“Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийн хүрээнд “Аригу медиа” ХХК, “Toyota sales Mongolia” компани хамтран “Замын хөдөлгөөний орноор” хэмээх замын хөдөлгөөний сурах бичгийг боловсруулан, хэвлүүлж Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн багш, ажилчид, 1-5-р ангийн 1500 сурагчдад өнөөдөр гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, “Toyota sales Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Курахаши, “Аригу медиа” захирал Л.Ариунбат болон Замын цагдаагийн албаны төлөөллүүд оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2018 оны эхний улиралд 100 гаруй хүүхэд зам тээврийн очлын хохирогч болсон тоо баримт байна. Энэ бол маш их тоо юм. Үүнийг хэрхэн бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхэлж байна. НЗДТГ-аас олон ажлыг санаачлан хийж байна. Нэн тэргүүнд гурван ээлжээр хичээллэж байгаа 20 гаруй сургуулийг ойр орчмын авто замын гэрлэн дохио, гарц, тэмдэг тэмдэглэгээ зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд замын хөдөлгөөний дүрмийн талаар хичээл ордог тусгай цаг байдаггүй. Өнөөдрийн хүн амын төвлөрөл хүүхдэд замын хөдөлгөөний боловсрол, соёл эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна. “Аригу медиа” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэг олгох номыг хэвлүүлэн өнөөдөр анхныхаа буюу нийслэлийн 67 дугаар сургуулийн сурагчдад гардуулж өгч байна. Цаашдаа бид нийслэлийнхээ бүх сургуулиудад хүргэх зорилт тавьж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгохын тулд төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.

“Төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Улаанбаатар хотод хүүхдүүд ихээр авто осолд өртдөг талаар сонсч байсан. Хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм заах ном хэвлүүлэх нь зөв юм байна гэдэг санаа анх гарсан. Энэ удаад ном хэвлүүлээд тарааж байна. Энэ ном хүүхдүүдэд нөлөөлж, ач тусаа өгч чадаж байвал бид цаашдаа юу хийхээ шийдээд явна” хэмээн “Toyota sales Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Курахаши ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.