УИХ-ын гишүүн А.Ундраа БНСУ-д ажиллахдаа  МУИС-аас “томилолт” авч зардал гаргуулсан байх юм. Тодруулбал БНСУ-ын дээд боловсролын эрх зүйн орчинг судлах зорилгоор  тус улсын Боловсролын яам, Сөүлийн Үндэсний их сургуулийн захирал удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, тус сургуулийн кампустай танилцах, засаглалын менежментийг судалж МУИС-ийн удирдлагуудад  зөвлөмж хүргүүлэхээр  2018.03.26-.30-ны өдрүүдэд ажиллахын тулд 2 068 500 /хоёр сая жаран найман мянга таван зуун төгрөг/ гаргуулсан байх юм.

Уг нь УИХ-ын гишүүн хүн энэ зэрэг зардлыг өөрөөсөө гаргаад явчихаар чадалтай хүн. Тодруулбал, УИХ-ын гишүүн сард 1.2 сая төгрөгийн цалин авдаг. Дээрээс нь сардаа шатахууны мөнгө гэж  500 000 төгрөг авдаг. Үүн дээрээс гишүүн бүр жилд хууль сурталчилна  гэж 90 гаруй сая төгрөг өгдөг. Тэгэхээр энэ орлогыг нь бодоод үзэхээр, А.Ундраа гишүүний ХОМ-ийг харсан ч оюутны төлбөрөөр үйл ажиллагаагаа жигдэлдэг МУИС-иас  хоёр сая төгрөг гаргуулж зөвлөмж өгөөд байх шаардлагагүй баймаар….

Нөгөө талаас УИХ-ын гишүүн энэ зардлыг өөрөөсөө гаргах ёстой үндэслэл бий. Тухайлбал УИХ-ын гишүүн хөдөө орон нутагт ажиллахдаа Засгийн газрын баазад мөнгөө төлж байж машин  авч явдаг.Хэрвээ Улсын их хурлын тамгын газраас томилолт авч явж байгаа бол УИХ-ын тамгын газраас томилолтын мөнгийг нь, намын шугамаар явж байгаа бол намаас санхүүжилт олгодог бөгөөд  өөр бусад төрлийн арга хэмжээ бол гишүүн өөрөө даах учиртай байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн нэг зөвлөмж хүргүүлэхийн төлөө ийнхүү улсын сургуулиас “татаас” авч байгаа нь сонин…

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс энэ талаар МУИС-ийн хэвлэл хариуцсан мэргэжилтнээс лавлахад би захирлаас тодруулаад эргэж хариу өгье гэсэн юм. Тэрбээр хэсэг хугацааны дараа эргэж холбогдон А.Ундраа гишүүнээс тодруул гэв.

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн “бааварласан” уу эсвэл  томилолттой холбоотойгоор МУИС түүнд “долигоносон” уу гэх мэт олон таамаг байна. Гишүүн болон МУИС энэ талаар тайлбар хийснээр дурдсан болон дурдаагүй олон таамаглалын нэг нь биеллээ олох биз ээ…