У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгуулахдаа үнэхээр буруу сонголт хийснийхээ горыг яс махаараа мэдэрч байх шиг байна. Шулуухан хэлэхэд Ц.Нямдорж хэмээх хоолойд тээглэсэн бүлх мэт энэ луйварчин У.Хүрэлсүхийн 100 хоногийн хамаг хөдөлмөр зүтгэлийг нь нэг мөсөн харлуулж чадлаа. “Шударга” царайлсан энэ этгээд У.Хүрэлсүхийн кабинетийн эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Олон улсын валютын сангийн дарамтаар аргагүйн эрхэнд ард түмэн, үйлдвэрлэгчдийн нуруунд үүрүүлсэн татварын нэмэгдэл, оюутнууд болон хүүхдийн тэтгэмжийн таналт зэргийг эсэргүүцсэн олон түмний бухимдал, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх ҮЭ-ийн шахалт шаардлагыг саармагжуулах, Засгийн газрын бондын, зээлийн мэт тулгамдсан өр төлөөсийг төлөх, 51 саяыг төлж Эрдэнэтээ улс орондоо авч үлдэх, АСЕМ-ын алдагдлыг арилгах, цас зудын гачланг даван туулах, хүн ам, мал, ан амьтны халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, утааг арилгах зэрэгт асар их хөрөнгө төвлөрүүлэх шаардлагатай, чадан ядан аргацааж байгаа маш хүнд цаг үед ичгүүр сонжуургүй энэ этгээд ард түмний татварын мөнгөөрхалхын тэргүүн баячууд байтугай дэлхийн зарим тэрбумтнууд ч унаж амжаагүй байгаа хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн Лексус 570 худалдан авч зүрхэлсэн нь үнэхээр санаанд багтамгүй. Бас гаргалгаа хариулт нь ч илтэд худлаа эргэлзээтэй байна. Ард түмэн энэ мэт хууль бус зүйлд элдэв сэжиг таамаг дэвшүүлж, үүнийгээ шалгаж нягталж өгөхийг төр засгаас шаардах эрхтэй.

Нэгэн зүйл хардлага. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар хэсэг улс төрч, бизнесменүүд үгсэж байгаа, тэр дунд мань Ц.Нямдорж сайдаар улиран томилогдох болзолтойгоор цохиж яваа сураг үнэний ортой ч юм шиг. Яахаараа хамтран зүтгэгчид нь мөнгө олох гэж мачийж байхад энэ этгээд төсвийн хууль, төрийн байгууллагад бараа, үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийг ноцтой зөрчин онц их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарж чадаж байнаа. Ц.Нямдорж шиг хашир хулгайч үүнийхээүр дагаврыг мэдэхгүй байсан гэвэл энүүн шиг худлаа зүйл байхгүй. Тэгэхээр Засгийн газрынхаа эсрэг байгаа нь үнэн л болж таараад байна даа.

Төр засгийн тусгай үйлчилгээний авто базын дарга С.Энхбаяр тус баз ХЗДХ-ийн сайдыг төв, хөдөө аль алинд нь уналгаар хангах үүргээ бүрэн биелүүлж байгаагаа, ийм боломж бүрэн байгааг, ер нь сайд машин авахдаа мөнгийг нь төсөвт суулгаж, тендерээр сонгон шалгаруулж авах журмыг зөрчсөнийг хэнч ойлгохоор тодорхой хэллээ.

Нөгөө талд нь мөн л дээрхи журмыг зөрчин хөдөө орон нутгийн жинхэнэ цас зудан дунд ажиллаж буй хорих ангиудад 10 гаруй Пургон аваад өгчих мөнгөөрөө сайдыгаа зулгуйдсан, магадгүй дарамтад нь орсон ШШГЕГ-ын дарга Амгаланбаяр үүнийгээ яаж аргалах, олон түмэнд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй хэвлэл мэдээлэлийнхнээс зугатаж явна. Ц.Нямдорж нараар толгойлуулсан маш их мөнгөтэй Увс бүлэглэл байдаг гэсэн ТЕГ-ын дарга асан хошууч генерал Хурцын мэдэгдэл үнэн гэдгийг би ч мэднэ. Ц.Нямдорж Амгаланбаяр нарын түншлэл анхных нь биш.Ц.Нямдоржийг 2000 онд анх сайдаар томилогдоход нь хагас жил ч болоогүй шинэ улаан хүрэн Форд жип байсныг Дарханы замд тэр үед насанд хүрээгүй байсан хүү Анхбаяраараа бариулж яваад онхолдуулж, жирийн нэг багш Амгаланбаярыг огцом татан ЗЦГ-ын даргаар томилуулан, онхолдсон машинаа ЗЦГ-т шахаад оронд нь Бенз мерседес, дараахан нь Ланд круйзер авснаар түншлэл эхэлсэн нь ил цагаандаа гарсан зүйл. Дашрамд дурьдахад, Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд болох болгондоо шинэ өндөр үнэтэй машин төсвийн мөнгөөр авч тансагладаг. 2008 онд дахин сайдаар томилогдохдоо дөрөв дэхь шинэ жипнийхээ сандалд тухалсан бөгөөд одоогийн Лексус 570 түүний 5 дахь шинэ машин болж байна. Амгаланбаяр Увс нутгийн хүн бөгөөд хадам М.Энхболд, Увс бүлэглэлийнхээ босс Ц.Нямдорж нарын зөрчилд хавчуулагдаад халиуны зулзага мэт хөөрхийлэлтэй байдалд байгаа гэнэ.

