2016 оны 05-р сарын 18-ны өдөр “Гранд мед” эмнэлэгт мэс засал хийлгэхээр ирсэн эмэгтэй мэс заслын өмнөх норкозонд ороод амиа алджээ. Талийгаач бүсгүй О 27 настай бөгөөд Швед улсаас эх орондоо ирээд удаагүй байсан .Тэрээр хөл нь өвдөж тус эмнэлгийг зорьсон. Эмнэлгийн зүгээс нурууны суулт гэсэн онош тавьж, 92 хувийн баталгаа өгсөн. Гэвч бүсгүй хагалгаандаа ч орж амжилгүй амьсгал хураасан юм. Энэ хэргийг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмч Б.Эрдэнэзулийг бүсгүйн үхэлд буруутай гэж үзлээ.

27 настай О бүсгүйн нуруугаар хатгаж, хөл нь өвдөөд байсантул Монголын сайн эмнэлгүүдийн нэг гэж итгэж  “Гранд мед” эмнэлэгт хандсан байна. Эмнэлгийн зүгээс бүсгүйг нурууны диск өвчтэй байна гэж оношлоод хагалгаа хийхээр болсон.

Мэс заслын өмнөх норкозонд буюу мэдээ алдуулах эм тариаг хийгээд удаагүй байхад бүсгүй зүрх нь зогссон. Тухайн үед талийгаачийн ар гэрийнхэн ямар эм, тариа хэрэглэснийг шаардахад “Гранд Мед” эмнэлгийнхэн үзүүлээгүй аж.

“Гранд мед” эмнэлгийн хувьд мэдээ алдуулахаасаа өмнө тухайн эм тарианаас өвчтөн харшилж байгаа эсэхийг сорил тавьж шалгах ёстой байсан аж. Гэвч сорил тавиагүйн улмаас О бүсгүйд харшлах эм тариаг мэдэлгүйгээр мэдээ алдуулсан байна. Мэдээ алдуулагч бүсгүйд харшилсан нь хүндэрч нас барсан болох нь хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтоогджээ.

Бид болсон хэрэг явдлын талаар бид “Гранд Мед” эмнэлгийн төлөөллөөс тодруулахад асуудлуудаа байгааг тоочиж,  албан ёсны хариу өгөөгүй юм.

О бүсгүйн нас барсан хэрэгт цагдаагаас мөрдөн байцаалт явуулж, прокуророос “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Эрдэнэзулд Эрүүгийн хуулийн106.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Б.Эрдэнэзул нь

2005 ЭМШУИС Хүний их эмч
2005 УКТЭ Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч
2009 ЭНЭШТ Хүүхдийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.
Эрүүгийн хуулийн 106.2-д “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Эрдэнэзулыг Эрүүгийн хуулийн 106.2-д зааснаар гэм буруутай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэзул эмч нь өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх гэсэн зүйл ангиар ял сонссон бөгөөд ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэзулыг гэм буруутай гэж үзэн эмчээр ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноосон. Улмаар хоёр жилийн хорих ялыг тэнсэн харгалзсан юм.

Шүүх хуралд оролцогч талууд давж заалдах эрхтэй. Хэрвээ талууд давж заалдах шатны шүүхэд хандах юм бол дээрх шүүхийн шийдвэр түр хугацаанд хүчингүй болно. Харин талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол дээрх шүүхийн шийдвэр эцсийнх байх юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.