Бослого тэмцэл, дайн тулааны хөлд сөхрөн унаж буй Арабын орнуудын өнөөгийн гунигт түүхийн эхлэл он жилүүдийн тэртээд ард түмний дуу хоолой болон тодорч төрд шургалсан дархлагдсан луйварчдаас үүдэлтэйг хэн бүхэн мэддэг болжээ. Товчхон хэлбэл ядарч туйлдсан ард түмэн дархлагдсан луйварчдаасаа хагацан салахыг хүсэн тэмцэж байна. Асар их цус нулимс төлөөсөөр шүү!

Харамсалтай нь Афро-Арабын  энэ аймшигт түүх Монгол улсад давтагдахад тун ойрхон болжээ. Ард түмэн шударга үнэн үйл хэрэгт дуртай. Гэхдээ шударга царайлсан луйварчдыг таньдаггүй. Таньдаг болсон тэр үед луйварчид төрийн хуулиар мөнгө хөрөнгөөр хуягласан дийлдэшгүй, өөрөөр хэлбэл аль хэдийнээ дархлагдсан луйварчин болчихсон байдаг.  Ийм луйварчдаасаа хагацахаар араб даяар зэвсэг барин тэмцэж байна.

Өнөөдөр Монгол улсад төрд шургалсан луйварчдын хотын, Увсын, газрын, Америкийн, Энхбаярын гэх мэт хэд хэдэн томоохон бүлэглэл байдаг бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө, шуудхан хэлэхэд төрийн мэдэлд, ард түмний мэдэлд байгаа асар их баялгийн төлөө л энэ бүлгүүд тэмцэж байна. Ард түмний төлөө гэсэн сайхан уриа халхавчтайгаар. Эдгээр бүлэглэлүүдийн тухай хэрхэн хэмжээлшгүй их хөрөнгө луйвардсаныг нь хуульч хүний хувьд, гэмт хэрэгтэй тэмцэж явсан туршлагадаа дулдуйдан олон түмэнд системтэйгээр цувралаар хүргэхээр зорилоо. Эх орон минь, ард түмэн минь сөхөрч байн шүү дээ. Тэвчээр барагдлаа.

Увсын бүлэглэлийг Тагнуулын дарга асан Б.Хурц онцолсныг би бүрэн дэмжиж байна.

Увсын олигарх бүлэглэлийн загалмайлсан эцэг удирдагч нь өөр хэн ч биш өдгөөгийн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж гэгч шударга царайлсан, долингоршсон луйварчин юм.

ХЗДХ-ийн сайдаар гурвантаа томилогдож, энэ яамыг арав гаруй жил удирдсан Ц.Нямдоржийн бусармаг үйлдэл хэрээс хэтэрч, цагдаа, тагнуулчид,хилчид, аврагчдын тэвчээр барагдаж байна.  Түүний санаачлага, идэвхи зүтгэлээр батлагдсан хуулиудын хор уршиг үр дагаврыг мэдэрсэн хуульчид  эгдүүцэн зэвүүцэж байна.

Ц.Нямдорж шинэ цагийн парламентад тасралтгүй сонгогдож, ХЗДХЯ-ыг хамгийн олон жил удирдахдаа ямагт хуулийн алтан шугамын гадна оршиж, асар их баяжиж, өөрийнх нь үнэн  төрхийг илчилсэн хэн бүхнийг  хайр найргүй цээрлүүлж, энэ зорилгодоо Монгол төрийн хуулийг нийцүүлэн  засаж ирсэн  баримт асар их байх юм.

Тэрээр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж болгондоо хожим хэрэг болох баримтуудаар хар дансаа баяжуулах, бүлэглэлийн  гишүүд болон ашиг сонирхлын бүсэд нь багтах этгээдүүдэд үүсгэсэн эрүүгийн хэргүүдийг хаацайлж дарагдуулах, хүчний байгууллагыг  ялангуяа цагдаагийн удирдлагад өөрийн итгэлт хүмүүсийг  суурьшуулах,  төрийн хуулийг  бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн засварлах ажлыг тогтмол, тун нягт нямбай, ичгүүр сонжуургүй амжуулсаар ирсэн байдаг. Үүнийхээ ачаар  юун үйлдсэн гэмт хэргүүдийнхээ төлөө шийтгүүлэх, харин ч  өнөөдрийг хүртэл төрийн албанаас амь бөхтэй  зууралдсаар байна.