Бас нэгэн хардлага. Энэ Лексус 570 машин нь Консулын албаны шинэхэн ажилтан нэгэн залуугийн нэр дээр ОХУ-ын Москва хотод худалдаалагдсаныг Улаан- Үд хүртэл вагоноор тээвэрлэн, хөлөөр нь Монголд оруулж иржээ. Консулын ажилтан залуу ийм хэмжээний бизнес хийх бэл бэнчин, туршлагагүй агаад зөвхөн түүний нэрийг ашигласан гэгдэж байна. Нөгөөтэйгүүр консулын залуу хамгийн сүүлийн үеийн загварын, АНУ-д 170-200 мянган ам.доллараар борлуулагдаж буй, төгрөгийн ханшаар дор хаяж 500 саяас дээш үнэтэй энэ машиныг хямдхан 365 сая төгрөгөөр худалдсан гэхэд их эргэлзээтэй. ОХУ-аас авахад уламл үнэ өртөг нь нэмэгдэж таарна. Эндээс Ц.Нямдорж өөрөө хувьдаа шинэвтэр Лексус 570 машинтай тул магадгүй авилгад авсан илүүдэл машинаа төрд шахсан гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. Энэ асуудлыг хэсэг хуульч залуус нягталж байгаа юм байна.

Ийм олон эргэлзээ дагуулсан, дээр ньтөрийн яамд, байгууллагуудад АСЕМ-д ашиглагдсан бага зардалтай машинуудыг хуваарилан, өндөр үнэ, зардалтай машиныг цөөлөх, , цас зудтай аймаг сумдыг туулах чадвар сайтай үнэ өртөг багатай машинаар хангах Засгийн газрын бодлогын эсрэг түүний гаргасан байж болшгүй алдааг эрс таслан зогсоохын оронд хэн ч итгэмээргүй тайлбар хэлэн мунхаглаж байгаа Занданшатар сайдыг харахаар нэгэн бодлын өрөвдмөөр, нөгөө бодлын ой гутмаар. Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр Занданшатарын хариулсан шиг ХЗДХ-ийн сайд эрхэлсэн агентлагуудынхаа ажилтнуудынхаа өмнөөс гэмт хэрэг илрүүлэх, оргодлыг эрэн сурвалжлах, хил зөрчигчийг баривчлахаар цас зуд, уул хадан дундуур зүтгүүлж явах шаардлага байхгүй. Харин шадар сайд, Онцгой байдлын газрын даргын хувьд өөр. Бусад сайд нартайгаа адилхан Соната унахад л болно. Шударга ёс бол тэгш байдал гэдгийг сануулъя. Тэгээд ч Ц.Нямдоржийн Лексус 570-ын зургийг харахад урд хормой нь намхан тул барагтайхан цас шавар битгий хэл олигтойхон дов сондуулд тээгэлдэхээр харагдана билээ. Харагдах байдлаараа ерөөсөө бартааных биш, тансаг зориулалтынх гэсэн үг. Үнэхээр шаардлагатай гэвэл иххэмнэлтийн энэ цаг үед бартаат замын хаан гэгдсэн харьцангуй үнэ багатай Ниссан патрол тохирно.

