Залуу.ком сайтаар 2018 оны 12 сарын 18 ны өдөр гарсан «Эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж байна” гэсэн мэдээлэлд Эрүүл мэндийн яамны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж байна.

ЭМЯ 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна. Уг гарсан мэдээлэл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төсөлтэй холбоотойгоор бичигдсэн байна. Уг “Цахим эрүүл мэнд” төсөл нь Техник хангамж болон Програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэтийн ажил одоо үргэлжлээд, дуусах шатандаа явж байна.

Монгол улсын засгийн газар хүн амын эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэндийн нууц, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын асуудлыг онцгой анхаарч, эрүүл мэндийн яамны бүтцэд Цахим эрүүл мэндийн хэлтсийг 2018 оноос бий болгон ажилласан. Эрүүл мэндийн яам хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих цахим системүүдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцллыг сайжруулах хүрээнд холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон, цаашид хэрэгжих системүүдийг үе шаттайгаар нэгдсэн системд холбох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг энэ онд эхлүүлээд байна. Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй болно.

Эрүүл мэндийн яам нь Залуу.ком сайтыг Эрүүл мэндийн салбарын нэр хүндэд халдсан, хоёр улс болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд сэв суулгаж болохуйц иргэдийг төөрөгдүүлсэн, нотлоогдоогүй, албан бус, сөрөг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн уг үйлдэлд зөрчлийн тухай хууль болон шаардлагатай тохиолдолд бусад хууль тогтоомжид нийцүүлж хууль хяналтын байгууллагад албан ёсоор гомдол гаргана.