Удахгүй их дээд сургуулиудын хонхны баяр болно. Энэ үед хамтлаг дуучдын нэрийг барьж луйвар хийдэг бүлэглэл байдаг бололтой. Үүний тухай Дижитал хамтлагийн дуучин Эрка өөрийнхөө цахим хуудсанд бичсэн байна. Тодруулбал, “Ахиад л өнөө хавар болгон болдог луйвар… Олон мянган оюутан төгсөхтэй зэрэгцээд хаанаас гараад ирсэн юм гэмээр хэзээ ч харж үзэж байгаагүй нуснууд гарч ирээд хонхны баяр зохион байгуулдаг гээд хамаг л хамтлаг дуучдын нэр бариад гүйчихнэ. Оюутнуудаас мөнгө хуримтлуулж луйвардаад баярын арга хэмжээнд нь авчирна гэж тохирсон хамтлаг дуучдад хэлж яриагүй байж оюутнууд нөгөө хамтлаг дуучнаа нэхэхээр ирж яваа утас нь салчихлаа уг нь ирнэ гэсэн чинь алга болчихлоо гэж аргалсаар байгаад арга хэмжээг дуусгаад ард нь тэднээс хариуцлага нэхэж тооцоо боддоггүй салан байдалд бүр даварцгаасан хэдэн луйварчид байна. Үүнийг өөгшүүлж хамтран луйвар хийж ашиг хүртдэг сургуулиудын оюутны холбооны нөхдүүд ч байдаг ба тэд өөрсдөд нь ашиг өгч үгсэн хуйвалдах нөхдөд төгсөлтийн баярын арга хэмжээг зохион байгуулах эрхийг олгож арыг нь хамгаалж яг жинхэнэ урлаг соёлоор үйлчилдэг студи продакшн интертайментуудыг шахаж хавчдаг. Энэ асуудал өнгөц хархад жижиг юм шиг харагдавч олон мянган оюутнуудаас татаж хуримтлуулж байгаа мөнгөн дүнг тооцож үзвэл овоо хэдэн сая төгрөгөөр тооцогдох хэмжээний зохион байгуулалттай залилангийн гэмт хэрэг.” Гэсэн байна.

Тиймээс хонхны баяраа тэмдэглэж байгаа хамт олон заавал хамтлаг дуучидтай өөрсдөө холбогдож хэн нэгнээр зуучлуулахгүй байхыг анхааруулж байна.