Монгол улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор(Sc.D), философийн доктор(Ph.D), МУИС-ийн тэргүүлэх профессор Н.Лүндэндорж

Шударга шүүх ба хардах эрх
Шүүх эрх мэдлийг бусад эрх мэдэлтэй харьцуулахад нэ­лээд онцлогтой.
Хууль тог­тоох, гүйцэтгэх эрх мэдэл бү­тэц, бүрэлдэхүүнээрээ ту­хайн эрх мэдлийг хамтарч хэрэг­жүүлдэг. Гэтэл шүүх эрх мэд­лийг шүүгч дангаараа хэрэг­жүү­лэх нь олонтаа. Шүүгч ху­га­ц­аагүй томилогддог цорын ганц албан тушаалтан. Үүний ул­маас шүүгчид өндөр ха­риуц­­лага ногддог. Бас өргөн эрх мэдэл олгодог. Тал бү­рийн хамгаалалт шаарддаг.
Дархлаа сайтай, шилдэг хуульчдаас шударга аргаар шүүгчийг шилж, хуулиар сайн хамгаалахгүй бол мөнгө­тэй, эрх мэдэлтэй хүмүүс шүүх, шүүгчийг худалдаж авахыг оролд­дог, бас авдаг. Ялангуяа ма­найх шиг шилжилтийн үеийн тарчиг эдийн засагтай, ядуу зүдүү, авлига хээл хахууль нь газар авсан, бүх юм нь задгай, замбараагүй, иргэний нийг­мийн хяналтгүй улс оронд тийм бололцоо өндөр байдаг. Монголд энэ асуудал ямар төвшинд байгааг олон нийт аль хэдийнэ дүг­нэлтээ өгсөн. Сант марал, Шүүх эрх мэдлийн шинэт­гэ­лийн хөтөлбөрөөс орон даяар явуулсан судалгаанд “Шүүх, шүүгч хүмүүст адил тэгш ханддаг уу? гэсэн асуултад “хөрөнгө чинээтэй хүмүүст, илүү ханддаг гэж оролцогчдын 90 хувь ха­риулжээ. Хөрөнгө чинээтэй хү­мүүс төрд хамгийн их шур­гал­даг болсон цаг учраас үүний цаана эрх мэдэлтэн байна гэж ойлгож болно.
Шүүх тийм биш, шударга сайн ажиллаж байгаа гэж өөрс­дөө эсвэл өмгөөлөн хамгаа­лаг­чид нь мянгантаа хашги­раад ч нэмэргүй. Ард түмэн юу гэж үзэхэд л гол нь байгаа юм. Шүүх, шүүгч шударга ажиллаж байж болно. Гэвч хэрэг мар­гаанаа шийдүүлж байгаа та­лууд, иргэд, үйлчлүүлэгчид чинь шударга бус гэж үзээд байгаад хэргийн учир оршино. Энэ бол зах зээлийн хууль. Иргэдийн энэ эргэлзэх, хар­дах эрх бол шүүх, шүүгчийг шударга эсэхийг хэмжих хан­галттай үндэслэгээ мөн. Тийм уч­раас шүүх хэргийн үнэн бо­дит байдлыг өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Гэтэл манай зарим шүүх бид шударга гэж бичиг илгээж сууна гэсэн. Хардуулахад л хангалтай. Өө сэвгүй ажилла­хыг албан тушаал нь шаард­даг. АНУ-ын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-р хэсэгт “…шүүг­чид зан төлөвийн хувьд үлгэр жишээч бай­мааж л албан тушаалдаа байна” гэжээ. Үнэхээр онож хэлсэн байгаа биз. Гэтэл ма­най шүүгчдийн дунд өө сэ­вээрээ аль хэдийн ал­дарш­сан хүмүүсийг дээр дор­гүй мэддэг атлаа зэрэг дэв, албан тушаалыг нь ахиулаад, хадга­лаад, хайцаалаад байдагт хамаг учир байгаа юм. Учир­саад байх ч юу байхав шууд­хан хэлэхэд зарим шүүгчид худалдагдсан гэдгийн л нотолгоо.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдлаас тухайн улс үн­дэст­ний эрүүл саруул байх эсэх нь хамаарч байдаг уч­раас төр ч, иргэд ч шүүх, шүүгчийг хараа хяналтаасаа огт гаргаж болохгүй. Орхивол эрх чөлөөгөө л алдана гэсэн үг. Гэтэл энэ чухал эрх мэдэл монгол улсад ард түмнээс дэндүү хүнийсч, онгон дархан зүйл болсон байна. Хөгжлийн талаас харвал дэндүү хоцорч. Шүүхийн байгууллага, түүний удирдлага Үндсэн хуулиар шүүх эрх мэдэлд олгосон аугаа их эрх, ололт, боломжийг ашиглаж чадсангүй. Харин эрх баригчдын ар өвөрт наалдаж, үйлчилж ирлээ. Үүнийг одоо засахад нэн хүнд. Яагаад гэвэл энэ байдлыг хадга­лахыг хүссэн “хар” хүч шүү­хэд бий болжээ. Энэ бол хэтрүүлэг эсвэл муучлах гэ­сэн атгаг санаа огт биш. Жаа­хан хөндлөнгөөс, ажиглалт, судалгаанд тулгуурлан шүүмж­­лэлт сэтгэлгээгээр ха­рахад л тодорч буй дүр төрх. Шүүхэд би “гомдож” яваагүй. Харин ч миний олон дотно нөхөд, шавь нар маань энд байгаа. Тэднээсээ элдэв юм сонсож байсан минь энэ нийт­лэлийг бичих сэжим болсон билээ. Нөгөө талаас шүүх эрх мэдэл хямарч, дампуурахаар ардчиллын хамаг ололт шороо шиг хийсээд алга болдог гэдгийг онолын хувьд би сайн мэднэ. Ардчилал шинэ залуу­хан байсан эхний он жилүүдэд хүмүүс шүүхэд итгэж эхэлсэн үе бий. Тэр итгэл одоо бүд­гэрсээр бараг алга болж бай­гааг судалгаа нотолж байна.

