Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авлаа.

БНХАУ-ын Шэнжэн хотноо болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекорд амжилтыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. Тодруулбал, Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тоог алдаагүй санаж хэлсэн бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилтуудыг тогтоож чадсан юм.

МОУА-ийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож, гадаад хэл сурахыг жинхэнэ утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархан бичжээ.