Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан Гүтгэх, доромжлох тухай заалттай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн мэргэжлийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар салбарынхан удаа дараа ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Мөн олон хуульч, судлаач нар энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг албан тушаалтны үзэмжээр хязгаарлах нөхцөл байдалд үүсгэж буй Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн зөвлөж байна.

2018 оны эхний арван сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх зөрчлөөр  374 зөрчил бүртгэж, 57 хүн, хоёр  хуулийн этгээдийг 118 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Хуульч Д.Оросоогийн хэлж буйгаар Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш 100 орчим сэтгүүлч шийтгүүлжээ.

Тиймээс Зөрчлийн хуулийн тодорхой зүйл заалт дээр өөрчлөлт оруулахаар хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэн санал зөвлөмж боловсруулаад байна. Энэхүү зөвлөмжид Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Сонины холбоо, Хэвлэлийн эрх чөлөө ТББ, Сайтын холбоо, Гэрэл зурагчдын холбоо зэрэг салбарын олон байгууллага санал нэгдсэн байна.

Тэд нөгөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнд цуглаж хуульд өөрчлөлт оруулах санал зөвлөмжөө тайлбарлан баталгаажуулж гарын үсэг зурах юм. Энэхүү Санал зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх аж.