Сонирхлын зөрчил бүхий субъект

Олон нийтийн дунд шүү­хийн нэр хүнд доод цэгтээ хүрт­лээ унасан нь ноцтой асуу­д­ал юм. Үүнд Дээд шүү­хийн удирдлага дүгнэлт хийж чадахгүй байгаа нь бүр ч ноц­той. Дээд шүүхийн ерөн­хий шүүгч С.Батдэлгэр “Өд­рийн сонин”-д өгсөн ярилц­лага­даа “…шүүх, шүүгчийг янз бү­рээр цоллох, нэр хоч өгөх, “албан тушаалтан, мөн­­гө хөрөнгөтэй хүмүүст үйлчил­лээ” гэж харддаг нь шийд­вэр гаргадаг аливаа байгууллагыг дагаж явдаг үзэгдэл…Ер нь шүүх, шүүг­чийг янз бүрээр цоллох нь… шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого юм” гэж шүүхийн алдаа зав­хар­лыг хэлж, санаа сэдэл өгөх гэсэн хүмүүсийг буруутгаж байгаа нь харамсалтай. Дээд шүүхийн ерөнхий шүүгч ингэж хэлж болохгүй. Олон түмэн хардаж байгаа бол хардуулах юмтай, хардлага үүсэхээр өө сэв байна гэж дүгнэлт хийж, шаардлагаа өндөржүүлэх ёс­той билээ. “Сант марал” төв, “Шүүх эрх мэдлийн шинэт­гэлийн хөтөлбөр”-өөс 2001 онд Монгол улсын хэмжээнд явуул­­сан судалгааны “Шүүг­чийн шийдвэрт албан ту­шаалтан нөлөөлдөг” гэ­­сэн бодомжид нийт судал­гаанд оролцогчдын 41 хувь санал бүрэн нийцэж байна гэсэн байхад санал огт нийлэхгүй байна гэж дөнгөж 7 хувь нь үзсэн байгаа юм. Зүүн азийн баро­метрийн судалгаагаар монгол улсын шүүхэд итгэх олон ний­тийн итгэл 50-иас доош хувьтай байгаа юм. Шүүхэд итгэх ит­гэл, шүүх зохих ёсоор ажил­ла­даг эсэхийг тандах судал­гааг “Сант марал” 2001 онд Улаан­баатар хотын бүх дүү­рэг, Өмнөговь, Дундговь, Архан­гай, Увс, Сүхбаатар аймагт нийт 2203 хүнийг хам­руулан хийсэн. Судалгаагаар орон нутгийн шүүхэд бүрэн итгэдэг 16 хувь, дээд шүүхэд итгэдэг 30 хувьтай байгаа нь нэгийг өгүүлж байна.
Шүүхийн нэр хүнд зөвхөн олон түмний итгэл дээр тул­гуурлаж байдаг. Энэ бол шүү­хийн онцлог. Хамгийн наад зах нь шүүгч хэрэг, маргааны та­луудтай дангаар уулзаж бай­гаа нь хардах хангалттай үн­дэслэл мөн. Үүнийг хэн ч бай­сан хардана. Гэтэл энэ мэт хар­дах, бас шүүгч хараат бус байдлаа алдаж байгаа нүх сүвийг хуулиар хориглох ту­хай шүүх ямар ч санал, санаа­чилга гаргаагүй байгаа билээ. Бусад оронд шүүгч талуудтай дангаар уулзсан тохилдолд шууд сахилгын хэрэг үүсгэж шийтгэл ногдуулдаг. Энэ мэ­тийг шийдэхийн оронд үйлч­лүү­лэгчдийг буруутгаж сууж болохгүй.
Монголын шүүхийг албан тушаалтантай холбоотой, ав­лигын хэргийг шийдэх чадвар­гүй, ашиг сонирхлын зөрчил бү­хий субъект болсон гэж олон нийт ил тод ярьж байна. Шүүгч­дийн нүдэнд шударга ёс биш “өөр юм” харагдаж бай­гааг ард түмэн мэдээд, амсаад байгаад нухацтай дүгнэлт хийх ёстой. “Шүүн таслах ажил бол төрийн үндэс” гэ­сэн Ромын Дегистын алдарт үндэслэл монголд ийнхүү өнгө мөнгөний тоосонд дарагд­сан нь даанч харамсалтай.
Ер нь шүүх шударга ёс­ноос холдоод засаг баригчтай нөхөрлөөд, тэднийг дуулга­вартай сонсоод ирэхээрээ “шүүх- дарангуйлагч” гэсэн нэр хаяг зүүх төдийгүй хам­гийн аюултай дарангуйлагч болдог нь тогтсон үнэн юм. Тийм учраас францын сэтгэгч Ш.Монтескье “Хуулийн амин сүнс” зохиолдоо: “…шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэ­дэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бо­лолцоог бүрдүүлнэ” гэж хэлсэн билээ. Үүний буруу­тан нь хэлсэн, шүүмжилсэн, хо­хир­­сон, шүүхэд гомдсон хү­мүүс биш ээ. Шүүх өөрөө бу­руу­тай. Ийм байдалд орсон шүү­хийг дэлхийн бусад улс тү­мэн яаж байсан бэ?

Шүүхийг тарааж болох уу

Шүүхийн асуудлаар зориг гаргаж хийвэл зохих ажлын талаар, ялангуяа шүүхийг тарааж, шинэ цагийн шаард­лагыг дааж ажиллаж чадах өндөр мэдлэг, мэргэжил, мэр­гэ­шилтэй, орчин үеийн онол, арга зүйгээр сурч боловсорсон шинэ үеэр бүрдүүлэх тухай саналыг би Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Бага­банди гуайд хэлж байсан. Хуучин бүрэлдэхүүнийг ши­нэч­лэх гэснээс энэ нь хялбар арга байлаа. Олон улсын практикт ч туршиж, үр дүнгээ өгсөн арга. Шинэчлэхээс өөр­чилсөн нь хамаагүй ашигтай юм гэж бас бий. Цаг хугацаа ч их үнэтэй зүйл. Цаг хугацаа­наас үнэтэй зүйл бол ардчи­лал, хүний эрхийн талаар хүрсэн төвшингөө алдах. Тэр хүнд шүүхийг зоригтой шинэт­гэхэд улс төрийн таатай бо­лол­цоо олдоогүй байж мэднэ. Одоогийн Ерөнхийлөгчид ч зориг хийгээд одоогийн шүүх бүрэлдэхүүнээ зөв үнэлж чадвал оройтоогүй зүйл юм. Энэ мэтийг хийхэд Ерөнхийлөгч Н. Энхбаяр гуайд улс төрийн ихээхэн таатай нөх­цөл байгаа. Монголын ард­чиллын ололтыг хамгаа­лахад шүүх бүрэлдэхүүний үүргийг зөв үнэлж, зоригтой алхам хий­хийг олон түмэн хүлээж, харж байна.
Монголын шүүхийн 80 жи­лийн түүхийг эргэцүүлэхэд “муу нэртэй луу данстай” со­циализмын үеийн дэг жур­маа­саа өнөөдөр олон зүйлээр ухарч, нарийн муу аргад их су­ралцсан нь бас нууж болох­гүй үнэн юм. Социализмын үеийн шүүх улс төрийн намын эрх баригчдын гарт байсан хэ­дий ч тухайн үеийн шалгуу­раар шу­дарга ажиллаж, авлига хээл хахууль гэдэг аюултай үзэгдлээс хэрэг дээрээ ангид байсан юм шүү. Тийм учраас 80 жилийн ойгоороо найр наа­дам хийхээсээ илүү ал­даж, ухар­­сан түүхээ эргэ­цүүлж, сур­­гамж авч, дүгнэлт хийх хэрэгтэй.

Шүүгчид ээ Үндсэн хуу­лиа зөв “уншъя”

Манай шүүгчид шүүх эрх мэдлийн талаарх Үндсэн хуу­лийн хэм хэмжээ, үзэл ба­римт­лалыг зөв “уншиж” су­раа­гүй байна. Гашуун боловч зөв “унших” тухай энэ үгийг миний бие одоогийн шүүхийн тухай хуулийн төслийг бо­ловс­руулахад манай шүүгчид голлон оролцсон тухайд нь, шүүгчидтэй уулзаж ярилцсан үед төрсөн бодол, шүүгчдийн өөрсдийн нь хэлж ярьсан зүйлүүдтэй нь холбогдуулан хэлж байгаа юм. Энэ бол баримт.
Шүүх эрх мэдлийн та­лаарх Үндсэн хуулийн үзэл баримт­лалыг бүрэн “унш­саны” дараа хэрэг, маргаан шүүх “эрхтэй” болно, шүүхийн тухай жинхэнэ хуультай бол­но гэдгийг манай шүүгчид мартаж болохгүй. Мэр­гэ­шэ­гүй парламентыг ашиг­лаж, өөрсдийн явцуу сонирх­лоор хуулийн төсөл боловс­руулах, санал өгөхөө зогсооё. Хүн бүр шударга биш ч харьцангуй шударга, эрх зүйт хуулиар тэднийг хянах, хязгаарлах ёстой. Тэгж гэмээж шударга шүүхтэй болох эхлэл тавиг­дана. Өөрийгөө өөрөө шудар­га гэж цоллох хэрэггүй. Эх­лээд шүүх, шүүгч шударга байх, гагцхүү хуульд захираг­дан ажиллах сайн хуультай болох ёстой.

