2014 оны 04 дүгээр сарын 27-ноос 2014 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын өрөөнд Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нэгэн дээрээ халуун ус асгаж хэн хэнийгээ гэмтээсэн байдаг. Энэ хэрэг дээр Ц.Алдармаа ял авсан гэж олон нийт боддог ч Д.Оюунтуул ч мөн ял авсан байдаг.

Тэдний хэн нь хэн бэ?
Хэрэг 2014 онд гарсан. Тухайн үед шүүхэд өгсөн биеийн байцаалтаар Д.Оюунтуул нь Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Шинэ үе” продакшнд жүжигчин ажилтай. ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг. Монгол улсын Cоёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дариймаагийн Оюунтуул.

Тухайн үед шүүхэд өгсөн биеийн байцаалтаар Ц.Алдармаа нь Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Шинэ үе” продакшнд жүжигчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, 5 настай хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршин суудаг. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Цогбадрахын Алдармаа.

Тэдний холбогдсон хэргийг эргэн санацгаая

Д.Оюунтуул нь 2014 оны 04 дүгээр сарын 27-ноос 2014 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын өрөөнд Ц.Апдармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ар нурууг нь халуун усаар түлж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Ц.Алдармаа нь 2014 оны 04 дүгээр сарын 28-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын өрөөнд өмнөх өдөр нь халуун усаар нуруу түлсэн гэх шалтгаанаар Д.Оюунтуулыг халуун усаар түлж, онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдож байсан юм.

Тэдэнд ямар ял оноов
Монгол овогт Цогбадрахын Алдармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Ц.Алдармаад 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан байдаг.

Харин Харчин овогт Дариймаагийн Оюунтуулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Оюунтуулд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.