У.Хүрэлсүх ч гэсэн зүгээр нэг буцаагаад зарчихаарай гээд орхих нь учир дутагдалтай. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо аливаа алдаа дутагдал гаргагсдыг шууд төрийн албанаас зайлуулж, хатуу хариуцлага тооцож байсан нь олон түмэнд ихэд таалагдаж МАХН /хуучнаар/ 2008 онд үнэмлэхүй олон суудал авч байсныг Ерөнхий сайдынхаа хувьд ч, намын даргынхаа хувьд ч У.Хүрэлсүх эргэж нэг санах л хэрэгтэй. Ц.Нямдоржийг зайлуулж, Занданшатарыг зэмлэснээр сөрөг хүчинд бага зэрэг олзлогдох ч,арай илүү алсыг харж чадвалолон түмний, өөрөөр хэлбэл сонгогчдын танд итгэх итгэл эрс нэмэгдэж, наанадаж Засгийн газрыг огцруулах аливаа санаархлыг эсэргүүцэж хамгаалах, ээлжит сонгуульд ялалт авчрах их хүч хуримтлагдана гэдгийг сайтар тунгааж бодох хэрэгтэй. Эвлэрч хаацайлбал эсрэгээрээ байх болно.

Эрүүгийн хуулиар гэмт хэрэг тоооцогдсон хоёр үйлдлээр тансаг машин авсан гэм буруугаа Ц.Нямдорж мэдэхгүй байгаа бол юуных нь сайн хуульч, юуных нь шударга улс төрч байх билээ. Ялгүй салбал яам ч яамай гээд хурдхан огцрохоо шударгаар зарламаар.

Гэтэл огцрох нь битгий хэл хачирхалтай тайлбар, гаргалгаанууд яриад уналаа. Тэр ямар ч буруугүй гэнэ. Тойрон хүрээлэгсэд нь яамандаа машины зохицуулалт хийгээд, бас нэг хэсэг нь амь насаа хамгаал гэж шургаад хүчээр 570-ын суудал дээрсуулгачихсан, тэд л буруутай гэх маягийн сонин гаргалгаа бодож олж. Бас төрийн их өндөр албан тушаал хашиж байсан хүн Центрпойнтын хэргээр шоронд ял эдэлж байсан хүнд өөрийг нь алах захиалга өгсөн гэнэ. Төрийн хамгаалалт хүсэх эрхтэй ч авахгүй, харин энэ 570 амь насыг нь найдвартай хамгаалах юм гэнэ. Түүх хуучирдаггүй, он цагийн уртад сэргэж тодордог хуультай. 2000 онд Ц.Нямдорж сайд болмогцоо хэд хэдэн бизнесменүүдийг рекет гэж зарлан Центрпойнтын гэх хэргээр баривчилж сүржигнэсэн ч эцэстээ ганцхан Цагаан шонхорын Ч.Энхтайваныг хэдхэн саяын татвараас зайлсхийсэн гэж, яг л Казиногийн хэд шиг хилсээр шийтгүүлсэн санагдана. Хэн ч маргаад элдэв тайлбар хэлээд байх шаардлагагүй шүүхийн эцсийн шийдвэр энэ. Ч.Энхтайван рекет этгээд биш байж гэдгийг он цаг харуулж байх шиг. Харин Ц.Нямдорж төрийн рекетлэгч гэдгээ олон үйлдлээрээ харуулсан, бас олон хүнд мэдрүүлсэн. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичих болно. Мессэжний түүх үнэн бол нууцлаад байх юм байхгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Цагаан шонхорын Ч.Энхтайванд бичсэн гээд шууд зарлачихмаар. Амиа аргацаахын эрхэнд худал шаачихсан болохоор нэрлэхгүй байх нь ашигтай. Нэрлэгдсэн хүнгүй тул хэн ч хэл ам гаргахгүй гэсэн хогийн тооцоо л байгаа.

Ард түмний ядуурсныг гайхаж, хямралын үед татварыг үргүй төсөвлөн зарцуулж байгааг “шударга”-аар шүүмжлэн сайдаар тодорсон энэ этгээдийг даруйхан огцруулчих, үйлдсэн гэмт хэрэгт нь шалгуулчих эр зориг Ерөнхийлөгч, Спикер, Ерөнхий сайд нарт байна уу. Эсвэл та нар минь Ц.Нямдоржийн сайд болох болгондоо баяжуулдаг “Хар дэвтэр”-т бүртгэгдчихээд яаж ч чадахгүй байна уу. Хоолны үнэ өсөөд, мөнгөний ханш унаад амьдрал улам хэцүүдсээр л байна даа Та нар минь. Үгүй бол эхнэрээ УВС хүүхнээр сольж, мэнгэт ахын том бүлэглэлийг бараадахаас.