Дээд шүүхийн сул тайлбар

Улсын Дээд шүүхээс хууль тайлбарлах нэг чухал чиг үүргээ хангалтгүй хийж байгаа нь Дээд шүүхийн гишүүдийн чадал тэнхээтэй л холбоотой. Ачаалал их гэдэг нь үүнээс мултрах арга биш. Хууль тайлбарласан байдлыг судалж үзэхэд шүүхийн прак­тикаар шалгагдаагүй, тулга­раагүй асуудлыг хууль тог­тоог­чийн анхны санааг алдаг­дуулан гуйвуулан тайл­бар­лах, зарим тайлбар нь эрх зүйт ёсны зарчим, байгалийн шинжлэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хууль, зүй тог­толыг зөрчсөн байх, хуулийн хийдлийг ч дагуулан, хий­дүүлэн тайлбар хийсэн ба­римт цөөнгүй бий.
Хуулийн нэр хүндийг хам­гаалах нь шүүхийн үүрэг биш. Тийм учраас Ромын Дегистэд “Шүүгчийн мэдэлд хэрэг явдлын бодит байдлын асуудал л байхаас бус хуу­лийн нэр хүндийн асуудал байх ёсгүй” гэж бичсэн бай­даг. УИХ хууль батлангуутаа тайлбар гарга гэж “үүрэгддэг” нь чадавхи муутай шүүхийг ийм тайлбар хийхэд бас хүр­гэж байгааг бодох ёстой. Хууль зүйн мэргэжлийн бай­гуул­лагын хувьд Дээд шүүх энэ мэтэд ултай хандалгүй бушуу түргэн болчимгүй тайл­бар хийж нэр нүүрээ алдаж байгаа нь ачаа даах чадвар муугийн л илрэл. Дээд шүүх тайлбараараа хууль тогтоог­чийн алдаа, эндэгдлийг засах, хянах хэдий ч шүүхийн хэрэг­лээнд тулгуурлахгүй юм бол шүүх бус бас нэг бага парла­мент болж хувирна шүү дээ.

Шүүх эрх мэдлийн халуун цэг

Шүүх эрх мэдлийг шинэт­гэх талаар төр, шүүхийн бай­гуул­лагаас багагүй хүчин чармайлт тавьсныг үгүйс­гэхгүй. Харин үр дүн ямар байгаа нь чухал юм. Шүүх эрх мэдэл төрийн бусад эрх мэ­дэл­тэй харьцуулахад шинэт­гэгдээгүй “өвгөн” төрхөөрөө байгаа хамгийн хүнд, халуун “цэг” болжээ. Үүний шалтгаан юунд оршино вэ? Олон шалт­гаан бий. Хамгийн гол нь шүүх эрх мэдлийн хараат бус байд­лыг хангахыг зорьсон эрх зүйн үндсийг одоо болтол бий болгоогүйд оршино. Цаашид бий болно гэх найдвар, ма­гад­лал бас л муу байна.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг дээшлүүлье гэ­вэл одоогийн хуулийг үнд­сээр нь өөрчилж, шүүгчдийн бүрэлдэхүүнийг тарааж ча­дах­гүй бол орчин цагийн онол, арга зүйтэй, эрх зүйн ана­литик сэтгэлгээтэй, хуулиас өөр зүйлд үйлчилдэггүй, за­хи­рагддаггүй тийм дархлааг өөр­төө бүрдүүлсэн, бүрдүүлж чадах хуульчдаар идэвхтэй сэлбэх хэрэгтэй.
Шүүгчдийн хүйсийн байд­лыг ч цаашид бодох ёстой. Дийлэнх олонхи нь эмэг­тэйчүүд ажиллаж байна. Тэ­дэнд байгалиас заяасан хө­дөл­мөрийн хүнд хуваарь байдгийг бас бодох ёстой. Түүн дээр Монголын онцлог болон мэргэжил, мэдлэгийн төвшинг нэмбэл бүр хэцүү. Дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад шүүгчдийн хүйсийн харьцаа манайд яг эсрэгээр нь байгаа нь сайн үзүүлэлт биш. Энэ мэт олон суурь асуудал шүүх эрх мэдлийн өмнө байна. Үүнийг алсын хараатай бодлогоор зоригтой шийдэхэд бид бэлэн биш байгаа нь сэтгэл зовоо­сон асуудал юм. Нөгөө та­лаас өнөөгийн энэ зовлонт байдлыг хадгалах гэсэн со­нир­хол байхыг үгүйсгэхгүй. “Зуд­тай жил нохой зоолж, зовлонтой цагт лам таргална” гэсэн нэг муухай үг байдаг. Үүн шиг шүүхийн бие даасан байдлыг хангах нь ард түмэнд ашигтай ч тодорхой явцуу бүлэглэлд “ашиггүй”, шүүг­чийн хараат бус байдлыг хангах нь ард түмэн, шүүгч­дэд ашигтай ч дээрх бүлэг­лэлд бас “ашиггүй” болоод байгаа юм биш биз гэсэн болгоомжил байдаг. Яагаад гэвэл шүүх, шүүгчид нө­лөө­лөх нүх сувгаа тэд “хууль”-д алдана гэсэн үг.

