МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн тавцанд дахин шилдэг гэдгээ батлаж, ОХУ-ын Большой театрын тайзнаас олон улсын сонгодог хөгжмийн “BRAVO” шагналыг гардан авч “Монголын соёл урлаг” -ийн нэр хүндийг дэлхий даяар дахин алдаршууллаа.

ОХУ-ын Их театрт болсон уг шагнал гардуулах ёслолд, Э.Амартүвшин гэргийн хамт оролцсон байна. Тэрбээр Их театрын тайзнаа дуулахдаа “Юуны өмнө эх орныхоо нүүр царай болж, Монгол Улсаа төлөөлж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол олон улсын уран бүтээлчдийг нэгтгэж байгаа гайхамшигтай шагнал юм. Гайхамшигтай домогт тайзан дээрээс өнөөдөр та бүхэндээ өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаадаа хязгааргүй баяртай байна. Энэ том шагнал миний цаашдын уран бүтээлийн замналд маш их амжилтыг дагуулах болно. Маш их баярлалаа” гэжээ.

Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид уг ёслолоос гавьяат жүжигчин Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар тус “Хүндэт шагнал”-ыг хүртжээ.