“Боловсрол” телевизийн хамт олны бэлтгэн хүргэж буй “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн найм дахь дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо. Өвөр Монголын Рашаан хэмээх газарт тэдний аялал үргэлжилсэн. Найм дахь дугаарт шилдгийн төлөө есөн оролцогч өрсөлдөж байна.

Энэ дугаарын сорил “Spy model” буюу “Тагнуулч” нэрийн дор өрнөсөн. Оролцогчид модон дунд хэрсэн улаан утсанд хүрэхгүйгээр нэг захаас нөгөө зах руу маш бүтээлчээр уран яруугаар хүрэх ёстой юм. Тэднийг чиглүүлж шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд зураг авалтын ментороор ажиллалаа.

Дансаранова Алина сорилын ялагч болон Испанийн алдарт брэндийн гутлын эзэн болжээ. Мөн тэрээр гурван найздаа энэхүү брэндээс гутал сонгон бэлэглэх эрхийг давхар эдлэх юм.

Сорилын даалгаврын дараа оролцогч охид байгалийн үзэсгэлэнт газарт рашаанд тухлав.

“Оройн мэнд охид оо, саад бэрхшээлийг шантрахгүйгээр давсан хүн л амжилтад хүрдэг юм. Айдастайгаа нүүр тулж сур” хэмээх үгтэй Нора мейл ирэн охид дор бүрнээ л үндсэн зураг авалтын даалгаврын талаарх таамаг дэвшүүлж байлаа.

Харин үндсэн даалгаварт тэдний хамтрагчаар идэр насны чоно байна гэж хэн ч төсөөлөөгүй юм. Үндсэн зураг авалтын чиглүүлэгчээр шүүгч, топ модель Э.Одгэрэл ажилласан.

Үндсэн зураг авалтын шилдэг зургийн эзнээр Э.Одонтунгалаг шалгарсан бол Өвөр Монголоос оролцож байгаа А.Оюунсувд шоуг орхилоо.