Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам ажилдаа хариуцлагатай хандахгүй бол залуус эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэгээр дуусахгүй нь бололтой. Тухайлбал  Б.Ихбаяр гэх залуу цэрэгт мордоод хараагүй болоод ирсэн бөгөөд түүний хараагүй болсон нь эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болжээ. Тодруулбал, цэрэгт татагдаад сар ч болоогүй байхад шүд нь өвдсөн байна. Энэ тухайгаа цэргийн ангийнхаа дарга даамлуудад хэлэхэд тоохгүй байсан аж. Б.Ихбаярын шүд нь олон хоног өвдөж улмаар идээлэн хацар нь хавдсан тул л Дорнод аймаг дахь Бүсийн эмчилгээ оношлогооны төв рүү явуулсан байгаа юм. Гэвч Дорнод аймаг дахь Бүсийн эмчилгээ оношлогооны төв эмч цэрэг Б.Ихбаярыг шүдийг нь авахдаа ёзоорыг нь үлдээсэн. Ёзоор нь  идээлж бугласан бөгөөд эмчлүүлэхээр госпитальд ирэхэд яаралтай хагалгаанд оруулсан байна.  Харин хагалгаа хийсэн эмч нь хүний хамрын хөндийд бээлийгээ үлдээсэн байдаг бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин эмч нарын хариуцлагагүй энэ үйлдлээс болж нэг залуу өнөөдөр хараагүй болоод байна.

Монгол улсын иргэн Б.Ихбаярт 2016 оны аравдугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас ирсэн байна.Улмаар зарлан дуудах бичгийн дагуу буюу харьяаллаараа Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн байранд цэргийн үзлэгт орж тэнцсэн бөгөөд  ямар нэг өвчингүй гэдгийг эмч нар нь баталсан. Эрүүл саруул Б.Ихбаярыг Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах ЗХЖШ-ын харьяа 327-р ангид “томилсон”. Цэргийн ангид очоод 20 хонож байхаас эхлэн Б.Ихбаярын шүд нь өвдөж эхэлсэн бөгөөд цэргийн ангид шүдний эмч байхгүй учраас өвдөөд явахаас өөр сонголтгүй болжээ. Шүд нь олон өдөр өвдсөн тул Б.Ихбаярын эрүү, шанаа нь хавдсан тул түүнийг Дорнод аймаг дахь Бүсийн эмчилгээ оношлогооны төвд хүргэж өгсөн байна.

Ингээд  цэргийн шүдийг авахаас өөр аргагүй байхгүй гэж тайлбарлаад шүдийг нь авсан байна. Шүдийг нь авахдаа ёзоорыг нь үлдээж, эмчилгээ бичиж өгсөн. Энэ талаар анх үзлэг хийсэн  Дорнод аймаг дахь Бүсийн эмчилгээ оношлогооны төвийн эмч Б.Оюун-Эрдэнэтэй утсаар холбогдож өвчтөн анх ямар байдалтай ирсэн талаар тодруулахад “2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр 327 дугаар ангийн эмч Ж.Сарангоо нэг байлдагчийг дагуулаад ажил тарах үеэр ирсэн. Шүдийг үзэхэд өвдөөд хавдчихсан. Шүд нь цөгцгүй, ёзоор болчихсон байсан. Тийм шүдийг авахаас өөр арга байгаагүй. Шүдийг авахын тулд эхлээд гадна талын хоёр ёзоорыг авсан. Тагнайн хоёр ёзоорыг авах боломжгүй гүнд байсан. Тийм ёзоорыг эрүү нүүрний эмч ухаж авах ёстой байдаг. Тиймээс рентген зураг даруулж хараад гүнд үлдсэн ёзоорт үрэвслийн эсрэг эмийн болон физик эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Долоо хоногийн дараа буглаж өвдөөд байна гээд дахин ирэхэд нь манай эрүү нүүрний эмч хуралтай байгаад үзэж чадаагүй юм билээ. Мөн яг тэр үед нь манай эмнэлгийн Эрүү нүүрний тасгийн эмч Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон байсан учраас өмнөх ажлаа хийх боломжгүй болж таарсан. Ингээд нэлээн хугацаа алдсан учраас арван хоёрдугаар сард “Цэргийн төв эмнэлэг” рүү эмчилгээ хийлгэхээр явуулсан” гэв.

