Эмэгтэй хүн хүүхэд гаргаж гэрт сууж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж, цаг наргүй ажилд дарагдаж түүндээ бухимдаж стрессдэх нь цөөнгүй ээ. Арга ч үгүй дээ. Дуртай үедээ гарч, орж чадахгүй, байнгын зууралдаастай нүдэнд харагдахгүй, хүнд үнэлэгдэхгүй гэрийн ажлууд, өөрийн гэсэн орлогогүй, хүнийг царайчлах хэцүүхэн асуудлууд тэднийг тойрон эргэлдэнэ. Гэвч үнэндээ өөрийн залуу нас, цаг хугацаа, гоо сайхан, ажлын карьер, эрх чөлөөгөө золиослон ирээдүйдээ ямар том хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгийг хань ижил нь хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Тиймээс дараах хэдхэн зүйлсийг л хэрэгжүүлэхэд анхаараарай.

  • Хүүхэд бол эхнэрийн үүрэг ажил биш ээ, хаяа нэг санаачлагаараа шээстэй өмдийг нь сольчих л доо, хувцасыг нь угаагаад үз, гар нүүрийг нь угаа, нусыг нь арч
  • Ажлаа тараад ирэхдээ эхнэртээ амттай зүйл авчирж өгөөрэй. Заавал нэг баяраар л баярлуулдаг сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Хүүхэд хүүхэд гээд өөрийнхөө ч аманд юм хийж чадахаа больсон улсууд шүү дээ.
  • Гэр орны ойр зуурын хэрэглээний мөнгө өгөхөөс гадна зөвхөн өөрт нь зориулж дуртай юмаа аваарай гээд хаяа нэг багахан мөнгө өгөхөд л ямар их баярлана гээч. Яагаад гэвэл таны өгсөн мөнгө гэр орны, үр хүүхдийн ойр зуурын юманд л зарцуулагддаг. Тэдэнд илүү гардаггүй юмаа ойлгоорой.
  • Амралтын өдрийн нэг өдөр нь эхнэрийнхээ бүх ажлыг хүлээж аваад эхнэртээ чөлөө өгөөрэй. Найз нөхөдтэйгээ уулзаг, дэлгүүр хэсэг, ах дүүгийндээ очиг, гоо сайхандаа анхаараг тиймээ
  • За ингээд тоочоод байвал тоймгүй их зүйлс байгаа л даа. Манай залуучууд бас мундаг л даа амьдрал ахуйгаа авч явж, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа гэхдээ л илүү мундаг болоорой.

Сэтгэл зүйч Ц.Шинэдолгор