Хөл бөмбөгийн ДАШТ-ий “D” хэсгийн сүүлийн тоглолт Санкт-Петербург хотноо явагдлаа. Аргентин болон Нигерийн шигшээ багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны эцэст Аргентиний ялалтаар өндөрлөлөө.

Аргентиний дасгалжуулагч Х.Сампаоли өнөөдөр гараандаа өөрчлөлт хийсэн тун зөв шийдвэр байлаа. Тэрбээр Э.Банегаг гараанд гаргасан нь нүдээ олж, олон чухал дамжуулалтыг тэрбээр хийж байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог Банегагийн дамжуулалтаар Э.Перес хийн Нигерийн хаалга руу цохисон. Мөнөөх Банегагийн дамжуулалт 14 дэх минутад Месси рүү чиглэн, Месси энэ ДАШТийхээ анхны гоолыг Нигерийн хаалганд хийлээ.

27 дахь минутад Л.Месси Г.Игуайнд гайхалтай дамжуулалт өгсөн боловч Нигерийн хаалгач аюулыг зайлуулав. Аргентиний довтолгоо үргэлжилсээр 32 дахь минутад Банегагийн дамжуулалтыг Анхель ди Мария аван ганцаар гарав. Нигерийн хамгаалагчид түүнийг унагааснаар Аргентинчууд хаалттай цохилт хийх эрхтэй болов. Месси солгой хөлөөрөө хүчтэй цохилт хийсэн боловч хаалгачийн гарын үзүүрт хүрч, шон онолоо.

Тоглолтын эхний хагас ийнхүү өндөрлөж хоёрдугаар хагас эхлэв. 50 дахь минутад булангийн цохилт хийх үед Х.Машерано эсрэг багийн тоглогчийг унагаан торгуулийн цохилт хийхээр боллоо. Цохилтыг В.Мозес амжилттай болгон тооны харьцааг тэнцүүлэв. Аргентинаас хоёрдугаар хагаст Г.Игуайн аюултай цохилт хийснээс өөр онц аюултай цохилт харагдсангүй. Мөн С.АгуероПавонМеса нарыг оруулсан ч амжилт олохгүй байлаа. Аргентиний Рохо бөмбөгөнд гар хүрсэн нь маргаан дэгдээж шүүгч бичлэг ухрааснаар торгуулийн цохилт заасангүй.

Меркадогийн хөндлөн дамжуулалтаар Рохо 86 дахь минутад гуядаж өшиглөн гоол оруулснаар Аргентинчууд хожил авах нь тодорхой болсон. Үлдсэн цагт Нигеричүүд довтолсон ч ажилтанд хүрсэнгүй. Ингэснээр Аргентинчууд хэсгээсээ хоёроор шалгарч Францын багтай тоглохоор болжээ