Ядуу хуулийн сонгодог жишээ

Шүүхийн тухай хууль ядуу хуулийн сонгодог жишээ мөн. Энэ хууль-шүүхийн зо­хион байгуулалтын тухай, шүү­хийн ерөнхий зөвлөлийн, шүүгчийн хараат бус байдлын тухай хууль(зүй нь ийм 3 тусгай хууль байх ёстой)-ийн юм юмнаас жаахан оромдсон хэм хэмжээний нийлбэр юм. Өөр салбарын хууль Мон­голын тухайд одоохондоо иймэр­хүү байхыг үгүйсгэхгүй ч, хүний эрх, эрх чөлөөний баталгаа байх ёстой, хууль­чийн ажил, мэргэжлийн ноён оргил болсон шүүхийн тухай хууль ийм байж яавч бо­лохгүй.
Шүүхийн тухай хууль бол шүүх эрх мэдлийн хүч чадлыг дордуулсан, сулруулсан хууль гэж хэлэх үндэстэй. Эрх зүйн өндөр хөгжилтэй орнуудад шүүхийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль батлахыг Үндсэн хуулиар нь хориглосон байдаг. Үүнийг эрх зүйт ёсны(Rule of Law) нэг зарчим гэж үздэг. Энэ хуульд “шүүх бие даасан, шүүгч хараат бус байна”, “шүүгч гагцхүү хуульд захирагдана”, “хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож үл бол­но” гэсэн Үндсэн хуулийн заалтыг шууд хуулбарласныг эс тооцвол шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хэрхэн яаж, ямар аргаар хангах про­це­дурыг огт хуульчлаагүйг олж харж болно. Ийм чухал хуулийг хийхдээ Үндсэн хуу­лийн заалтыг задлахын оронд шууд хуулдаг нь хууль бү­тээгч­дийн сэтгэлгээний ядуур­лын илрэл юм.
Тийм учраас одоогийн мөр­дөж байгаа Шүүхийн ту­хай хууль шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах эрх зүйн эх сурвалж болж чадахгүй байгааг хүлээн зөв­шөө­рөхөөс өөр аргагүй. Бо­лох­гүй байгааг нь бүрэн мэ­дэх­гүйгээр шинэтгэл хийх, засаж сайжруулах нөхцөл бүрэлдэхгүй. Зөвхөн өнгө будаг л засна. Бөөн цаг, цаас, хөрөнгө мөнгө л урсана. Тат­вар төлөгчдийн мөнгийг хайр­лах ёстой. Түүгээр төрийн алба, албан хаагчийн ажил хэргийг хэмждэг цаг бас ирнэ.
Шүүгчид энэ хуулийг шүү­­хийн зохион байгуу­лал­тын тухай л хууль гэж үздэг юм билээ. Үнэхээр ч тийм. Шүүхийн бие даасан, шүүг­чийн хараат бус байдлыг хамгаалсан “цоохор” хэм хэмжээ нь хоорондоо авцал­даагүй, зөрчилтэй шүүх эрх мэдлийн хараат бус байдлын үндсэн бүрдэл хэсгүүдийг өм цөм орхигдуулсан байгаа юм. Хууль эрх зүй судлал шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байд­лын цар хүрээг онолын хувьд ерөнхийд нь зураг­лачихсан. Түүнийг мэдэх­гүйгээр, судлахгүйгээр тө­рийн энэ чухал эрх мэд­лийн тухай хуулийг хийх нь галаар тоглож байгаатай адил юм. Ер нь хууль бүтээ­хийн хариуцлагыг ухаарах цаг болсон. Парламентаас батал­сан хууль бүр нь формаль утгаараа хууль боловч, “хуул­ийн амин сүнс”, “үндсэн эрх, хэм хэмжээний” (Basic Norm) шалгуураар авч үзвэл хууль гэж хүлээн зөвшөөрөхөд хэ­цүү зүйл олон байдаг.

Гурван ихэр хууль төрөх ёстой

Шүүхийн тухай хууль ийн­хүү шүүх эрх мэдлийг хямруулж, хүчгүйдүүлж, ха­раат бус байдлыг нь хамгаалж чадахгүй харин ч алдагдуулж байгаа нь хууль тогтоогчдын болон энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл­гээний хоцрогдол, Үндсэн хуулийн үг бүрийн цаана түмэн утга байгаа гэдгийг нээж унших билгийн нүд, ухаан, мэргэшил дутсаны илрэл гэхээс өөр юу хэлэхэв.
“Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэг­жүүлнэ” гэсэн Үндсэн хуу­лийн 47.1-ээр “Шүүхийн зо­хион байгуулалтын тухай хууль”-ийг, “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захираг­дана” гэсэн 49.1-ээр “Шүүг­чийн хараат бус байдлын тухай хууль”-ийг, “Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана “ гэсэн 49.3-аар “Шүүхийн ерөнхий зөв­лөлийн тухай хууль”-ийг хийх бү­х­эл бүтэн концепци нь бэлэн байгаа юм. Харин тэдгээрийг задлан уншиж, дэлгэрүүлэн нарийвчилж, нэгбүрчилсэн хэм хэмжээ, хууль тогтоож чадаагүйд гол алдаа байгаа юм. Тийм хуу­лийг хийх хүн хүч Монголд бий. Харин түүнийг ашиглах нь чухал. Гэтэл эрдэмтэн, мэргэжилтэн нараа “улс төрж­дөг”, “үзэл бодлын зөрүүтэй” гэсэн нэр, хоч өгч ашиг­ла­дагүй. Бүр үүгээр мэргэшсэн, дарга нар дээр орж тэдгээр хүмүүсийг тодруулж, хооронд нь яс хаяж, өөрөө амьдардаг улс төрчид олширч, төрийн хуулийг хүртэл өөрсдийн хувийн байр суурийг хад­га­лах, бэхжүүлэх явцуу сонирх­лын үүднээс боловсруулж батлуулдаг жишиг тогтсон байна. Энэ бурангуй явдлаас салах юмсан.

Хараат бус шүүхтэй байх нь эрх зүйт төрийн нэг шалгуур

Шүүх эрх мэдлийн тухай хууль тогтоомжийн сайн баазыг бүрдүүлэх нь зөвхөн шүүхийн байгууллага, 407 шүүгчийн асуудал биш юм. Энэ бол эрх зүйт төрийн зарч­мыг хэрэгжүүлэх, ард­чил­лын үнэт зүйлсийг хам­гаалах, хүний суурь эрхийн хэрэгжилтийг хангах эх сур­валж мөн. Шүүх улс төрийн нөлөөтэй, бие даагаагүй, шүүгчийн хараат бус байдлыг хуулиар бүрэн хамгаалаагүй улс оронд шударга ёс, хууль ёс, хүний эрх ,эрх чөлөө хэзээ ч хэрэгждэггүй. Иргэ­ний нийгэм ч төлөвш­дөг­гүй.Тэнд аймшгийн сэтгэл зүй төлжиж, төр, хуулийн өмнө иргэн хүчгүйдэж, “аавизм”(патернализм) цэцэг­лэж, ардчиллын ололт, үнэ цэнэ аажим аажмаар алга болж байдаг юм. Тийм учраас шүүх эрх мэдлийн хараат бус байдал нь эрх зүйт төрийг зорьж байгаа эсэхийн нэгэн шалгуур болсоор иржээ.

Шүүхийн бие даасан байдлын хомсдол

Шүүх эрх мэдлийн бай­гуул­лага удирдлага, зохион байгуулалт, төсөв, сан­хүү­гийн хувьд төрийн бусад эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас төдийгүй хөрөн­гөлөг хүмүүсээс хараат хэ­вээр байна. Өөрөөр хэлбэл, тогтолцооны хувьд бие даа­сан байдлаа хангаж чадсан­гүй. Шүүхийн төсөв сүүлийн 10 жилийн байдлаар улсын нийт төсвийн 0.39 хувийг эзэлж байгаа нь даанч бага хувь юм. Энэ бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын хангалт, үйлчил­гээг хариуцсан Үндсэн хуу­лийн байгууллагын эрх зүйн статусыг одоо болтол бий болгоогүйтэй, одоогийн эрх зүйн орчны хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл олигтой ажил­лаж чадаагүйтэй холбоотой. Жишээ нь, Одоогийн Шүү­хийн тухай хуулийн 60.1-д шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг (1) шүүгчдийг шилж олох, (2) эрх ашгийг хамгаалах, (3) шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хан­гах гэж Үндсэн хуулийн заал­тыг зөвхөн давтан хууль­чилснаас өөр зүйл алга байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд албан тушаа­лаар орсон дарга нар шүүх эрх мэдлийн хараат бус байд­лыг хангах талаар юу ч хий­сэн­­гүй. Шүүгчийг томи­луу­лахаар нэр тодруулахад л очиж лобби хийдэг. Ажлын ал­ба нь цаас дамжуулдаг ажил­тай. Шүүхийн төсвийн хараат бус байдлыг арилгах талаар ямар санал санаа­чилга гар­гасныг хэн ч мэд­дэгүй.
Шүүхийн тухай хуулийн Ерөнхий зөвлөл гэсэн 6-р бүлэгт ерөнхий зөвлөлийн дээр дурьдсан үндсэн чиг үүргийг “задалж”, шүүгчийн орон тоо, цалинг тогтоол­гох(62.1.2), шүүхийн төсөв хуваарилах, зарцуулалтад хяналт тавих(62.1.3) гэсэн хоёрхон зүйлийг эс тооцвол уг бүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах талаар хэрэг дээрээ нарийвчилсан зохи­цуу­лалт байхгүй байгаа юм. Үүнийг шүүхийн бие даасан байх эрхийг хуулиар хомс­дуул­жээ гэхээс өөр юу хэлэ­хэв. Энэ үед шүүгчид, шүү­хийн удирдлага маань хаана байсан бол?