Харин шүдээ авахуулсан Б.Ихбаярын өвчин намдаагүй улам өвдөж, идээлж буглан, “Хамрын хөндийн идээт үрэвсэл” болон хүндэрчээ. Улмаар шаардлагатай эмчилгээг хийлгэх гэсэн боловч Дорнод аймаг дахь Бүсийн эмчилгээ оношлогооны төвөөс үйлчилгээ авч чадаагүй тул идээ нүдэнд харагдаж, муухай үнэр үнэртэх үед госпиталь буюу Улаанбаатарт байрлах Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлжээ. Энэ тухайгаа ЗХЖШ-ын харьяа 327-р  ангиас 2016 оны 12-р сарын 25-ны өдөр ар гэрийнхэнд нь дуулгасан.

Байлдагч Б.Ихбаярыг Цэргийн төв эмнэлгийн “Эрүү нүүрний тасаг”-т хэвтүүлж, эхний ээлжинд шинжилгээнд хамруулсан. Томографаар харахад “Хамрын идээт үрэвсэл”  болох нь тогтоогдож,  2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр мэс засалд оруулсан байна. Хагалгааны дараа Б.Ихбаярыг тус эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд, цэргийн анги руу явуулсан байна.

Цэргийн ангидаа очсоноос хойш арав хүрэхгүй хоногийн дараа Б.Ихбаярын хамрын хөндийгөөс идээ цувж эхэлсэн байна. Цэргийн ангийн эмч нь угаалгах ёстой гэж хэлсний дагуу гэрийнхнээ мөнгө шилжүүл хэмээн хэлсэн байдаг.

Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч үзлэг, эмчилгээг хийсэн тэмдэглэлдээ “Хамрын яс янгинана. Идэрхэг ялгадас элбэг, 2016 оны арван нэгдүгээр сарын эхээр шүд авахуулснаас хүндэрсэн. Зүүн хамрын хөндийг угаахад 1:5 см хэмжээтэй резинэн бээлийний тасархай гарч ирлээ. Үргэлжлүүлээд угаах шаардлагатай” гэсэн байв.

Хамрын хөндийг угааж цэвэрлэх эмчилгээг хийсэн ч байлдагч Б.Ихбаярын хамрын хөндийгөөс өмхий үнэртэй идээ гарсаар байсан тул хоёрдугаар сарын 18-ны өдөр дахин Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр ирүүлсэн байна.  Энэ үеэр яагаад хүүхдийн хамрын хөндийд бээлий хийж байгаа юм бэ гэхэд эмчлэгч эмч н.Ганхуяг “Тийм юм байх ёсгүй,  Резинэн бээлий байх ёсгүй” хэмээн хэлж байна.  Эмч нарын хариуцлага алдсан энэ байдлаас болж байлдагч Б.Ихбаяры эрүүл мэндээрээ ийнхүү хохирсон юм.

Харин эмч нар ямар ч хариуцлага одоогоор хүлээгээгүй байна. Тэднийг гэм буруутай эсэхийг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Энэ хэрэгт шүүх эмнэлгээс дараах дүгнэлтийг гаргасан.

Өнөөдөр Б.Ихбаярын зүүн нүд хараагүй болсон бөгөөд түүнийг цэргийн албанаас “чөлөөлсөн” байгаа юм.

Хэдийгээр нэг хүний асуудал мэт боловч байлдагч Б.Ихбаярын энэ хохиролд ЭМЯ, БХЯ, ЗХШЖ хариуцлага хүлээх ёстой. Эрүүл саруул хүнийг сохлоод халсан ийм тохиолдол дахиж гаргахгүй байхад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа та цэргийн хохирсон тухайд,  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд та Цэргийн төв эмнэлгийн эмчийн гаргасан алдааны талаар тайлбар хийх ёстойг АНХААРУУЛАН САНУУЛЖ байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.