Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан Дарь Эх бурхан нь насны гурван бурханы нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй.

Цагаан Дарь Эх бурханы номыг унших үед юуг бодох вэ?

Цагаан Дарь Эх бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлэгдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлэгдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү бурхан өрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй эх болсон хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутагийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.