Олны танил хүн алдах эрхгүй байдаг. Учир нь тэднээс залуу үе үлгэр дуурайлал авч байдаг бөгөөд тэднийг биеэ зөв авч явах ёстойг сануулах зорилгоор бид Алдартнуудын гэмт хэргийг хүргэсээр байгаа. Энэ удаад бид хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярын холбогдож байсан хэргүүд болон хэргийг хэрхэн шийдвэрлэж байсан талаар хүргэж байна.

Хар тамхи хадгалж байсан Д.Манлайжаргал, М.Бадрах нартай хамт байхдаа төрийн албан хаагчийн уулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдэв.

Монгол Улсын иргэн, Харчу овогт Шаалуугийн Батбаяр. 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан.

Тэрбээр 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24-92 УНҮ улсын дугаартай Старекс маркийн албаны автомашин дотор зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч ажилтай цагдаагийн хошууч П.Пүрэвдоржийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хоолойг нь боон хүч хэрэглэн эсэргүүцэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Батбаярын өгсөн тайлбартаа: “…2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний утас руу Даш ах яриад Чойрт рестораны нээлт болно гэж хэлсэн. Би хотоос 3 дуучин авч очсон. Хэрэг гарах үед эрүүгийн цагдаагийн хүмүүс тоглолт хийх үед баривчилгаа явагдсан. Баривчилгаанд би ямар нэгэн саад учруулаагүй, харин тоглолт үзэж байсан залуучууд цагдаа нар руу дайрсан. Тухайн залуучууд дуулж байхад хүч хэрэглэж баривчилж байна. Зохион байгуулж байсан Эрдэнэдалай гэдэг залуу намайг энэ залуучуудыг намжаа гэж хэлэхээр нь би микрофон авч тэр залуучууд руу учир байдлыг ойлгуулсан. Пүрэвдорж гэдэг цагдаа мэдүүлэг дээрээ “Монголчууд босох цаг болсон” гэж мэдүүлсэн байдаг. Тийм зүйл огт яриагүй. Би тэр цагдааг боосон зүйл байхгүй, бид нарыг нэг хоног цагдан хорьсон учраас “бие засъя” л гэж хэлсэн. Би Пүрэвдорж гэдэг хүнээс уучлалт гуйж гомдол санал байхгүй гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт өгсөн. Өөр ярих зүйл байхгүй” гэжээ.

Хохирогч П.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тухайн өдөр тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатар ажил гарсан, яаралтай ажил дээр ирж үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна гэсний дагуу 11 цагт ажил дээр ирсэн. Энэ үед мөрдөн байцаагч нарын ажил дуусаад шалгаж буй хүмүүсээ цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж өгөх үед нэмэлт хүч болж алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх шаардлагатай гэж үүрэг болгосны дагуу ажил дээр байж байгаад 15 цагийн орчим Зоригтын Ганцэцэг, Дамдинбазарын Манлайжаргал, Жавзмаагийн Бат-Оргил, Дашбалжирын Дашдаваа, Содномдаржаагийн Чулуунбаяр, Шаалуугийн Батбаяр нарыг албаны 24-92 УНҮ улсын дугаартай Старекс маркийн автомашинаар хойшлуулшгүйгээр цагдан хорих тогтоолыг батлуулан цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж өгөхөөр ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэдалай, ахлах төлөөлөгч М.Хүдэрбаатар, цагдаа жолооч Амармөрөн нарын хамтаар явсан ба ажлын газраас гарч шууд явсаар Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт хүрч ахлах мөрдөн байцаагч Эрдэнэдалай прокурорын газар руу 102-ын прокуророор тогтоол батлуулахаар орсон ба энэ үед бусад алба хаагчид болох бид нар машинд сэжигтнүүдтэй үлдсэн. Уг Старекс машин нь жолоочийн суудлын хэсгээс хойш 3 эгнээ суудалтай ба хамгийн арын эгнээнд Ганцэцэг, Дашдаваа, Бат-Оргил нар түүний урд талын эгнээ болох 2 дугаар эгнээ буюу араасаа 2 дахь эгнээнд Ш.Батбаяр, Д.Манлайжаргал, С.Чулуунбаяр нар, 3 дах эгнээ буюу ар талаасаа 3 дугаар эгнээнд ахлах төлөөлөгч П.Пүрэвдорж миний бие, ахлах төлөөлөгч М.Хүдэрбаатарын хамт машины урд талын эгнээнд цагдаа жолооч Амармөрөн нар байсан. Тэгтэл ахлах мөрдөн байцаагч Эрдэнэдалайг орсны дараагаар буюу 5-10 минутын дараа Ж.Бат-Оргил “шээмээр байна, та нар ямар их уддаг юм бэ?” гэсэн. Энэ үед би түүнд түр хүлээж бай, байцаагч удахгүй гараад ирнэ гэтэл хажуу талаас Ш.Батбаяр “чи муу *изда мануухай оргичхоод юугаа мэддэг юм бэ? гэх мэтээр дайрч давшилж эхэлсэн. Энэ үед цагдаа жолооч Амармөрөн бичлэг хийж эхэлсэн. Ш.Батбаярын зүгээс миний баруун гар руу ард талаас “чи муу юу мэддэг юм бэ? гармаар байна, хаалга онгойлго гээд цохиод хуруугаараа чичлээд байсан. Нүдийг чинь сохолно шүү гээд байсан. Тэр үед би түүнд “бид нар ажлаа хийж байна шүү” гэдгийг удаа дараа сануулсан. Тэгтэл *изда минь чиний ажил гэж юу байдаг юм бэ? мануухай минь гэж заналхийлсэн байдлаар юм хэлээд л байсан. Энэ үед би дуугүй байхаар шийдэн урагш хартал дахин араас баруун гар руу нударсан. Тэр үед би дахин төрийн алба хаагчийн биед хүрэхгүй байхыг сануултал шууд ар талаас “чамайг ална шүү” гээд хоолойг минь ар талаас боож сэгсэрсэн. Миний хажууд үүрэг гүйцэтгэж байсан ахлах төлөөлөгч Хүдэрбаатар түүний гарыг хажуу талаас нь татах байдлаар нь таслан зогсоосон. Цагдаа жолооч Амармөрөн урд талын хэсгээс түүнийг үйлдлээ зогсоохыг шаардаж байсан. Уг арга хэмжээг таслан зогсоогоогүй бол миний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаар болсон байсан. Нүд харанхуйлаад орчноо мэдрэхээ больж эхэлж байсан. Уг үйл явдал болж байх үед арын суудалд сууж явсан З.Ганцэцэг, Батбаярт хандан “Баавараа болиоч ээ” гэж хэлж байсан. Ийм л үйл явдал болсон”

Уг хэргийг 2015 оны 05 сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр хэлэлцэж Ш.Батбаяр нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон байдаг. Учир нь Баавар өмнө нь

· 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 211 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлйин 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан

· 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 187 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн ажээ.

Тиймээс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Харчу овогт Шаалуугийн Батбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг. Ш.Батбаярт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтсон байдаг.

Давж заалдах шатны шүүхээс ялыг нь хэвээр үлдээсэн байдаг. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 703 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Ш.Батбаяр, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин Улсын дээд шүүхээс Монгол Улсын Их хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн /цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байдаг.