Эрх зүйн хомсдолоос гарахад…

Шүүхийн ерөнхий зөв­лөлийн тухай хуулиар нэн даруй шийдэх асуудалд:
1.Одоогийн бүх шатны ерөнхий шүүгчдийн хэрэг­жүүлж байгаа захиргааны бүх чиг үүргийг ерөнхий зөвлөлд шилжүүлэх явдал юм. Тэгсэн цагт ерөнхий шүүгчдийн “да­рамт”-аас шүүгч чөлөө­лөг­дөж, тэдгээрийн хооронд зөв­хөн мэргэжлийн удирдлагын харилцаа дангаар хэрэгжинэ. Шүүхийн удирдлагаар дам­жиж шүүхэд нөлөөлдөг гад­нын нөлөө ч арилна. Шүүг­чийн хараат бус байдал до­тоод­­доо хамгаалагдах нэг чу­хал нөхцөл бүрэлдэнэ.

2. Шүүхийн төсөв, санхүү, хө­рөнгө оруулалтын асууд­лыг Төсвийн тухай хуульд ний­­цүүлэх бус харин шүүх эрх мэдлийн онцлогт төсвийн хууль зохицож байх ёстойг шүүх эрх мэдлийн тухай Үнд­сэн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалын үүднээс авч үзэж, бие даан тодор­хой­лох асуудлыг хуульчлах ёс­той.

3. Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага шүүхийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэхтэй хол­богдсон материаллаг нөхцөл, хангамжийн талаар хүлээх үүргийг хүсэх, дэмжлэг үзүү­лэх гэх мэтээр ор нэрийн зохицуулалт хийлгүй үүрэг­жүүлэн хуульчилж өгөх, хэ­рэг­жүүлээгүй тохиолдолд ха­риуцлага тооцох арга замыг тодорхойлох хэрэгтэй. Шүү­хийн ерөнхий зөвлөлөөс шүү­хийн жилийн төсвийг боловс­руулахад Шүүгчдийн зөвлө­лийн саналыг заавал авдаг журмыг хуульчлах, шүүхийн төсвийн төслийг Засгийн га­зарт Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан оруулж хэлэл­цүү­лэх, хэрэв Сангийн яамаар дамжина гэвэл санал илэрхий зөрсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өөрийн санал дүгнэлтийг УИХ-д зэрэгцүүлэн оруулж хэлэлцүүлдэг журмыг хууль­чилж болох юм.

Шүүх эрх мэдлийн тогтолцоон дахь нэг том алдаа

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад саад болсон өөр нэг хүчин зүйл бол Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний удирд­лагыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хавсруулсан буруу тогтолцоонд байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хавсруулсан нь Засгийн газрын гишүүнд хавсруулж байснаас дутахааргүй сөрөг үр дагавартай, том алдаа болсон. Ерөнхий шүүгчид энэ албан тушаалыг хавсарч байх сонирхол тун их байдагт хамаг “но” нь байдаг. Энэ бол шүүх доторхи эрх мэдлийн хуваарилалтыг зөрчсөн, шүүхийн мэргэжлийн удирдлагыг захир­гааны удирд­лагаар солих үүд хаалгыг нээсэн, улмаар шүүх дотроо шүүгчийн хараат бус байдлыг бусниулах механизм болсон. Шүүгчидтэйгээ мэргэжлийн удирд­лагаар бус харин захир­гааны удирдлагын чиг үүргээр харилцах сонирхолд юу нуугдаж байгааг шүүгчид олонтаа ярь­даг.Гэвч тэд энэ ме­ханизмаас айгаад ил тод гаргаж чаддаггүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга бол Засгийн газар, Улсын Их Хурал, нутгийн захиргааны байгууллагатай шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж бэхжүүлэхийн төлөө салам үзэлцэж байдаг, бие даасан өргөн эрх мэдэлтэй, Засгийн газрын гишүүний зиндаатай албан тушаалтан байх ёстой. Шүүх эрх мэдлийн хараат бус ажиллах хангалт, үйлчилгээг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариуцаад гүйж байна гэж та бүхэн төсөөлөөд үзээч. Даан ч болмооргүй байгаа юм. Төрийн эрх мэдлийн хуваа­рилалт гэж нэг юм бий.
Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний удирдлагыг аль нэг байгууллага, албан тушаалд хавсаргаж үл болох Үндсэн хуулийн байгууллага гэдгийг хүлээн зөв­шөөрч, эрх зүйн байдлыг цоо шинээр бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай байна. Тэгсэн цагт шүүхийн бие даасан байдлыг хамгаалах, эрх зүйн орчин, тогтолцоотой болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Шүүгчдийн зөвлөлийн саналыг үндэслэн Монгол улсын Ерөн­хийлөгч томилдог байх нь зөв.

Шүүгчид зовсон хүмүүс

Шүүгч эрх мэдэлтнээс, шүүхийн удирдлагаас, өөрөө­сөө хараат байдалд байгаа зовсон хүмүүс. Тэд зовлонд унахаар ард түмэн түүнээс илүү зовдог нь бүүр хэцүү. “Шүүгчийн нүдэнд цаг ямагт шударга ёс л харагдаж байх ёстой” гэж Ромын Дегистэд бичжээ. Мөн шүүх бүрэлдэхүүний чанар чансаа шүүх, шүүгч хараат бус байх шаардлагыг даахааргүй, шүүгчдийн мэргэжил, мэргэ­шил, ёс зүйн төвшин тун хангалтгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэлээ бүрэн, зөв гаргаж бичиж чаддаг шүүгч бараг байхгүй. Ойр­могхон гарсан нийслэлийн шүүхийн нэг магадлалд өмнө нь анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгчийг цагаатгасан хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд буцаах гол үндэслэлээ тухайн хүний “…хувийн байдлыг тогтоох, түүнд хү­лээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг шалгаж тогтоох” тухай заажээ. Энэ заалтаас Монголын шүүх яаж ажилладаг болсныг харж болно. Шүүх хүний төрөлх эрх, салшгүй шинжид(хүн бүр өөр өөрийн зан төлөв, араншин, сэтгэл зүйн хэв шинжтэй) халдах тухай зааварчилгаа өгч байгааг юу гэж ойгох вэ? Энэ бол шүүх юу хийх ёстойгоо, юу хийж болохгүй гэдгийг мэдэхээ болисоны том нотолгоо юм.
Шүүгчдийг хүндрүүлж байгаа нэг ноцтой хүчин зүйл бол шүүгчийн хэрэглээнд байгаа хууль тотоомжийн чанар чансаа, эрх зүйт ёсны шаардлагыг хангаагүй байдал нь тэднийг улам доройтуулж, эргэлзээ эргүүлэгт оруулж, сэргэлэн нэгийг дураар авирлах, ёс журам сахидаг хэсгийг алмайруулж, улмаар тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, “муу хууль- муу шүүгчийг төрүүлдэг” гаж тогтолцоо руу түлхсээр байна. Гэтэл муу хуулийг засах залруулах эрхийг тэдэнд хуулиар олгосныг хэлэх хэрэгтэй. Түүнийг ашигласан шүүг­чийг хэн ч дуулаагүй байгаа билээ.

