“G time” гэх сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүн элсүүлж хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал М.Марат тэргүүтэй найман иргэнийг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хугацаанд М.Маратыг саатуулаад байсан ч бие нь чилээрхэж гадуур байцаагдах болсон. Ж.Маратад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсээд байгаа юм.

Тэгвэл М.Марат хэргийн мөрдөн байцаалтын үеэр оргон зайлсан байна. Түүнийг өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн мөрдөн байцаах газраас, 29-ны өдрөөс эхлэн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм.

М.Марат нь 60 настай эрэгтэй онц хүнд гэмт хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд зүсээ хувиргасан байж болзошгүй тул хилийн хориг тавиад байгаа аж.