АСУУДАЛ: Хаана ч явсан харц минь түүнийг л хайна. Хааяа жинхэнээсээ ч харагдах шиг

Сайн байна уу? Би 18 настай. Жилийн өмнө би нэг охинтой чатаар танилцсан юм. Бид хоёр бага багаар дотносож хоёр сарын дотор нилээн дотно болсон. Гэхдээ уулзъя гэж хэлэх бүрт тэр дараа жилийн зун уулзъя гэж маш их хугацаагаар хойшлуулах болсон. Тэгээд би гуйсаар байгаад шинэ жилээр уулзах болсон юм. Тэгээд шинэ жил дөхөх үед тэр уулзахгүй гэж хэлсэн. Бүр утсаар ч ярихгүй байсан. Тийм болохоор би надтай харьцах дургүй юм байна гэж бодоод өөрөө орхиж явахаар шийдсэн. Тэгээд долоо хоногийн дараа тэр чат бичсэн. Яагаад чат бичихгүй байгаа юм гэж асуусан байсан. Хариуд нь би “Бид хоёр харилцаагаа дуусгасан нь дээр байх” гээд албан ёсоор цэглэсэн юм. Тэгээд түүнийг мартана гэдэг үнэхээр хэцүү байсан л даа.

Сарын дараа би түүн рүү буцаад чат бичсэн. Тэр намайг хүлээж авах болов уу гэж айж байсан ч гэсэн тэр эерэгээр хүлээж авсан. Бид буцаад харилцаж эхэллээ. Энэ үед би тэрэнд хайртай гэдгээ бага багаар ойлгуулахыг хичээж байсан. Тэгээд хэлэхгүйгээр мартын 8-наар сургууль дээр нь очсон. Тэгээд нилээн гуйж байж уулзсан. Уулзах үед үнэхээр сайхан байсан. Даанч удалгүй тэр явчихсан.

Тэгээд хэд хоногийн дараа тэр чатлахаа болъё гэж надад хэлээд харилцаагаа бид тасалсан. Цэргийн баяраар надад мэнд хүргэсэн л дээ. Надад мэнд хүргэхгүй байж чадаагүй гэсэн. Тэгээд сарын дараа нэг шөнө тэр над руу чат бичсэн. Хэлэх юм байна гээд. Тэр надад сайн болчихсон гэсэн. Тэгээд бид тэр өдрөөс хойш илүү дотно болж, бие биедээ сэтгэлээ илэрхийлсэн.

Удалгүй үерхэж эхэллээ. Даанч хоёрдох удаагаа биечлэн уулзаагүй хэвээр л. Тэр уулзъя гэх болгонд хойшлуулдаг. Тэгээд үерхээд хорь л хонож байхад гэнэт ааш нь өөрчлөгдсөн. Түүнийг салъя гэж хэлэхэд би уучлалт гуйж, аргадаж, ярилцахыг хүртэл хүсэхэд юу ч ярихыг хүсээгүй. Үнэхээр ууртай болчихсон. Надад ямар ч боломж өгөлгүй шууд салаад явчихсан. Бид хоёр тавдугаар сард салсан.

Гэхдээ тэр ямархуу охин байсныг би одоо энд дурдъя. Тэр яг миний хайж явдаг охин байсан. Танилцсан анхны өдрөөс эхлээд л… Би түүнд үнэхээр хайртай. Маш онцгой хүн. Харин өмнө нь ч бас би түүнийг надад хайртай гэдгийг зөн совингоороо мэдэрдэг байсан. Харин салж байх үед би тэрнийг огт мэдрээгүй. Тэр маш хүйтэн хөндий байсан. Аймшигтай. Гэхдээ тэр өмнө нь хайртай хүнээсээ салж их шархалсан гэж би сонсож байсан. Тэгээд хүнтэй үерхэх бодолгүй байдаг гэсэн.

Түүнийг мартахыг хичээж найз нөхөдтэйгөө ихэнх цагаа өнгөрөөж байлаа. Үр дүн тийм их биш ч нөлөөлж байлаа. Зургадугаар сард тэр над руу гэнэт яриад уулзъя гэсэн. Харин би их гомдож байсан тул завгүй ээ гэж хэлээд тасласан. Тэр өдрөөс хойш мартахыг оролдож байсан оролдлого дахиад л үр дүнгүй болсон. Дахиад л бодох болсон. Эцэст нь түүн рүү залгалаа. Яагаад уулзах гэснийг асуухад. Намайг гомдоосон болохоор уучлалт гуйж ярилцах гэж ярьсан гэсэн. Гэхдээ одоо дахиж бие бие рүүгээ залгалгүй, мартацгаая гэсэн. Тэгээд л утас тасарсан.

