Ипотекийн зээлээр байранд орох гэсэн иргэдийн итгэл үнэмшлээр тоглож мөнгө хождог хэсэг бүлэг хүмүүс бий болжээ. Бий болжээ гэдэг нь энэ төрлийн зээл хумигдмал болсонтой шууд холбоотой гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хэн танилтай нь энэ боломжийг хүртэнэ гэсэн ойлголт нийгэмд аль хэдийнэ тархсан байна. Тодорхой жишээ дурдъя.

  • Үл хөдлөх зуучлалын нэгэн компани ипотекийн зээлээр байр авах сонирхолтой хүмүүст зуучлалын үйлчилгээ үзүүлнэ гэж зар түгээдэг. Тэд яг ингэж хэлээд багагүй хэмжээний ашиг олдог аж. Тухайлбал, нэгэн иргэн зарын дагуу тус компанид хандаж улмаар гуравдугаар сарын 1-ний өдөр гэрээ хийж, тэд байрны асуудлыг нь ажлын 28 хоногийн дотор бүтээж өгөхөөр болжээ. Таатай боломжийг сонсоод тухайн иргэн зуучлалын хөлсөнд 3,5 сая төгрөг, мөн урьдчилгаа мөнгөө өгсөн байна. Хамгийн гол нь авахыг хүссэн орон сууц нь 8 хувийн зээлд хамрагдаагүй байсан учраас ийнхүү эднийхээр зуучлуулахаар тохиролцсон аж. Гэвч ажлын 28 хоног байтугай хоёр сар 15 хоног өнгөрсөн ч асуудал шийдэгдсэнгүй. Гэрээний хугацаа ч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дуусчээ. Гэсэн ч итгэл алдралгүй хүлээсээр хэсэг хугацааг өнгөрөөж, эцэст нь мөнгөө буцаан авах болоход дахин гэрээг сунгах хүсэлт тавьсаныг тухайн иргэн хүлээн авч. Сунгалт хийлгэсэн гэрээний хугацаа яг өчигдрөөр дуусгавар болсон тул иргэн дахин мөнгөө нэхэмжилсэн боловч өгөөгүй байна.
  • Яг энэ компанид итгэл хүлээлгэж залилуулаад 6 сарын нүүр үзэж байгаа ч хүн байна. Тэрээр зээл бүтсэн гэж итгээд байрандаа ороод 4 сая төгрөгөөр засвар хийлгэсэн, мөн зуучлалын хөлсөө ч төлсөн байгаа юм. Зарсан этгээд ч байраа зарагдсан гэж бодоод зуучлалын хөлс болох 1 хувь буюу 800 мянган төгрөгийг тухайн компанид өгчээ. Улмаар урьдчилгааны мөнгөөрөө машин авч, түрээсийн байранд орсон байгаа юм. Энэ асуудал 2017 оны арваннэгдүгээр сараас эхтэй аж. Тэр үед анх гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл 8 хувийн зээл нь гаралгүй багагүй хугацааг өнгөрөөжээ. Тэвчээр алдарсан худалдан авагч нөхцөл байдлыг лавлахад түүнд “бүтсэнгүй” гэсэн хариу өгсөн тул хохирлоо барагдуулахаар хандсан боловч хүлээгдсээр өдгөө 6 сарын нүүрийг үзжээ.
  • Мөн урьдчилгаа 15 сая төгрөг өгөөд гэрээ байгуулсан бүсгүй мөн л гэрээгээ цуцлахаар болоход мөнгийг нь буцаан олгохгүй явсаар хагас сар болсон байна.

Өөр хэчнээн хүн энэ мэтээр хохироод явж байгааг тодорхой мэдэх аргагүй юм. Дээр дурдсан компанийн удирдлага гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлагаа хүлээнэ гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч тэрээр өнөөдөр ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явж байна. Тэрээр хариуцлагаа хүлээх нь гол бус. Хамгийн чухал нь итгэл хүлээлгэн байж зуучлалын хөлсөнд өгсөн 4 сая, урьдчилгаа гэх 15 сая гэх мэт төгрөгөөрөө хохирч байгаа иргэд юм. Энэ мэт жишээгээр хохирсон олон иргэд тэнд мөнгөө нэхэмжлээд олж авч чадалгүй, өдөр бүр нааш цааш холхиж, цаг зав, унаа зардлын мөнгөөрөө давхар хохирч байдгийг бас дурдах нь зөв байх.

Энэ бол нэг л жишээ. Энэ мэт хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож, сул мөнгө эргэлдүүлж, луйвар хийдэг хэчнээн компани байгааг таашгүй. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ гэдэг нь тун бүрхэг. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудад хууртсан иргэд тэдэнд өгсөн мөнгөө хадгаламждаа хадгалж байсан бол нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Гэвч тэд итгэсээр, итгэл дээр нь дөрөөлөгсөд мөнгийг нь эргэлдүүлж хөлжсөөр.

Энд бас нэг асуудлыг хөндөхөд, боломжгүйг болгоно гэдэг нөлөө бүхий хүмүүс байна. Тодруулбал, банк зөвхөн гэрээтэй байгууллагадаа орон сууцны 8 хувийн зээл олгодог. Гэтэл зуучлалын гэх тодотголтой компани, хувь хүмүүс гэрээгүй ч байсан хамаагүй зээл гаргаж өгч чадна гэж бардам дуугарч чадааж байна. Тэгэхээр банкинд томоос том нөлөө бүхий хүн арын хаалгаар үйлчлүүлдэг болж таарч байгаа юм. Энэ ч мөн анхаарал татсан асуудал гарцаагүй мөн.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэсэн тодотголтой байгууллагууд ийм үйлчилгээнээсээ 4 саяаас дээш төгрөгийн хөлс, дээр нь нэмж урьдчилгаа мөнгө авдаг гэж байгаа. Ингээд харахаар ипотекийн зээл гэдэг танилтай хүмүүст хөлжих таатай боломжийг олгосон хялбар арга болж.

Аливаа асуудлыг хумих тусам далд хэлбэрээр хөгждөгийн нэг жишээ энэ. Ипотекийн зээл гэдэг өнөөдөр нийгэмд хамгийн эрэлттэй байгаа үйлчилгээний нэг. Гэтэл ямар нэг цензур тогтоож, түүнчлэн банкуудад хөрөнгө оруулалтаа хангалттай гаргахгүй байгаагаас болж энэ мэтчилэн иргэд залилангийн золиос болоход хүрээд байгааг анхаарах цаг хэдийнэ болжээ.