Шүүxэд итгэдэггүйн нэг шалтгаан

Шүүхийн шийдвэрийг эмхэтгэлийг унши­хад шүүгчдийн мэдлэг чадвар, мэргэшсэн төвшин ямар байгааг харж болно. Шүүхийн шийд­вэрийн үндэслэлдээ хуулийн зүйл заалт, хууль зүйн факт хоёрыг субсунц хийх, эсвэл энэ үйл явцад шүүгч хэрхэн хандсаныг мөн давхар субсунц хийсэн үйл явц, эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ эрх зүйт ёс (Rule of Law)-ны зарчим, онолын нийтлэг тайлбарыг хэрхэн яаж хэрэглэж, шийдвэрт хүрсэнээ бичихийн оронд “зохих хуулийг хэрэглээгүй байна”, “зөв дүгнэлт өгөөгүй байна”, “… гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэж бичиж байгаа юм. Ийм үндэс­лэлтэй шүүхийн шийдвэрийг авсан талууд хэрэг маргаан хэрхэн яаж шийдэгдсэнд итгэл үнэмшил төрөх байтугай, оньсого мэт үлдэж, шүүх, шүүгчийг хардаж, гомдох нь зүйн хэрэг билээ. Жижиг боловч бодох нэг жишээ бол нотриат баримт бичгийг баталдаг уу, гэрчилдэг үү гэдгийг мэддэгүй шүүгч байх юм. “Батлах”, “гэрчлэх” нь хууль зүйн өөр өөр утга, үр дагавартай ойлголт. Ийм шийдвэрээ “сайн” гэж нийтэлсэн нь гайхалтай. Шүүхийн амин чухал үйлс болсон шийдвэр, магадлал ингэж гарч байгаа болохоор хүмүүс шүүхэд үл итгэх нь зүйн хэрэг.
Шүүхийн шийдвэрийг эмхэтгэн гарга­сан нь шүүх, шүүгчийн багийг хуулж, жинхэнэ нүүр царайг нь харуулав. Хамгийн гайгүйг нь хэвлэж байгаа нь тэр гэсэн шүү. Хэвлээгүй байгааг үзвэл юу байгаа бол. Шүүхийн амьд шийдвэрүүд жинхэнэ шүүх, шүүгчтэй газар хуульчийг бэлтгэх хамгийн чухал хэрэг­лэг­дэхүүн байдаг гэсэн. Гэтэл манай шүүхийн шийдвэрүүдийг сургалтад ашиглах гэхээр нэг хэсэг нь “өө энэ шүүгч гэдэг чинь ийм амархан, энгийн юм хийж суудаг хүн үү гээд”, хэрсүү нэг нь түүнээс сурах нь бүү хэл шүүмжлээд, даан ч дээ гэж халаглах нь холгүй болоод “багш нарынхаа зохиосон бодлогыг бодох нь бидэнд хавьгүй илүү юм” гээд тоохгүй юм. Энэ бол арай л нэг хэтэрсэн зүйл биш үү.
Шүүгчид ч өөрсдөө ийм байдалд бай­гаагаа бас шударгаар хүлээн зөвшөөр­дөг юм. 270 гаруй шүүгчээс “Шүүгчид өдгөө дутагдаж байгаа чанарын талаар асуулга явуулахад (1) мэргэшсэн чанар дутдаг- 65.7 хувь, (2) хууль зүйн онолын мэдлэг дутдаг-75.0 хувь, (3) мэргэшлийн ёс зүй дутдаг-46.6 хувь гэсэн хариулт өгсөн байна.
Тэгэхлээр, шүүгчийг шийдвэрээ үндэс­лэлтэй гаргаж, түүнийгээ хэнд ч ил тод, итгэл үнэмшил төрөхөөр бичиж сургах хэрэгцээ өнөөгийн нэг тулгамдсан асуудал болжээ. Одоогийн сургах арга нь шүүгч­дийн дунд хаа нэг явуулдаг ч тэр нь ямар ч үр өгөөжгүй, тэдний хүсэн хүлээсэн эрэлт, хэрэгцээг хангадаггүй, онолын болоод мэргэшүүлэх чиглэлгүй, шүүгчдийн ярьд­гаар “ямар ч эрдэмжээгүй, сургах арга барилд сураагүй, биднийхээ ижил нөхөд социализмын үеийн улс төрийн сонсгол шиг юм зохион байгуулж, хамаг цагийг дэмий үрдэг” хэлбэрээр энэ асуудлыг шийдэх үү. Арай ч болохгүй. Ийм аргаар сургах гэвэл мөн ч олон жил зарна, үр дүнд ч хүрэхгүй байх. Зарим нь хэзээ ч сурахаа­саа өнгөрсөн байж мэднэ шүү. Одоо яах вэ? Хоолыг нь хороож байгаа хүмүүс илүү бод, арга замыг ол. Бэлэн юм бүү хүлээ.

Шүүх дэх “хамтын шийдвэр” гаргадаг сүлжээ

Шүүн таслах үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээг эрх зүйт ёсны зарчим, онолын нийтлэг тайлбараар баяжуулан хэрэглэдэг, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтыг ашигладаг шүүгч бараг байхгүй байна. Гэтэл хууль тогтоомж нь маш ерөнхий манайх шиг улсад эрх зүйт ёсны зарчим, онолын нийтлэг тайлбар, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэхгүйгээр хэрэг, маргааныг шийдэж байгаа нь эрүүл саруул ухаанд ихээхэн итгэл үнэмшил муутай асуудал юм. Жишээ нь шүүхээр хамгийн их маргаан ший­дүүлдэг хөдөлмөрийн эрх зүйн салбарт Монгол улс 1969 оноос хойш 16 орчим олон улсын гэрээ, ковенцид нэгдсэн атлаа энэ хугацаанд шүүхийн практикт тэдгээрээс хэрэглэсэн нэг ч тохиолдол байхгүй нь туйлын харамсалтай хэрэг юм. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци нь эрх зүйн эх сурвалжийн хувьд үндэсний хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай учраас шийдэгдсэн маргааныг эдгээр гэрээ, конвенцийн заалтын үүднээс дахин авч үзвэл шийдсэн хэргийн хувь заяа ихээхэн өөрөөр эргэж болохыг үгүйсгэхгүй.
Гагцхүү хуульд захирагдаж, хууль зүйн нарийн шинжилгээ хийж мэргэн шийдвэр гаргах нь бүү хэл хүчингүй болсон хуулиар хэрэг шийдсэн шүүгч ч тааралдаж байлаа. Бас хэнд ч, юунд ч захирагддаггүй “хэт” хараат бус болчихсон, дархлагдсан, шүүгчид бас бий. Жишээ нь, өөрт нь үүсгэсэн сахилгын хэргийг шүүхийн удирдлагыг, Сахилгын хорооны даргаа салам загнаж байгаад хэрэгсэхгүй болгох нүх сүвийг олуулж байгаа шүүгч байх юм. Мөн шүүх дотор манай улс төрийн нам, парламент, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд байгаа гэдэг шиг олигархи маягийн хэсэг, фракци бүлэглэл бий болж “хамтын” шийдвэр гаргадаг сүлжээ маягийн юм бий болжээ. Энэ сүлжээнд ороогүй, зөрүүд, шударга нөхдүүд шүүхээс шахагдах, адлан шүүмжлэгдэх, шийдсэн хэрэг нь “бөөс түүлтээр” дараагийн шатанд унах явдал ч байдаг гэнэ. Тэгээд тэд удахгүй номхорч, зөөлөн чихтэй, шударга ёс, хууль ёсд халтай хүмүүсийн эгнээнд шилжинэ. Ийм зовлонг олон шүүгч амсаж байгаагаа сэм ярьж, амьдралаа бодож, “сохрын газар сохор болж” явнаа гэж шүүрс алдаж явдаг.

