“Рио 2016” паралимпоос хүрэл медаль авчирч ард түмнээ баярлуулж байсан МУГТ Энхбаярын Содномпилжээгийн хувьд энэ жил амжилт ололт дүүрэн жил болж өндөрлөлөө.

1. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр 107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлсэн бол Киргызстаны З.Оросбаев 200 кг-аар мөнгө, эзэн орны тамирчин Абдалла Алнаби 185 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд нийт 9 орны тамирчид өрсөлдсөн байна.

2. Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ
Насанд хүрэгчдийн 105 кг-ын жинд Э.Содномпилжээ 237.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов. Тэрбээр тус амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд дараагийн захиалгаа 242.5 кг болгон даалгавараа амжилттай гүйцэтгэснээр дэлхийн рекордыг нэг дор хоёронтоо шинэчилсэн байна.

3. Япон улсын Китакюүшюү хот Парапауэрлифтингийн Азийн АШТ
Уг тэмцээнээс МУГТ, Э.Содномпилжээ 107 кз-ын жинд өрсөлдөн Алтан медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийг авахдаа дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиулсан байна.

4. Индонез улс Жакарта хот Пара Азийн наадам
Парапауэрлифтинг -107 кг-ын жинд 244 кг өргөн Азийн дээд амжилтыг 5 кг-аар, Азийн наадмын пара пауэрлифтингийн амжилтыг 11.5 кг-аар ахиулж, дэлхийн рекордыг нэг кг-аар нэмжээ. Пара пауэрлифтингийн дэлхийн рекорд 5 жил эвдэгдээгүй байсан билээ.

2017 оны АМЖИЛТУУД

Тэрбээр гуравдугаар сарын 2-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртсэн юм. Ингэснээр МУГТ Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн түүхэнд Дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирсэн тамирчин болсон юм. Мөн 97 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн юм.

Тавдугаар сарын 4: Унгар улсын Эгер хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цомын тэмцээнд гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөн гайхалтай амжилт үзүүлж аваргын алтан медалийн эзэн болж Алтан соёмбот далбаагаа Унгарын тэнгэрт мандуулав. Энэ удаагийн тэмцээнд тэрбээр дасгалжуулагчгүй оролцон түрүүлж, дэлхийн цомын хошой аварга боллоо.

Арванхоёрдугаар сарын 2: Дэлхийн цомын хошой аварга МУГТ Э.Содномпилжээ Мексик улсад болж буй Пауэрлифтингийн 2017 оны Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль зүүлээ.

Мексикийн нийслэл Мехико хотод Пара Пауэрлифтингийн болон Усанд сэлэлтийн ДАШТ зохиогдсон бөгөөд Монголын пауэрлифтингийн түүхэнд Олимпийн болон Дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирсэн Содномпилжээ мөн л ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн тамирчин болж Мексикийн тэнгэрт Эх орныхоо Алтан соёмбот далбаагаа мандуулсан юм.

Бэлтгэсэн:  Ч.Амартүвшин