Шударга царайлсан Ц.Нямдоржийн  үйлдсэн жирийн иргэн хэдэнтээ толгой дээгүүрээ дээлээ нөмөрчхөөр бодит баримттай гэмт хэргүүдийг эл дол болтлоо шуурсан “тагнуулчийн” хэргээс бусдыг нь эргэн харцгаая.  Үүнийг тэрлэгч би вээр хуульч, цагдаагийн хурандаа хүн тул зөвхөн нотолгоотой баримтуудыг л бичих болно.

Тэр авилгач, ашиглан шамшигдуулагч гэмт этгээд мөн. Анхны хэл аманд орсныхоо дараа 2000 онд хэвлэл мэдээлэл өгсөн түүний 13-р хороололд 3 өрөө байр, хуучин газ-24 машинаас өөр гялтайх хөрөнгөгүй гэсэн ярилцлага миний өмнө цагаан дээр хараар бичээстэй байна. Өөрөөр хэлбэл ХЗДХ-ийн сайдын эрх мэдлийг эзэмших /эрхлэх биш эзэмших шүү/ үеийн гарааны хөрөнгө нь энэ. Тэгвэл өнөөдөр Н.Энхбаярын мэдэгдсэнээр 4 тэрбумын 4 хаустай, өөрийнх нь ярьснаар MCS болон Алтжингийн  өндөр үнэтэй олон өрөө байранд сардаа 400 000- 1 000 000 төгрөгийн  төлбөр төлөн сэлгэн амьдардаг болсон байна. Хэрхэн баяжив?

Хүү Н.Анхбаярынхаа Анлимитед компанийн  нэрээр Эрдэнэт УБҮ-т огт шаардлагагүй хэрэгцээгүй хэвлэлийн Сиблитмаш маркийн хэвлэлийн машиныг  255 000 ам.доллараар, ДЦС4-ийн  гүйцэтгэх захирал хуурай дүү С.АНхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын бараа шахсан.  Хүү Н.Анхбаяртайгаа хамтран Увс нутгийн  Г.Хийморьсангийн нэрээр  Таван толгойд 60-100 тоннын даацтай  100 орчим машинаар нүүрс зөөдөг бизнестэй.  Энэ Хийморьсан нь юун хүнд даацын 100 машин худалдаж авах,  232 сая төгрөгийн  зээлийн өрөө  төлж чадалгүй  шүүхийн  албадан төлүүлэх шийдвэртэй хүн юм байна. Зам баригдаж дуустал нүүрс тээвэрлэлтийг  зогсоосон шийдвэрээ цуцлахыг ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгаас удаа дараа биелэн  гуйж, шахаж  шаардаж байсан нь  Ц.Нямдоржийн  бизнес гэдгийг тодотгодог. Хүүхдийн урлан бүтээх төвийн ард Хурд компанийн барьсан  байрнаас хүүдээ гурван өрөө байр авч өгснийг  тэр байранд амьдардаг манай найз барин тавин ярьдаг л юм.

Эдүүгээгийн гол сөргөлдөгч УИХ-ын дарга М.Энхболдыг Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхад нь эхнэр Ж.Долгормаагаа Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар томилуулсан нь бас нэг баяжих үндэс болсон гэж үзэх бүхэн бүрэн үндэстэй. Дахин хэвлэл мэдээлэлд анхаарлаа хандуулъя.  Тухайн үед “Шударга ёсны хувьсгал” оюутны нэгдсэн холбооноос  түүний хээл хахууль авдаг гэж зарлаж байсан бол найман нэрийн  барааны дэлгүүрийн эзэд архи  худалдаалах зөвшөөрөл олгохдоо ялгавартай, хүнд сурталтай ханддагт  эсэргүүцэл илэрхийлж байжээ.  Тэд архи худалдаалах, архиар үйлчлэх эрх найдвартай гаргаж өгнө гэдэг зар биелэгдэж байгааг баримт болгосон байна. Бусад нь өгдөггүй атлаа ганцхан Алтжингийн  ШТС-уудын мини маркетуудад архи  худалдаалах зөвшөөрөл олгосон нь  бас нэг баримт болон үлдсэн байна. Тэр н шөнийн цагаар жолооч нарын архи авдаг найдвартай цэг нь болж байв.

