Нийслэлийн архивын газрын дарга С.Гавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийнхөө төрсөн дүү С.Ганцэцэгийн нэр дээр байгуулсан “Архивын хөгжлийн сан” ТББ-аараа дамжуулан их хэмжээний төсвийн хөрөнгийг зувчуулсан хэмээн АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм. Архивын газрын дарга С.Гаваатай албаны болон ашиг сонирхлын холбоотой байж болзошгүй олон хүн байдгийн нэг нь НИТХ-ын төлөөлөгч НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Мөнхчулуун юм.


Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/369 тоот захирамжаар Нийслэл, дүүргийн архивын газрын ажилтнууд Тайландын вант улсын Үндэсний архив, Бангкок хотын архивын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах тав хоногийн туршлага судлах, харилцан суралцах ажлыг хийсэн байдаг юм.
Гэтэл тухайн үед Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун өөрийнхөө дүүргийн архивын ажилтны томилолтын зардал, билетийн мөнгийг С.Гаваагийн “Архивын хөгжлийн сан” ТББ руу шилжүүлж, тус байгууллагаар билетээ авхуулсан мэт тайлан гаргуулж, хууль зөрчсөн байдаг.
Нийслэлийн засаг даргын захирамж, хоёр улсын хотуудын удирдлагуудын харилцан тохиролцоогоор явагдаж буй уг ажилд зарцуулах ёстой томилолтын зардлыг тухайн ажилд ямар ч оролцоо хамааралгүй төрийн бус байгууллагын данс руу шилжүүлснээ С.Мөнхчулуун тайлбарлаж чаддаггүй байна.
С.Мөнхчулуун дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллах хугацаандаа бичиг хэргийн холбогдох материал, архивын баримтын шүүгээ зэргийг С.Гаваагийн “Архивын хөгжлийн санг”-гаас ямарч тендэр сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авдаг байсныг эх сурвалж хэллээ.
Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн шилэн дансыг шүүж үзэхэд “2015 оны есдүгээр сард СХД-ийн ЗДТГ “Архивын хөгжлийн сан” ТББ-аас 7 000 000 төгрөгөөр архивын шүүгээ худалдан авсан” гэх баримт гарч ирж байна.

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа өөртэй нь нягт хамтарч ажилладаг С.Мөнхчулуунд хариу барьж, С.Мөнхчулууны эгчийнх нь хүүхэд болох Д.Биндэръяаг 2013 онд Нийслэлийн цахим архив төсөлд төслийн ажилтнаар ажилд аваад улмаар 2017 оны зургадугаар сард мэргэжилтнээр ажилд авсан байдаг юм.

Сэжиг бүхий энэ үйлдлүүдээ тайлбарла!!!