Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байгаад хууль зөрчсөн байж болзошгүй хүмүүс АТГ-т шалгагдаж байна. Тодруулбал,

  • Харин УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг,
  • Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
  • Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,
  • Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх
  • “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан 290,000,000 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэг,
  • Харин “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНСУ-н иргэн Лий Жонг Ёл нарт холбогдох улсад 17.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь бусдаас газрын төлбөр нэрийдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон мөнгө завшсан зэрэг нийт 26 холбогдогчтой 24,4 тэрбум төгрөгийн хохиролтой 21 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн доорх эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэхээр ажиллагаа явуулж байна. Үүнээс дурьдвал:

  • Зорчигч Тээврийн Нэгтгэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Төмөрбаатар нь хуурамч баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт Г.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.
  • МХЕГ-н экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, мөн газрын хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь 2017 оны 9 сараас 11 сарын хооронд удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан хэрэгт Э.Аззаяа болон Н.Баярсайхан нарын нэр бүхий 24 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.
  • ННҮГ-н дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниудаар дамжуулан онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна.
  • УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Дээр дурьдсан хүмүүсийн гэм буруутай эсэхийг шүүх тогтоох болно. Хэрвээ гэм буруутай гэж үзвэл ял оноох юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.