Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хайннс-Зайделийн сантай хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.   Сургалтын үеэр Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргах, түүнийг захиргааны хэргийн шүүх харгалзан үзэх үндэслэл, нөхцөл, Захиргааны байгууллагаас  сонсох ажиллагаа хийх талаар Герман улсын туршлага, Захиргааны болон иргэний хэргийн талаар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен тойргийн захирагч К.Гёбел хичээл зааж, мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Иргэний хууль ба Газрын тухай хууль дахь өмчийн эрхийн асуудал” Хууль зүйн ухааны магистер, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Баярмаа, “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн практик хэрэглээ, анхаарах асуудал” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, “Захиргааны шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь” Хуульч судлаач Ж.Эрхэмбаатар, “Захиргааны ерөнхий хуулийн шинэлэг зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр Т.Мөнх-Эрдэнэ нар тус тус илтгэл тавьсан. Тус сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 80 орчим эрх зүйн ажилтан хамрагдав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.