Дээд шүүхийн ховдог сэтгэлгээ ба “ажиллагаа”

Шүүгчдийн ажил хэргийн мэдлэг, мэргэжлийн төвшинг тогтоож байдаг Мэргэжлийн хороо, шүүгчийн ёс зүйг үнэлж дүгнэдэг, хариуцлага хүлээл­гэдэг Сахилгын хороо Дээд шүүхийн заавраар ажиллаж ирлээ. Тэдгээрийн дарга нар заавал дээд шүүхийн гишүүн байх бичигдээгүй хуулийг “ажиллагаа”-ны аргаар тогтоож чадлаа. Зүй нь тэдгээр институтын бие даасан, хөндлөнгийн байдлыг хангах үүднээс Дээд шүүхээс чөлөөтэй, хараат бус ажиллах ёстой билээ. Ингэж гэмээнэ шүүх, шүүгчдийг эрүүл саруул байлгах дотоод хяналтын механизм болох ёстой. Түүнийг Дээд шүүх өөртөө элсүүлчихээр шүүх, шүүгч дур зоргоор авирлах бололцоог шүүх өөрөө бий болгож байгаа юм. Дээд шүүхийн энэхүү хамж авах ховдог сэтгэлгээний цаана юу нуугдаж байна вэ гэвэл шүүгчдийгээ “ангийн дайснаас” хамгаалах гэсэн аавизмын сэтгэлгээ бус харин мэргэжлийн удирдлага ноёрхож байх ёстой төрийн цорын ганц байгууллагад захиран тушаах аргыг хадгалж, хэнийг шүүгч болгох, эс болгох, хэнд ямар арга хэмжээ авах, эс авах, хэнийг шүүхэд оруулах, зайлуулахад Дээд шүүх гар дүрж байх гэсэн ёс бус, хууль бус санаа, үйлдэл юм. Энэ санаа, үйлдэл нь эцэстээ шүүгчийн хараат бус байдлыг дотроосоо бусниулах механизм болж хувирчээ. Шүүхийн эдгээр институтын хараат бус, хөндлөнгийн байх эрхийг хангах үүднээс олон улсын жишигт энэ мэтийг хуулиар зохицуулсан жишиг байдгийг сануулж, зөв ажиллах үүднээс ингэж болохгүй гэдгийг сануулахад “ажил­лагаа­гаа” улам эрчимжүүлж, аргаа нарийс­гаж байгааг харж суухад өрөвдмөөр байдаг юм. Зохицуулалт байхгүйг далим­дуулж шүүхийн чадавхийг сулруулах үйл рүү Дээд шүүх өөрөө ийнхүү ханцуй шамлан орох нь их л том сонирхол байгааг илэрхийлнэ.
Ер нь шүүх төрийн эрх мэдлийн нэг салаа болох хувьдаа дотооддоо төдийгүй, гадаад талаас ард түмний шударга ёсны хараа хяналт дор байх ёстой бөгөөд түүнийг шүүх хангаж байх үүрэгтэй. Энэ бол шүүх эрүүл саруул байх эм нь юм. Гэтэл шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр өөрсдийн хүнийг хэлбэрийн төдий орол­цуу­лах, зарим ир­гэдийн төлөөлөгчийн шударга ёсны үүднээс тавьсан оновчтой саналыг “хуульд ийм байдаг гэсэн лантуу­гаар” цохиж, шүүх дэх ард түмний хяналтыг ор нэр болгосон нь хүн бүр анзаардаггүй мөртлөө агуулгаараа шүүхийг дарангуйлал руу улам бүр хөтөлж буй хортой үзэгдэл мөн.