Төдөлгүй түүний төрсөн өдөр боллоо. Би түүнд мэнд хүргэх гэсэн ч чадаагүй ээ. Намайг хүлээгээгүй байвал яанаа гэж бодсон. Харин шөнө 2 цагт надруу найзын хүсэлт явуулсан байсныг би өглөө нь мэдсэн. Тэгээд аваагүй ээ. Хэдэн хоногийн дараа тэр намайг блоклосон байсан. Би ингээд л дууслаа гэж бодсон. Даанч түүнийг яагаад ч мартаж чадаагүй. Үргэлж бодогдоно. Хаана ч явсан харц минь түүнийг л хайна. Хааяа жинхэнээсээ ч харагдах шиг.

Намар болж, эцэст нь би тэвчиж чадахаа болив. Тэгээд шинэ хаяг нээж түүн рүү “уучлаарай” гэж чат илгээв. Хариуд нь тэр “юунд?” гэсэн. Би “төрсөн өдрөөр чинь мэнд хүргээгүйд” гэхэд тэр “Чамайг хүлээсээн гэхдээ одоо зүгээрээ” гэсэн. Би түүнд буцаад эвлэрэх санал тавихад тэр зөвшөөрч, бид хоёр одоо буцаад харьцдаг болсон. Дараа асуухад тэр төрсөн өдрөөрөө надаас чат ирэхийг өдөржин хүлээгээд шөнө нь бүр хоёр цаг хүртэл хүлээгээд унтсан гэсэн. Би тэрийг сонсоод маш их харамссан. Бас тэр надаас уучлалт гуйж намайг өөр шиг нь шархалж сэтгэл хөрж, хүн хайрлаж чадахаа больсон байх вий гэж санаа зовж байна гэсэн. Гэхдээ бид хоёр одоо буцаад үерхээгүй л дээ. Бидний харилцаа одоогоор хөндий хэвээр л байгаа. Тэр над руу их удаж байж богинохон зурвас л бичиж байгаа.

Гол зөвлөгөө авах асуудал нь тэр надад хайртай болов уу, эсвэл зүгээр л намайг өрөвддөг юм болов уу. Эсвэл дассан болохоор л ийм байна уу? Би сайн ойлгохоо байлаа. Бас би түүнд хайртай. Тэр надтай учирсан хамгийн онцгой эмэгтэй. Би түүнтэй гэрлэмээр байна. Би яаж харилцаагаа буцаан сэргээж, яаж буцаад үерхэх вэ? Надад туслаач. Магадгүй би түүнийг буцаад надтай дотно болох хүртэл халамжлаад л, анхаарал тавиад л байх уу? Гэхдээ тэгъе гэхээр чатаар түүнийг инээмсэглүүлнэ гэдэг хэтэрхий хэцүү байх юм шиг байна.

Бидний харилцаа дэндүү ээдрээтэй болчихсон. Уулзах талаар бол яриад ч дэмий байх. Гэхдээ нэг зүйл нь тэр чат удаж байж нэг бичин хааяа сийндэж л байгаа болохоос хариу нь надад дургүйлхэж, эсвэл үзэн ядсан өнгө аястай лав байхгүй байгаа.

Хэтэрхий урт юм биччихлээ уучлаарай. Надад зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Надад шийдвэр гаргахад эргэлзээтэй бас хэцүү санагдаж байгаа болохоор зөвлөгөө маш хэрэгтэй байна. Баярлалаа!

ЗӨВЛӨГӨӨ: Илүү үнэн хариултыг чи түүнээс л сонсож байж мэднэ

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Өөрт тулгарч буй асуудлаа бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Яг одоо чамд их ээдрээтэй, үл ойлгогдох нөхцөл байдал үүсээд байгааг ойлголоо. Чи үргэлжлүүлж анхаарал тавиад халамжлаад байвал та хоёр дотносоно ч юмуу, эсвэл одоо шууд орхих хэрэгтэй гэж хэлэхэд хэцүү байна. Яагаад гэвэл тэр охин ч өөрөө яг яагаад, юу хүсээд байгаагаа ойлгохгүй байгаа бололтой. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь тэр чамтай чатлах үедээ нүүр нүүрээ харж уулзахаас илүү дуртай байдаг юм байна. Магадгүй түүнд чатлах нь илүү тухтай байдаг байх. Магадгүй түүнд зөвхөн чатны найз хэрэгтэй байсан байх. Гэвч энэ бол зөвхөн миний таамаглал юм шүү. Илүү үнэн хариултыг чи түүнээс л сонсож байж мэднэ. Чамд одоо үүсээд байгаа нөхцөл байдал ойлгомжгүй байгааг хэлээд, асуумаар байгаа зүйлээ шулуухан асуувал чамд ч шийдвэрээ гаргахад илүү дөхөм байх болов уу.

Та хоёр ийм ойлгомжгүй харилцаатай хэтэрхий удаан явсан байна шүү дээ. Одоо чи бүр үүнээс болж стрессдэж байна. Энэ нь эрүүл харилцаа биш юм. Бас үүнээс хойш чамтай учрах, түүнээс илүү онцгой охид байхыг үгүйсгэхгүй. Чиний нас залуу байна шүү дээ. Тиймээс өөртөө итгэлтэй, өөртөө дуртай байгаарай. Амжилт хүсье!