Нийслэлийн удирдах ажилтнуулдын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрууд үндэсний их баяр наадам болон өнгөрсөн өдрүүдэд дараалан орсон борооны үеэр хэрхэн ажилласан талаарх мэдээлэл өгөв.

Борооны ус зайлуулах байгууламжийг хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан байжээ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнгөрсөн хоногуудад их хэмжээний борооны улмаас үүссэн үерт хотын гол болон туслах зам, гудамжуудад үүссэн эвдрэлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хотын гол болон туслах гудамж замуудын зорчих хэсэг, нүхэн гарцуудад тогтсон борооны усыг цаг тухайд нь Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ–ын шуурхай бригад зайлуулан, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Намъянжүгийн гудамжны зүүн тал Петровисын шатахуун түгээх станцаас урагш авто замын хашлага усанд идэгдэн хагарч зарим хэсэгт эвдрэл үүссэнээс шалтгаалан гэрэлтүүлгийн шонгууд унах эрсдэл үүссэнийг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ–ын шуурхай бригад ажиллан шороон дүүргэлт хийн засварласан. Мөн Чингүнжавын гудамжны авто замын хашлага тээврийн хэрэгслийн дугуйнд цохигдон нурсныг хэвийн байдалд оруулан, засварласан. Тус авто зам нь 2007 онд ашиглалтанд орсон байгалийн чулуун хашлагатай болно. Шинээр хашлага сольж хийгээгүй.

84-р сургуулийн урд уулзварын авто замд барилгын компанийн барьж буй барилгын суурь луу борооны ус орсныг замын ус зайлуулах байгууламжид холбон зайлуулсан. Үүнээс үүдэн ус зайлуулах байгууламж лаг шавар болон барилгын хогоор дүүрэн бөглөрснөөр замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэнийг “ГУББГ” ОНӨААТҮГ–ын шуурхай бригад ажиллан ус зайлуулах байгууламжийг бөглөсөн лаг шавар болон барилгын хогийг цэвэрлэснээр ус зайлуулах байгууламж хэвийн ажиллаж, зорчих хэсэгт тогтсон борооны усыг зайлуулсан.

Монелийн уулзварын зүүн урд хэсэгт борооны ус зайлуулах байгууламжийг хааж, зөвшөөрөлгүй барилга барьсны улмаас замын зорчих хэсгээр их хэмжээний ус орж ирэн зам, замын байгууламжийг эвдэх нөхцөл байдал үүсгэснийг газар дээр нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Газрын алба, “ГУББГ” ОНӨААТҮГ-тай хамтран холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто замын үерийн усны жалгыг хаан зөвшөөрөлгүй буусан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад НГА-тай хамтран тус газрыг яаралтай чөлөөлөх албан шаардлага хүргүүлэн ажилласан. Шинээр хийгдсэн авто замын төгсгөлөөс Дарь-Эхийн авто зам хүртэлх 500 м эвдэрсэн авто замыг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын шуурхай бригад ажиллан зорчих хэсэгт үүссэн эвдрэлийг засварлан ажилласан.

Хотын гол болон туслах гудамж замуудад үүссэн нүхэн эвдрэлийн тоо хэмжээг нарийвчлан гарган холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх боломжоор ханган ажиллаж байна” хэмээн танилцуулав.

Үндэсний их баяр наадмын үеэр 350 улсын байцаагч хяналт тавин ажиллажээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас долоодугаар сарын 5-18-ны өдрүүдэд нийт 605 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.

Үндэсний их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 350 улсын /ахлах/ байцаагчид, худалдаа, хоол үйлдвэрлэл, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүч, хийн түлш, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр хяналт тавьж ажилласан байна.

Энэ үеэр түүхий өндөг, хаяг шошгын шаардлага хангаагүй кремтэй бүтээгдэхүүн, торт, бялууг буфет үйлчилгээгээр худалдаалж байсан гурван хайрцаг 72 ширхэг өндөг, 18 ширхэг жижиг торт нийт 48.9 мян.төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, гар дээрх ил задгай худалдааны зөрчлийг арилгуулан ажиллажээ.