Шүүхийн удирдлагаар дамжин ирдэг түрэмгийлэл

“Шүүгч гагцхүү хуульд захи­рагдах” тухай ойлголт бол материал­лаг болон процессын хэм хэмжээний талтай. Материаллаг тал нь шүүгчийг хуулиас өөр хэн ч, юу ч захирахгүй гэсэн агуулгатай. Процессын хэм хэмжээний тал нь манай шүүгчдийн сайн мэддэг хэрэг, маргаан шийдэхдээ хууль, эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгоно гэсэн агуулга­тай. Гэхдээ энэ нь манай шүүгчдийн ойлгод­гоор эрх зүйт ёсны зарчим, онолын нийтлэг тайл­бараас зугтана гэсэн утгыг агуулдаггүй юм. Шүүгч гагцхүү хуульд захирагдах тухай Үндсэн хуулийн заалтыг ингэж ойлгож, шүүгчийг хөндлөнгөөс шууд болон дам захирах бүх оролдлогоос хаасан хамгаа­лалтыг шүүгч хараат бус байдлаа хадгалах түвшинд хуульчилсан Шүүгчийн хараат бус байдлын тухай хууль гаргах цаг болжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 49-ийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн байгууллагын бусад албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг шүүгчийн хараат бус байдлын тухай хуульд давтан хуулал­гүй(шүүхийн тухай хуульд шууд хуулан бичсэн байгаа) ямар үйлдэл, эс үйлдлийг “оролцоо”, “нөлөөлөл” гэж үзэхийг нарийвчлан зааж, санкцийг тодор­хойлох ёстой. Жишээ нь, хэрэг, маргааны оролцогч, зохигчдоос өөр этгээд, хэрэг маргааны нэг тал шүүгчтэй дангаар уулзах, санал дүгнэлт хэлэх, дамжуулах, хэрэгтэй танилцах, үндэслэлгүй шагнах, зэрэг дэв ахиулах, хуульд заагаагүй, шүүгчийн шаардлагагүй гэж үзсэн ажиллагаа явуу­лахыг шаардах, санал болгох гэх мэт.
Шүүгчийн хараат бус байдал алдагдаж байгаад гаднын “түрэмгийлэл”-ээс илүү шүүхийн удирдлагын буруу арга барил, хууль зүйн буруу зохицуулалт өөрсдийн нь хүлээлт дээр байгааг хэлэх хэрэгтэй. Ховдог сэтгэл, ая тал засах араншин, мэдлэггүй, мэргэ­шээгүй, ёс зүйгүй, ноён нуруугүй, хүлцэнгүй аймхай хулчгар чанар нь хараат байдалд хүргэж байгааг ч хүлээх ёстой. Нийт шүүгчдийн 60 орчим хувийн дунд явуулсан судалгаагаар албан ту­шаалт­ны хууль бус нөлөө шүүхийн удирд­лагаар дамжин нөлөөлдөг гэж үзэж байгаа нь ноцтой баримт юм.
“Шүүгчийн хараат бус байдлыг ханга­хын тулд эн тэргүүнд хийх ажил”-ын талаар анкетын асуулга шүүгчдийн дунд явуулахад судалгаанд оролцсон шүүгчдийн 70.6 хувь нь шүүгчдийг улс төрчдийн нөлөөнөөс хамгаалсан механизм бүрдүүлэх, 54.4 хувь нь шүүгчийн нийгмийн хамгааллыг дээш­лүүлэх, 36.2 хувь нь эрх зүйн хамгаалалтыг боловсронгуй болгох тухай санал гаргажээ. Бусад этгээдээс шүүхийн бүх шатны удирдлагаар дамжин шүүгчид нөлөөлөх нь түгээмэл байгааг хязгаарлахын тулд шүү­хийн мэргэжлийн удирдлага, хяналтын хүрээ хязгаарыг хуулиар тогтоох шаард­лагатай. Шүүхийн тухай хууль дахь “шүүхийн мэргэж­лийн удирдлага” гэсэн ойлголтыг Дээд шүүхийн тайлбарт тайлбар гаргахаас гадна сургалт явуулах, зөвлөмж гаргах төдийгээр хязгаарласан нь оноогүй байна.
Шүүхийн удирдлагаар дамжин гаднын нөлөө орох үүд хаалгыг одоогийн Шүүхийн тухай хууль олгож байгаа юм. Тухайлбал, Улсын дээд болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч шүүгчдийг шагнал урамшилд тодорхойлох, шүүгчийн ёс зүй зөрчсөн, ажил, мэргэжлийн түвшинг тогтоол­гох хүсэлтийг Шүүхийн сахилгын болон Мэргэжлийн хороонд гаргах, давж заалдах болон анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэрэг хуваарилж, шүүх хуралдаан даргалагч болон шүүх хурал­дааны бүрэлдэхүүнийг томилж байгаа зэргийг дурьдаж болно. Эдгээр удирдлагын чиг үүргийг Дээд шүүхийн тайлбарт мэргэж­лийн удирдлагад хамааруу­лаагүй нь зөв юм. Тэгэхлээр эдгээр нь ямар чиг үүрэг вэ? Мэдээж энэ нь захиргааны чиг үүрэг мөн. Ерөнхий шүүгч шүүгчийн хооронд зөвхөн мэргэжлийн удирдлагын харилцаа байх ёстой. Захиргааны чиг үүргийн харилцаа байх нь шүүгч ерөнхий шүүгчээсээ хараат болж, ерөнхий шүүгч сонирхлын бүлгийн объект болдог нууц энд байгаа юм. Үүнээс гарахын тулд эдгээр захиргааны чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, мэдээллийн технологийн ололтод(хэрэг хуваариалах, шүүх хурлыг даргалах, бүрэлдэхүүнийг томилох ажиллагаа хэн нэгнээс үл хамаа­ралтай, өндөр нууцлалтай, комьпютерийн программын аргаар бүрэн хийдэг болох) шилжүүлчихвэл шүүхийн мэргэжлийн удирдлагын хүрээ хязгаар аяндаа тодорно.

Хөөрхий муу шүүгчид…

Шүүгчдийн цалин, нийгмийн асуудал үнэхээр орхигд­сон асуудал бас мөн. Шүүгчийн цалин ямар нэг байгууллага, албан тушаалтны шийд­вэр, үзэмжээс хамааралгүй хуулиар тогтоосон байх, түүнийг буруулахгүй байх ёстой. Шүүхийн тухай хуульд үүнийг заахын оронд “дарга” шүүгчийнхээс бага байх тухай санаа, цалин бууруулах үндэс­лэл(54.1.2) оруулсан нь инээдэмтэй, жишиг бус зүйл юм. Шүүгчийн цалинг бууруулахгүй байхыг олон улсын жишигт шүүгчийн хараат бус байдлын нэг чухал шалгуур болгодог. Шүүгчид ийм зохицуулалттай хуультай байгаа нь харамсалтай.
Нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчдийн 31-ээс илүү нь орон сууцгүй байна. УИХ-ын гишүүн сонгогдонгуутаа орон сууц эсвэл мөнгө авдаг. Шүүгчид эрхэм гишүүдээс юугаараа илүү эсвэл дутуу вэ?
Орон сууцгүй шүүгчийг хараат бус гэж хэн ч үзэхгүй. Байр амлахад барьц алдах нь хамгийн өндөр магадлал. Яагаад гэвэл орон сууц бол хүний салшгүй хэрэгцээ. Түүнд өргөсөн тангараг, хууль гэх мэт зүйл олигтой саад болохгүй. Бусад улсын хуульд үүнийг төрөөс “дэмжлэг үзүүлнэ”(Шүүхийн тухай хууль 86.1,86.2) гэж молигодох бус заавал хангах арга замыг зааж хуульчил­даг. Шүүгч-хуульчид үүнийг мэддэг байлгүй. Харин дуугүй байдаг нь ямар учиртай юм бол доо. Татвар төлөгчдийн хөрөнгийг хайрласан хэрэг үү, өөрөө “аргалах” гээд байгаа юм уу бүү мэд дээ.
Шүүгчийн мэргэшил, ур чадварыг тасралтгүй боловсролын тогтолцоогоор дээшлүүлж байх нь “шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн хэсэг” гэж үзэх болжээ. Тийм учраас шүүгчид голоод байгаа “улс төрийн сонсголоо” шүүх эрх мэдлийн бүрэл­дэхүүний хэмжээнд хүргэх хэрэгтэй. 14 хоногийн оромдсон сургалтаа серта­фикатын төвшний мэргэшүүлэх сургалт болгох арга замаа хуульчлах ёстой.
Шүүгчийн ажлын ачаалал тэднийг нэн сулруулж байгаа нэг хэцүү асуудал.
Улсын хэмжээнд 2004 оны байдлаар эрүүгийн хэрэг 7021, иргэний хэрэг 23290, захиргааны 145, захиргааны арга хэмжээ авахуулах хүсэлт 12127, ялтныг хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай материал 2107, баривчлах зөвшөө­рөл олгох, эсэх талаар 7465 хүсэлт зэрэг 57115 хэрэг, материалыг 407 шүүгч хүлээн авч шийдвэр­лэжээ. Цаашид шүүхэд ирэх хэрэг, маргааны тоо өсөх хандлагатай байна. Тиймээс шүүгчийн ажлын ачааллыг цаашид ший­дэхийн тулд шүүгч, туслах аппаратын тоог нэмэх зэрэг идэвхгүй аргыг ашиглахаас илүү, хэрэг маргааныг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэдэг төрөл, хэлбэрийг өргөжүүлж хуульчилмаар байна. Одоогийн байдлаар эдгээр арга, хэлбэрийн аль аль элементийг ашиглаж байгаа ч эрх зүйн зохицуулалтын нарийвчлал дутуу, эсвэл талууд сонгох агуулгаар зохицуулсан нь шүүхийн ачааллыг хөнгөлөх хөшүүрэг болж хараахан чадахгүй байгаа юм.

“Шүүгчийн нүдэнд шударга ёс л цаг ямагт харагдаж байх ёстой” гэсэн Ромын Дегистын алдарт үндэслэлийг шүүгчид минь бүү март. Мартвал монгол улс балрах нь тэр. Улсыг баллавал нүгэл нь хэдэн үеэр үл төлөгдөнө.

 

2006/04/11