Нууц амраг Д.Долгормаагаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын даргаар томилон, тэр нь сайдынхаа дэмжлэгтэйгээр “Үл хөдлөх хөрөнгө хамгаалах сан”-г хууль бусаар байгуулж, бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн нэрээр компаниудаас 1-3 сая төгрөгийг төвлөрүүлэн татаж, зохисгүй зарцуулсан хэл аманд орж байв. Мөн иргэн О.Баяраад Улаанбаатар паласыг  Спорт комплексын төрийн өмчийн бүртгэлээс хасаж шилжүүлсний шанд 60 000 ам.долларын хахууль авсан гэх хэргийг УМБГ-ын даргаар ажиллаж байсан бас нэг Увс хүн Бумнанжид Ц.Нямдоржийн даалгавараар хав дарсан байдаг. Энэ бүхнээс Ц.Нямдорж хувь хүртсэн гэдэг. Нууц амраг Д.Долгормаагийн захиалгаар хамтран амьдрагч байсан алдарт уяач Цэдэв гэгчийг мөнхөө Бумнанжидаараа хилсээр хорьж цагдуулан дарамталж хөрөнгийг нь дээрэмдсэн гэдэг бодитой гэрчтэй баримт байдаг. ОӨУБЕГ-ын дарга Содхүүг чөлөөлнө гэдэг яриа гарах үеэс эхэлсэн нууц амраг Д.Долгормаагаа томилох гэж байгаа гэсэн хардлага саяхан УИХ-ын танхимд хийсэн хавраас Оюуны өмчийн газрыг тусад нь гаргана гэсэн түүний мэдэгдлийн дараа бүр их газар авч байна. Олны хардлага ортой л байдаг.

Ийм тодорхой нотолгоо баримттай хэрэгтээ энэ луйварчин яагаад шийтгэл хүлээдэггүй нь маш тодорхой. Цагдаа, мөрдөн байцаах байгууллага дахь түүний гар хөлүүд наймаалж мэт хамгаалж байдагт байгаа юм. Эсхүл тэрээр өөрөө сайд байх үедээ баяжуулдаг хар дансныхаа баримтаар өөрийгөө болон бүлэглэлийг оролдсон бүхнийг нам дардаг.

Ийм нэг цагаандаа гарсан луйварчин баяжихын хэрээр  ард түмэн ядуурч, зэвсэг барин босох цаг ойртох амой. 2008-0701-ны цуст сануулгыг, цагаан байшингаа шатаалгасан түүхээ мартсан бол авул ойртсоор байгааг, аюулын буруутан нь ядарч туйлдан босох ард түмэн биш төрд шургалан хувалз шалз мэт луйварчид гэдгийг, тэднийг  байх ёстой байранд нь тавих  шаардлагатайг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сануулахад илүүдэхгүй биз ээ. Цаана чинь танай засгийн газрыг огцруулах хор найруулга эхэлчихсэн бүр таны нэг багийнхан урвачихсан, тэр дундаа Ц.Нямдорж эрх дархаа хадгалж үлдэхээр, шинэ кабинетэд сайдаараа үлдэх тохироотойгоор идэвхийлэн оролцож байгаа сураг байна шүү.

Дашрамд нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Тагнуулын албаны өндөр албан тушаалын офицер Жонаттан Поллардын тагнуулын хэргийг түүний хөрөнгө орлогыг сонирхсон жирийн нэгэн татварын байцаагч төвөггүйхэн илрүүлсэн байдгийг татварынханд сануулъя.

Миний дараагийн бичил “Төрийн хутгуур” сэдвээр нийтлэгдэх болно.