94 иргэнийг авран, хамгаалсан байна

Нийслэлийн Онцгой байдлын газар долоодугаар сарын 6-20-ны өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 71 удаагийн дуудлагыг хүлээн авсан байна. Мөн гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 49, эрэн хайх, аврах ажиллагааны 32, үер, усны 134 мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос нийт 94 иргэнийг авран хамгаалсан байна.

“Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2 дахин өсч, объектын гал түймрийн дуудлага 24,6 хувиар, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан долоодугаар сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, давхардсан тоогоор 899 албан хаагч, 100 гаруй авто машин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

Баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдсан Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур харваа, Шагайн харваа, Хүй долоон худаг зэрэг газруудын галын аюулгүй байдлыг хангуулан хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, нийслэлийн ард иргэд, гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдийн ая тухтай, тайван наадах нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа.

Долоодугаар сарын 17-22-ны өдрүүдэд нийт 219 удаагийн дуудлага ирснээс 163 дуудлагад заавар, зөвлөмж өгч, 56 дуудлагад холбогдох албан тушаалтнууд, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг  удирдлага зохицуулалтаар хангаж ажилласан.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа, гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага байлаа.

Мөн Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг газруудад зохион байгуулагдсан соёл урлагийн арга хэмжээний үеэр галын аюулгүй байдалд хяналт,  шалгалт явуулж, ёслолын буудлага хийх Сүхбаатарын талбай, Баянхошуу, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Дамбадаржаа, Маахуур толгой зэрэг байршлуудад протехникийн хэрэгсэл ашиглах үеийн аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийг долоодугаар сарын 19-ний өдөр хуралдуулж, нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлууд болон Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийг холбогдох албан тушаалтнуудад дамжуулж хүргүүлсэн” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өгөв.

Сүүлийн 14 хоногт 23884 дуудлага хүлээн авсан байна

Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд сүүлийн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй 1186, архидан согтуурсан 5102, зөрчлийн шинжтэй 15131, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй 2465 нийт 23884 дуудлага хүлээн авсан байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Д.Ядамдорж “Үндэсний их баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн болон Сүхбаатарын талбайд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс төөрөхөөс урьдчилан сэргийлж 1800 бугуйвчийг зүүж, 10 төрлийн 2500 санамж, сэрэмжлүүлгийг тараан ажилласан.

Төөрсөн 62 хүүхдийг олж бүртгэн, эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэл хийсэн.

Долоодугаар сарын 2-16-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1534 чиглэлд 3141 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2080 иргэнийг эрүүлжүүлж,   зөрчил гаргасан 3727  иргэнийг 174 сая 704 мянган төгрөгөөр торгож,  шүүхээр 48 иргэнийг баривчлуулсан.

Баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин албаны бэлэн байдлыг ханган ажилласан.

Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, хүй долоон худаг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай зэрэг газруудад зохион байгуулагдсан баяр наадмын үйл ажиллагаа болон аялал жуулчлалын сайд нарын 3 дугаар хуралдаан, “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн, төрийн өндөр дээд зочин төлөөлөгчийн айлчлалын нийслэлийн цагдаагийн хүрээний 4000 гаруй цагдаагийн алба хаагчид, 165 олон нийтийн цагдаа, 80 оюутан цагдаа, 215 сонсогч эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэв.

Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, нөхцөл байдлыг хяналтад авах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 60, Хүй долоо худагт 6 ширхэг хяналтын камер байрлуулж, сэжиг бүхий 54 этгээдийг саатуулан шалгаж, үйл хөдлөлд нь хяналт тавьж ажилласнаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн халаасны хулгайн хэрэг өнгөрсөн мөн үеэс 50 хувь буурч, Хүй долоон худагт халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.

Гадаад орны жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 40 чиглэлд 80 оюутан цагдаа явган эргүүлд ажилласан” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.