Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурханы оронд одлоо.

А.Эрдэнэ-Очир Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөгч бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч байсан юм.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болжээ.

Яруу найргийн

• “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998,

• хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998,

• “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтай.

• Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал,

• 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал.

• МЗЭ-ийн 80 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал

• Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулсан.

Өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

Түүний гэр бүл, номын садан, шавь, хамт олонд нь эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай