгааж доошоо дарсан. Мөн хоёр гараас нь бариад хазсан…” гэж мэдүүлсэн байдаг.

Харин болсон хэрэг явдлын талаар эхнэр С нь: …2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Жавхалантөгс бид хоёр хүүхдүүдтэйгээ Б ахын гэрт золгохоор очсон. Гэтэл Б ахын эхнэр Б эгч надад 2 хундага коньяк хийж өгсөн. Би тухайн үед согтоогүй. Тэгээд Б ахын гэрт 3-4 цаг болоод бид нар гэр лүүгээ явсан. Манай нөхөр Жавхлантөгс даргынхаа гэрт золголт хийхээр явсан. Жавхлантөгс шөнө 02 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Жавхалантөгс хүүхдүүдийнхээ хажуугаар ороод хэвтэж байгаад бид хоёр өдөр болсон зүйлүүдийнхээ талаар зөндөө зүйлийг ярьсан. Тэр үед Жавхлантөгс намайг Б ахын эхнэр болох Б эгчтэй харьцуулж яриад байхаар нь чамаас архи үнэртээд байна гэхэд Жавхлантөгс нөгөө өрөөнд орж унтсан. Гэтэл гар утсанд нь мессеж ирээд байхаар нь ариун цэврийн өрөө орохдоо унтаач согтуу ирчихээд гэж хэлээд бөгс рүү нь зөөлөн хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл Жавхлантөгс за за унтлаа гэж хэлээд хүүхдүүдийнхээ дунд орж хэвтээд зөндөө юм ярьсан. Би тухайн үед яриаг нь тоохгүй байсан болохоор босохдоо миний хацар руу зөөлөн алгадаад боссон. Тэгээд ганцаараа ярьж байгаад над дээр ирээд намайг алгадахаар нь миний уур хүрээд чи одоо яагаад давраад байгаа юм бэ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй намайг үсдэж аваад чирж байснаа 2 удаа дагз хэсгээр шал мөргүүлсэн, зүүн гарын булчин хэсгээс 2 удаа хазаж, нүүр болон хацар луу алгадаж, миний амыг нэг гараараа дараад гар хазсан. Миний ойролцоо усны сав байхаар нь аваад Жавхлантөгсийг ойртох юм бол цохино шүү гэж хэлээд хөл нүцгэн 03 цагийн үед хажуу айлын хаалга тогшоод цагдаа дуудсан. Тухайн үед Жавхлантөгс нэлээн согтуу байсан. Би Жавхалантөгсийг хаагуур банзалдаж яваад ирсэн гэх үгийг хэлээгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, түүний энэ үйлдэл нь уучилсан…” гэж мэдүүлсэн байдаг.

Эхнэртээ гар хүрсэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд шүүх эмнэлгээс гэмтлийн зэрэг тогтоосон. Тодруулбал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3291 тоот дүгнэлтэд

1. С-ийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, зүүн бугалга, баруун тохой, баруун гуя, өвдөг, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун жавьжны салтсад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэжээ.

Харин шүүхийн шатанд хэргийг хэлэлцэх үеэр эхнэр С нь ““…хохиролд 200,000 төгрөг болон Ай фоне 7 маркийн гар утас авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би Б.Жавхлантөгстэй сайн дураараа эвлэрсэн…”” гэж мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл сайндсан, хохирол барагдуулсан тул ял авахгүй байх боломжтой байдаг. Энэ тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг.

Тиймээс Сартуул адуут овогт Буяндалайн Жавхлантөгсийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.