Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын бүх шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон. Энэ мэдээллийг нягталбал, 2016 онд хөрөнгө, орлогоо мэдүүлсэн 490 шүүгчийн 92.8 хувь нь арилжааны банкинд зээлтэй байна. Энэ нь шүүгчдийн олонх нь зээлээр үл хөдлөх хөрөнгө, автомашин авсныг харуулж байгаа юм. Зээлтэй байх нь зах зээлийн нийгмийн хэвийн, зөв үзэгдэл гэж эдийн засагчид үздэг.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчдийн цалин нэмэгдэж зээл авч амьдрах нөхцөлөө сайжруулах бодит боломж бүрдсэнийг 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг харуулж байна. Шүүгчдийн цалин арилжааны банкнаас зээл авах шалгуур, нөхцөлийг хангажээ. Зах зээлийн нийгэмд гурван сая төгрөгийн цалингаа хуримтлуулж байгаад байр, машин авна гэж боддог хүн байхгүй. Тийм боломж ч хомс. Шүүгч ч, жирийн ажилтан ч цалингаа барьцаалж зээл авч, түүгээрээ үл хөдлөх хөрөнгө авах, бусдад түрээслүүлэх нь хэвийн үзэгдэл. Зээлээр авсан байраа түрээслүүлж, орлогоо нэмэгдүүлэх нь хууль бус үйлдэл биш. Монголын шүүгчид ийм байдлаар зээлээс, зээлийн хооронд амьдарч байгааг хөрөнгө, орлогынх нь мэдүүлгээс харж болно.

Шүүгчдийг их хэмжээний хадгаламжтай байна хэмээн олон нийтийн сүлжээгээр “ад” үзэж тохиолдол байна. Ардчилсан, чөлөөт эдийн засагтай улсад хадгаламж гайхах зүйл огт биш. Шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад Х.Нямбаатар гишүүний ярьсан шиг сая ам.долларын хадгаламжтай шүүгч алга. Харин тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай шүүгч нэг, зуун сая төгрөгөөс дээш хадгаламжтай 17 шүүгч байна. Мөн 136 шүүгч арван сая төгрөгөөс дээш хадгаламжтай байгааг хөрөнгө, орлогын мэдүүлгээс ил боллоо.
Хуримтлалыг зуршил болгохыг уриалж байгаа энэ үед хадгаламжтай байх нь бусдад ад үзэгдэл гэмт үйлдэл огт биш. Гэр бүлийн гишүүдтэйгээ цалингаасаа хуримтлуулдаг, зээлээр авсан байраа бусдад түрээслүүлж олсон орлогоо хадгалдаг байх нь хэвийн үзэгдэл. Банкинд хадгаламжгүй, хуримтлалгүй хүн Монголд цөөн. Шүүгчдийн 86.9 хувь нь хадгаламжтай байгаа нь мөн л энэ жишиг аж.

Монголд ажил эрхэлж буй хүн бүр хэрэгцээгээ хязгаарлаж хуримтлуулах, зээл авч үл хөдлөх хөрөнгөтэй болохын төлөө байдаг. Тиймээс зээлтэй, хадгаламжтай шүүгчдийг хөрөнгөжсөн гэж үзэх нь өрөөсгөл, хардсан хандлага юм. Харин бодит орлогоос давсан үл хөдлөх хөрөнгө, машин цуглуулсан цөөн шүүгчийг шалгах, хөрөнгийг нягтлах эрх хуулийн байгууллагуудад бий.

Т.Баатарсүрэн