“Шөний бороо” дууны үгийн агуулгыг тун нарийн тооцож урласан, айхтар далд утгатай дуу гэдэг. Цаг хугацааны явцад ард түмэн энэ дууг “ардын дуу” болгосон. Ард түмэн хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй цаг үед, тэр үеийн хориотой хүүрнэлийг бороогоор илэрхийлэн шүлэглэсэн нь энэ дууны хамгийн эрхэм гоо зүй юм
“Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ. Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас “Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна.

Шөнийн бороо дууг хамгийн анх дуучин Г. Зориг дуулж олон түмэнд хүргэсэн. Дараа нь Төрийн соёрхолт Д. Сосорбарам дуулсан.

Дуучин Г. Зориг

Төрийн соёрхолт Д. Сосорбарам

Г. Дэлгэрцогт

Ийнхүү 60 жилийн өмнө залуусын хайр сэтгэлийг хөглөж байсан “Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт дахин амилуулсан нь энэ.

Үгний утгыг нь өнгөцхөн биш ухаж ойлгоорой. Борооны тухай өгүүлэх дуу юм шиг мөртлөө хүний амьдралын хамгийн нандин эрхэм зүйлийг энгийн бороогоор илэрхийлж байгаа нь энэхүү дууны гоо зүй юм. Мэргэжлийн уран бүтээлчид, сонсогчид Г. Дэлгэрцогтийг “Шөнийн бороо” дууг залгамжилж, залуу үед өвлүүлэн үлдээж буй чадварлаг дуучин хэмээн үнэлж байна. Сайн дуу хойч үедээ залгамжлагдсаар сайн дуучинтай учрах болгондоо шинээр мэндэлдэг ажгуу.

Үгийг Д.Намдаг
Аяыг С.Бүтэд

Шөнийн бороо

Шөнийн орсон шиврээ бороо
Сэржигнэн шивнэн цэцгийн чихнээ
Сэрүүн тунгалаг дусаалы нь шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв
Цэцгэнд шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн шиврэв зүрхний гүнээ
Сэтгэлдээн шингэтэл магтав чамайг
Сэлэн цохилов миний судас
Гүн харанхуйд хулжсан нойр
Хол ойрыг хэсүүчлэн давхив
Хайр дурлалын халуун илч минь
Чиний амьсгалд хэрэв үү үгүй юу