НИТХ-ын нэр бүхий зургаан төлөөлөгч хурлын дарга С.Амарсайханд нэгэн шаардлага хүргүүлжээ. Төлөөлөгчдийн шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь гэвэл С.Амарсайхан өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ХХI хуралдааны үеэр дараах ноцтой зүйлсийг ярьсан юм. Тэрбээр “НИХТ-ын төлөөгчид асуудлаа шийдэж чадахгүй гэж байгаа бол албан тушаал, суудлаа өгөөд явцгаа. Зарим нэг ажил хариуцсан төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өвөөсөө хөөцөлдлөгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг зарлана” хэмээн мэдэгдсэн юм.

Түүний хийсэн энэхүү мэдэгдэл нь НИТХ-ын төлөөлөгчдийн нэр хүндэд ноцтойгоор халдаад зогсохгүй иргэд сонгогчдын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төрдөө итгэх итгэлийг нь хөсөрдүүлж буй учраас НИТХ-ын төлөөлөгчдийн хэн нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд яаралтай ил тод зарлахгүй бол нийгэм тэр чигээрээ худал мэдээлэлд автаж НИТХ-ын нэр хүнд навс унах нь ойлгомжтой.

Тиймээс л нийгэмд эмх замбараагүй худал мэдээлэл гарахаас болгоомжилж НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгальмаа, Ж.Батсайхан, П.Баярхүү, Б.Мөнхбат,Ц.Сандаг-Очир, Т.Цэрэнноров нарын зургаан хүн С.Амарсайханд дараах шаардлагыг хүргүүлж шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан албан бичгээр ирүүлэхийг хүсчээ. Хэрвээ үнэхээр НИТХ-ын 20 гаруй төлөөлөгч авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон нь үнэн бол НИТХ өөрөө ямар ч чадамжгүй болж өөрсдөө сайн дураараа огцорч дараагийн хүмүүстээ боломжийг нь олгох ёстой. Хэрвээ НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргын асуудлаар өөрт нь санал өгөөгүй төлөөлөгчдөдөө өс санаж ийнхүү худал мэдэгдэл хийсэн бол энэ өөрөө гэмт хэрэг. Тиймээс олон нийтийг талцуулсан энэхүү мэдэгдэл хэр үнэний ортой байсан тухайг С.Амарсайхан яаралтайтбаримттайгаар ямар, ямар төлөөлөгч авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухайг зарлах цаг нь болжээ. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал ч энэ асуудал үнэхээр үнэн бол олон нийтэд төлөөлөгчдийн нэрсийг ч ил болгох хэрэгтэй гэж хэлэх байна.