Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялж байна. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлж байгаа нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын албаны болон гал унтраах ангийн нийт 90 албан хаагчид нийслэл хотынхоо түүх дурсгалт газар, музейг үзэхээр хотын аялалд гарлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран энэ өдрийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Аялал жуулчлалын газрын дарга Б.Батсүх нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Нийслэл хотын хамгийн ачаалал ихтэй, чухал хариуцлагатай алба хашдаг хүмүүс бол онцгой байдлын албан хаагч та бүхэн билээ. Та бүхэн нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ард иргэдийг гамшиг осол, гал түймрийн аливаа аюулаас үргэлж аварч байдаг онцгой албыг хашдаг. Тиймээс нэг өдөр ч гэсэн алжаалаа тайлж нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газруудаас аялж түүх дурсгалыг мэдэж авах аялалд урьж байна. Хэдий нийслэл хот хүрээлэл багатай ч гэлээ амьдарч байгаа газар, нийслэл хотынхоо түүх дурсгалт газрын түүхийг мэдэх ач холбогдолтой чухал үйл явдал юм.

Улаанбаатар хотын түүх дурсгалыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах үүднээс шинээр нэвтрүүлсэн Ulaanbaatar city tour аяллын автобусаар сайхан аялаарай” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.