Марал мичдийн анивчаан дундаас
Манхайх саран гэрэлтэй юм даа
Булгилах зүрхэнд хүсэл дуудсан
Булбарай чи минь ганцхан юм даа…
90-ээд оны үед налайхын нүүрсний уурхайд осол гарч тэнд осолдсон залуугийн энгэрийн халааснаас нэгэн шүлэг гарч иржээ. Уг шүлгэнд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ая хийснээр энэ дуу бүтсэн түүхтэй. Уг дууны шүлгийг Ардын уран зохиолч, СГЗ Шагдарын Дулмаа авхайн үг боловч Д. Баасанжаргал гэх залуугийн нэрээр гаргахыг зөвшөөрсөн байна. Тухайн үед Чингис хаан хамтлагийн МУГЖ Г. Жаргалсайхан дуулж олон түмний хүртээл болгосон байдаг.

Харин хорин найман жилийн дараа МУСТА, Зураач, Дуучин Төмөр-Очирын Бат-Очир албан ёсны зөвшөөрөлтэй шинэчлэн дуулжээ. Т. Бат-Очир нь хөгжмийн зохиолч Ц. Чинзоригийн дуунуудыг дуулж өөрийн уран бүтээлийн тоглолтоо саяхан зохион байгуулсан билээ. Сонсогчдын хэдийнээ сонсох дуртай болсон дууг залуу уран бүтээлчид өөрийн хэв маягаар шинэчлэн дуулж амьдруулсаар байгаад талархмаар….

Хүний сэтгэлийн нандин учиг хөндөж, хөнгөхөн гуниг төрүүлэх “Холын одруу харвачихвий дээ” дууг хэн нь илүү амилуулсанг эрхэм та бүхэн тунгаана биз ээ.

Сайн дуу гэдэг сайн дуучинтай учрах болгондоо шинээр мэндэлдэг ажээ….

Хүний хорвоод бие биенээ хайрлаж, харамлаж явах шиг сайхан зүйл үгүй юм даа.